Дэд хороонд Ч.Сангарагчаа томдсон асуудал болов

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Дэд хороонд Ч.Сангарагчаа томдсон асуудал болов

Улсын ерөнхий прокуророос УИХ-д Авлигатай тэмцэх газрын дар­га Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сун­дуйсүрэн нарын албан тушаа­лыг түдгэлзүүлэх санал тавиад гурван сарын нүүр үзэх гэж байна. Төсвийн мөнгийг зориулалтын бу­саар ашигласан хэрэгт шалгаж эхэл­снээр анх албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал тавьсан. Гэ­тэл УИХ дээрх асуудлыг хуульд заа­сан 14 хоногийн хугацаанд баг­тааж шийдэх нь бүү хэл зунжин “судалж байна” гэсэн нэрийдлээр хойш тавилаа. Эрхэм гишүүд суд­лангаа амарч байх зуурт Ч.Сан­гарагчаа УИХ-ын нэр бүхий ги­шүүд, байгууллагынхаа албан тушаалт­нуудыг чагнаж тагнасан гэх дуулиан дэгдээсэн. Ч.Сангарагчаа даргын ту­шаа­лаар албатууд нь хоёр ч хэлт­сийн даргаа далдуур чагнаж байсан нь үйлдэл дээрээ баригдсан. Түү­нээс болж АТГ-ын Гүйцэтгэх ал­баны дарга “Ганц худаг”-т сэжигт­нээр хоригдов. Энэ үйлдэл нь Ч.Сан­гарагчаа даргад холбогдох мөн­гө санхүүтэй холбоотой хэрэг дээр нь Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх зүйл ангийг нэм­чихсэн билээ. Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага,АТГ зэрэг зургаан байгууллага чагнах төхөөрөмжөөр бус­дыг чагнах эрхтэй. Таг­нахдаа про­куророос заавал зөвшөөрөл авах учиртайг хуульчилсан бай­даг. Гэтэл Ч.Сангарагчаа дарга про­куро­рын зөвшөөрөлгүй, дур мэдэн ажилтнуудаа тагнасан талаар Улсын ерөнхий прокуророос мэдэгдсэн.

Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангиар шалгуулж байгаа Ч.Санга­рагчаа даргын албан тушаалыг хэрхэхийг УИХ шийдэж чадахгүй хойшлуулсаар байна. УИХ-ын хав­рын чуулган завсарлахаас өм­нө Хууль зүйн байнгын хороо шийд­вэрээ гаргах боломж байсан ч Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлээд өнгөрөөсөн. Гэхдээ Ч.Сангарагчаа даргын “Эсэргүүцэл үзүүлэлгүй шал­гуулна” гэсэн ам өчгийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хаалт­тай хуралдаан дээрээ авч хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан гэдэг. Гэтэл АТГ-ын дарга хэлсэн үгээсээ буцаж “Даргын сэтэртэй байхдаа байцаалт өгөхгүй” гэж гүрийн, нотлох барим­туудыг устгах зэргээр УИХ болоод хуулийнхныг басамжилсан. Тиймээс Улсын ерөнхий прокурор сэжигтэн Ч.Сангарагчаагийн албан тушаалыг түдгэлзүүлэх хүсэлтийг гурав да­хиа УИХ-ын даргад хүргүүлснээ мэ­дээлсэн. Д.Дэмбэрэл дарга АТГ-ын удирдлагуудын асуудлыг сайтар судлахыг Тусгай хяналтын дэд хо­роонд өгөөд амралтаа авсан аж. Тусгай хяналтын дэд хорооны дарга Э.Мөнх-Очир гадаадад байгаа гэх шалтгаанаар УИХ-ын даргын даал­гаврыг биелүүлээгүй. УИХ-ын дарга ажилдаа орсон өдөр Тусгай хяналтын дэд хорооны гишүүд ху­ралдсан дүр эсгэлээ. Тодруулбал, Э.Мөнх-Очир, Х.Наранхүү нар уржигдар  Р.Амаржаргал гишүүний өрөөнд сэм хуралдав. Тэд зун­жин хийсэн судалгаагаа ярилцах зуур Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын та­лаарх асуудлыг хөндсөн ч ямар дүгнэлт гаргаагүй аж. Тус­гай хяналтын дэд хороонд Ч.Сан­га­раг­чаа томдсон асуудал болсон бололтой. Хаалттай хурлын дараа Э.Мөнх-Очир гишүүн сэтгүүлчдийн асуултад “Манай дэд хороонд Хууль зүйн байнгын хорооноос гадна иргэдээс хандаж тавьсан санал, хүсэлт цөөнгүй бий. Энэ бүхнийг хэлэлцэх явцдаа Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн бичигтэй танилцаж таарна” гэлээ. Тэгэхээр Тусгай хяналтын дэд хороо асуудлыг судлах нь бүү хэл Хууль зүйн байнгын хорооны бичгийг хараагүй болж таарах нь. Бас УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Ерөнхий прокурорын саналаар ээлжит бус чуулган хуралдуулахгүй. Дэд хороо дүгнэлтээ гаргачихвал гишүүдэд танилцах бололцоо олгох хэрэгтэй. Дараа нь Хууль зүйн байнгын хо­роо хуралдана. Ямар цаас харж байгаад хуралдчих биш дээ” гэжээ. Ингэж Авлигатай тэмцэх газрын дар­гын суудал төдийхөн асуудлыг судлахаас дөлж байгаа нь УИХ-ын эр­хэм гишүүдийн арчаагүйнх үү. Эс­вэл тэдэнд Ч.Сангарагчаагаас айх шалтгаан байна уу. Ямартай ч УИХ-ын намрын чуулганаас өмнө Ч.Сангарагчаа нарын асуудал УИХ, байнгын хороо, дэд хороодод томдсон “асуудал” хэвээр байх нь тодорхой боллоо. Тэр хугацаанд АТГ-ын эрхэм дарга нар яаж ч аяглах эрхтэй гэсэн үг. Тэ­дэнд юу ч яаж ч эргүүлэх цаг хугацаа байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж