
Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангиар шалгуулж байгаа Ч.Сангарагчаа даргын албан тушаалыг хэрхэхийг УИХ шийдэж чадахгүй хойшлуулсаар байна. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргах боломж байсан ч Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлээд өнгөрөөсөн. Гэхдээ Ч.Сангарагчаа даргын “Эсэргүүцэл үзүүлэлгүй шалгуулна” гэсэн ам өчгийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хаалттай хуралдаан дээрээ авч хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан гэдэг. Гэтэл АТГ-ын дарга хэлсэн үгээсээ буцаж “Даргын сэтэртэй байхдаа байцаалт өгөхгүй” гэж гүрийн, нотлох баримтуудыг устгах зэргээр УИХ болоод хуулийнхныг басамжилсан. Тиймээс Улсын ерөнхий прокурор сэжигтэн Ч.Сангарагчаагийн албан тушаалыг түдгэлзүүлэх хүсэлтийг гурав дахиа УИХ-ын даргад хүргүүлснээ мэдээлсэн. Д.Дэмбэрэл дарга АТГ-ын удирдлагуудын асуудлыг сайтар судлахыг Тусгай хяналтын дэд хороонд өгөөд амралтаа авсан аж. Тусгай хяналтын дэд хорооны дарга Э.Мөнх-Очир гадаадад байгаа гэх шалтгаанаар УИХ-ын даргын даалгаврыг биелүүлээгүй. УИХ-ын дарга ажилдаа орсон өдөр Тусгай хяналтын дэд хорооны гишүүд хуралдсан дүр эсгэлээ. Тодруулбал, Э.Мөнх-Очир, Х.Наранхүү нар уржигдар Р.Амаржаргал гишүүний өрөөнд сэм хуралдав. Тэд зунжин хийсэн судалгаагаа ярилцах зуур Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын талаарх асуудлыг хөндсөн ч ямар дүгнэлт гаргаагүй аж. Тусгай хяналтын дэд хороонд Ч.Сангарагчаа томдсон асуудал болсон бололтой. Хаалттай хурлын дараа Э.Мөнх-Очир гишүүн сэтгүүлчдийн асуултад “Манай дэд хороонд Хууль зүйн байнгын хорооноос гадна иргэдээс хандаж тавьсан санал, хүсэлт цөөнгүй бий. Энэ бүхнийг хэлэлцэх явцдаа Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн бичигтэй танилцаж таарна” гэлээ. Тэгэхээр Тусгай хяналтын дэд хороо асуудлыг судлах нь бүү хэл Хууль зүйн байнгын хорооны бичгийг хараагүй болж таарах нь. Бас УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Ерөнхий прокурорын саналаар ээлжит бус чуулган хуралдуулахгүй. Дэд хороо дүгнэлтээ гаргачихвал гишүүдэд танилцах бололцоо олгох хэрэгтэй. Дараа нь Хууль зүйн байнгын хороо хуралдана. Ямар цаас харж байгаад хуралдчих биш дээ” гэжээ. Ингэж Авлигатай тэмцэх газрын даргын суудал төдийхөн асуудлыг судлахаас дөлж байгаа нь УИХ-ын эрхэм гишүүдийн арчаагүйнх үү. Эсвэл тэдэнд Ч.Сангарагчаагаас айх шалтгаан байна уу. Ямартай ч УИХ-ын намрын чуулганаас өмнө Ч.Сангарагчаа нарын асуудал УИХ, байнгын хороо, дэд хороодод томдсон “асуудал” хэвээр байх нь тодорхой боллоо. Тэр хугацаанд АТГ-ын эрхэм дарга нар яаж ч аяглах эрхтэй гэсэн үг. Тэдэнд юу ч яаж ч эргүүлэх цаг хугацаа байна.Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин