2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн бөгөөд Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл зэрэг нийт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 15-ны өдөр тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах ёстой.
УИХ-ын сонгуулийн тухай хууль: 29 дүгээр зүйл
- 29.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
I тойрог буюу өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол албан ёсоор сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулна гэсэн үг. Албан ёсоор нэр дэвшигчид тодроогүй байгаа ч нэр дэвших бэлтгэлээ базааж, сонгуулийн сурталчилгаандаа орсон олон нэр дэвшигчид бий. Бид энэ удаад II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт горилогчдыг танилцуулж байна.
II тойрог нийт 10 мандаттай.
МАН: ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГААР АХЛУУЛСАН ХУУЧИН, ШИНЭ ГОРИЛОГЧИД
Говь-Алтай аймагт өнгөрсөн 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар сонгогдож байсан бөгөөд 2024 оны сонгуульд тэдний хэн ч тойрогтоо нэр дэвшихгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Ш.Раднаасэдийг нүүрсний хулгайд холбогдсон, Б.Энх-Амгаланг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа учраас тэд энэ сонгуулийг өнжих болов уу. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгах, нэрсийг нь ил тод зарлах процессын хажуугаар МАН-ын нэр дэвшигчдийн “цэвэрлэгээ”-ний нэг хэсэгт Говь-Алтай аймаг унасан.
Тиймээс ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг “цэвэрлэгээ”-ний ард байгаа хэмээх яриа улс төрийн хүрээнд өрнөсөн нь ортой. МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ удаад II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшинэ. Түүнтэй хамт намын нарийн бичиг А.Ариунзаяа хорших магадлалтай.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Баярсайхан нарын хувьд Завхан аймгаас сонгогдсон бөгөөд тэдний хувьд тойрогтоо нэр дэвшинэ. Мөн өмнө нь Завхан аймгаас нэр дэвшиж байсан Д.Оюунхоролын хувьд нэр дэвших сонирхолтой байгаа ч намаас нь түүнд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ тойрогт МАН хууччууллаа илгээнэ гэсэн үг.
Ховд аймгийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-1, АН-д 2 буюу аль алинд нь итгэл хүлээлгэж байсан. Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонгогдсон бөгөөд тэрбээр энэ удаагийн сонгуульд мөн тойргоо зорино. Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан горилж буй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан нэг хэсэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөж байгаа. Өнгөрсөн хугацаанд Ховд аймагт нэр дэвшихээр горилж, тойргоо усалж байсан ч тойрог томсгосон учраас энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэдэг амаргүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн “захиалга” учраас нэр дэвших магадлалтай гэж үзэж буй хүний нэг. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд бий. Гэхдээ түүнийг эмэгтэйчүүдийн квотоор намын жагсаалтад орох боломжтой хүмүүсийн нэг гэсэн таамаг ч бий.
МАН-д хоёр, АН-д нэг суудал өгч, УИХ-д төлөөлөлтэй болсон аймаг бол Увс. Увс аймагт өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг МАН нэр дэвшүүлж буй. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд гурван удаа УИХ-д нэр дэвшихдээ Увс аймгаас сонгогдсон байдаг. 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Н.Цэрэнбат өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж, Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан тэрбээр оны өмнө ажлаа өгч, УИХ-ын сонгуульдаа бэлтгэж эхэлсэн. Тиймээс УИХ-ын II тойрогт нэр дэвшихээр горилж буй хүний нэг нь Н.Цэрэнбат юм. Дараагийн горилогч бол төрийн алба буюу Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал мөн тус тойрогт нэр дэвшихээр оны өмнө ажлаа өгсөн. Албан ёсоор тус тойрогт нэр дэвшихээр намынхаа хороонд хүсэлтээ ч өгчихсөн нэгэн. Түүнийг улс төрийн хүрээнд Ч.Хүрэлбаатар сайдын хүн гэдэг бөгөөд Б.Чойжилсүрэн тойргоо соливол Ч.Хүрэлбаататайгаа дөрөө харшуулаад явах магадлалтай гэж тооцож буй. Увс аймгийн МАН-ын хороонд нэр дэвших хүсэлтээ өгсөн бас нэг хүн бол Б.Дашпүрэв. Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж, өнгөрсөн жилүүдэд нэр дэвшихээр тойргоо усалж ирсэн нэгэн.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд ч мөн адил тус аймгаас гурван удаа сонгогдсон бөгөөд дахин нэр дэвшихгүй гэж тохирсноор Эрчим хүчний сайдын албыг авсан гэсэн яриа улс төрийн хүрээнд гарч байв. Гэвч тойрог томсгосон учраас түүнийг Увс аймагтаа нэр дэвшүүлэх эсвэл Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл бий.
