170 дугаар зарлиг,Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ахмад
дайчдад орон сууц олгох ажил эхлээд хоёр жил болж байна. Зэвсэгт хүчний
89 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү, тус яамны
Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Ш.Мөнхцэрэн нарын 20
ахмад дайчинд байрны түлхүүр гардуулллаа.
НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Ш.Мөнхцэрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Өнөөдөр түлхүүр гардаж байгаа ахмадууд ямар компанийн барьсан, хэдэн м.кв байр авч байгаа вэ?
-Баярын өдрийг нь тохиолдуулан 20 ахмад дайчин байрны түлхүүр
гардлаа.Баянгол дүүргийн VI хороонд байрлах “ЮП” ХХК-ийн 35 сая
төгрөгний үнэ бүхий 35-40 м.кв 1-2 өрөө байр өгч байгаа юм.
-Одоо нийт хэдэн хүнд байр олгоод байгаа билээ. Энэ жил хэдэн ахмад
дайчинд байр олгох вэ. Зарцуулах мөнгийг төсөвт тусгасан байгаа юу?
-2009 онд хоёр дайнд оролцсон 161, 2010 он гарсаар 516 ахмад дайчинд
байрны түлхүүрийг нь гардуулаад байна. Энэ ондоо багтаан нэмж 285
ахмадад байр өгөх ёстой. Эдгээр ахмадуудад олгох байрны мөнгө болох 10
тэрбум төгрөгийг батлуулсан гэв.
Байрны түлхүүр гардсан ахмад дайчин, тэдний ар гэрийнхэн маш их баярлаж
байгаагаа илэрхийлэн баярын нулимс унагаж байлаа. Өнөөдөр байрны
түлхүүр гардсан 20 ахмад дайчны дунд байртай хүн байхгүй гэнэ.
Ахмад дайчин Ж.Доржсүрэнгийн эхнэр Д.Цэеэн-Ойдов “Манай хөгшин чөлөөлөх
дайнд оролцож эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалж байсан. Сар
шинийн дараа бие нь тавгүйтэн эмнэлэгт хэвтэж байгаад саяхан гарсан.
Өөрөө ирэх тэнхээгүй байгаа учир би ирлээ. Миний өвгөнд хэдэн медалиас
өөр зүйл байдаггүй байсан. Олон ахмад дайчдаа ийнхүү баярлуулж байгаад
би маш их баярлаж байна” гэв.
Ахмад дайчин С.Батсуурь “ Би Төв аймгийн Бүрэн сумын уугуул. Бага залуу
байхдаа 1945 оны дайнд оролцон эх орноо хамгаалж байлаа. Одоо дайны
тухай яривал хүүхдүүд итгэхгүй байх. Дайнд оролцоод 60 жил өнгөрчээ.
Гэсэн хэдий ч ахмад биднийг ингэж баярлуулж байгаад их баярлалаа. Өвөө
нь орон сууц гэдэг зүйлийг мэддэггүй хүн. Насныхаа сүүлд ингэж амьдарч
үзэх ёстой байж” гэв.
Ахмад дайчинд байр олгох ажил 2011 онд дуусах бөгөөд нэмж 24 тэрбум
төгрөгийн хөрөнгө нэмж шийдвэрлэх шаардлагатай байгаа гэнэ. Байрныхаа
гэрчилгээг авахдаа тухайн компанид бичиг баримтаа бүрдүүлж өгөөд авах
аж.
Х.Хангал