АН: Д.БАТСАЙХАН, З.НАРАНТУЯА, Д.БАТЦОГТ, Ц.ЦЭНДСҮРЭН НАР ДААГАА НЭХЭХ ҮҮ?
Говь-Алтай аймгийн хувьд улаан тойрог гэж онцолдог. 2020 оны УИХ-ын сонгуулийн хоёр мандатыг МАН-ын гишүүдэд өгсөн бол орон нутгийн удирдлагыг Ардчилсан намынханд итгэл хүлээлгэсэн байдаг. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Говь-Алтай аймгийг өнгөрсөн дөрвөн жил АН-аас нэр дэвшсэн О.Амгаланбаатар удирдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй. Улс төрийн хүрээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг МАН-ын генсек Д.Амарбаясгалантай “тохирч” хоёул сонгогдох тохироо хийхээр болсон гэх бор шувуу ч нисэх болсон. Мөн тус аймгийн Ардчилсан намын Г.Чинбатыг горилж байгаа гэх мэдээлэл бий ч түүнд нам нь итгэл хүлээлгэх нь тодорхойгүй байгаа гэх.
Завхан аймагт Ардчилсан намаас тус аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан, З.Нарантуяа нарын нэрс яригдаж байна. Тэдний хувьд өнгөрч буй 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг. Гэхдээ энэ удаад Ардчилсан намаас тэднийг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа ч З.Нарантуяагийн хувьд эмэгтэйчүүдийн квотоор жагсаалтад орох магадлалтай гэсэн мэдээлэл бий.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ховд аймгийнхан Ардчилсан намд итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарыг УИХ-ын гишүүнээр сонгосон байдаг. Тэдний хувьд энэ удаад мөн тойргоо зорих бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Батцогттой дөрөө харшуулахаар яригдаж байна.
Мөн II тойрогт "Нэпко" хэвлэлийн газрын Гүйцэтгэх захирал Г.Буянбаатарыг энэ удаад Ардчилсан намаас нэр дэвшүүлэх сурагтай. Түүний хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт нэр дэвшиж байсан юм.
Ихэнхдээ МАН-д итгэл хүлээлгэдэг Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон гишүүн бол О.Цогтгэрэл. Түүний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд энэ удаад мөн тойрогтоо нэр дэвшихээр бэлтгэж буй. Түүнтэй хамт Увс аймгийн Ардчилсан намын дарга Ц.Цэндсүрэн нэр дэвшихээр горилж буй гэх. Ц.Цэндсүрэн өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон байдаг. Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших магадлалтай өөр нэг хүн бол UFC группийн эзэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан О.Амартүвшин. МҮХАҮТ-ын ажлаа өгснөөс хойш нам гүмхэн байгаа О.Амартүвшинг Булган аймагт нэр дэвших магадлалтай. О.Амартүвшингийн хувьд МАН-аас АН-д урваж орсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын тус дэмээр МҮХАҮТ-ын дарга болсон гэгддэг бөгөөд Ардчилсан намын даргад өрсөлдөж байсан нэгэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Булган аймагт өрсөлдөж байсан одоо Булган аймгийг АН удирдаж байгаа учраас тус тойрогт нэр дэвшиж магадлалтай гэсэн мэдээлэл бий.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