
Аливаа улсын үндэсний валют гадаад валюттай харьцах ханш чанга байх нь олон улсад эдийн засгийнх нь нэр хүндийг өргөж өгдөг талтайгаас гадна манайх шиг улсын хувьд ашигтай гэлцдэг. Ялангуяа Монгол Улс шиг хүн амынхаа хэрэгцээний 90 орчим хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг улсын хувьд ашигтай хэмээн мэргэжлийнхэн үзэж байгаа юм. Учир нь импортлогч компаниудын бүтээгдэхүүний үнэ буурч, худалдан авагчдад хямдаар худалдаж авах боломж бий болдог тухай эдийн засагчид ярьж байгаа. Харамсалтай нь манайх шиг жижиглэнгийн наймаачидтай улсад онолын асуудал бодит амьдрал дээр үр дүнгээ өгөх нь юу л бол. Томоохон импортлогчдоос ч төгрөгийн валюттай харьцах ханш чангарлаа гээд бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах “хоншоортой” аавын хүү олдохгүй л болов уу. Иргэдийн худалдан авалт сайжирна гэж байгаа ч үүний үр шимийг хэдхэн наймаачид л хүртэж таарах болчихлоо. Онолоор нэг ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнийг 1450 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол өнөөдөр 1290 төгрөгөөр авна гэж байгаа. Гэтэл импортлогч компаниудын ихэнх нь төгрөгөөр худалдаа хийдгээс энэ яриа ердөө л шинэхэн барьсан талхны үнэрийг үнэртээд амталж чадахгүй өнгөрөхтэй утга нэг болж байна. Харин ам.доллараар гүйлгээ хийдэг ихэнх газрууд сардаа нэг удаа л борлуулалт хийдэг байх жишээтэй.
ХАРИН ЦААШИЛБАЛ…
Монголбанк арилжааны банкуудаас валют худалдан авч, их хэмжээний төгрөг гүйлгээнд гаргаж байгаа нь инфляци хөөрөгдөх магадлалтай. Үүнээс гадна ирэх сарын 1-нээс нэмэгдэх цалин, тэтгэврийн сураг ч инфляци нэмэгдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. “Хүний хөгжил сан”-гаас олгохоор болсон 500 мянган төгрөгийн сургаар их, дээд сургуулиудын төлбөр өмнөх жилүүдийн сургалтын төлбөрийн нэмэгддэг жишгээс хэдийнэ хол давжээ. Гэтэл зарим мэргэжлийн хүмүүс төгрөгийн чангаралт нь инфляцийг хазаарлах боломжтой гэлцэж байна. Харин валютын ханшийн уналт энэ хэвээр үргэлжлэх аваас цөөхөн хэдэн экспортлогч компани алдагдалд орох тухай учир мэдэх хүмүүс сануулж эхэллээ. Харин үүний хариуд төгрөгийн чангаралт удаан үргэлжлэхгүй, валютын илүүдэл үгүй болохоор ханш тогтвортой болох тухай Монголбанкны Валют, эдийн засгийн газраас мэдэгдэж байсан билээ. Энэ бүхнээс үндэслээд бодлогоор валютын ханш унагааж байна уу гэсэн асуулт гарч ирж байна. Валютын зах зээлд гарч буй өөрчлөлт эдийн засгийн байдлаас хамаараагүй. Захын суурь үзүүлэлт буюу валютын орох урсгал нь гарах урсгалаасаа давуу байгаатай холбоотой. Тиймээс төгрөгийн ханшийг чангаруулах болон сулруулах бодлого явуулаагүй хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн. Тэгвэл муугаар бодоод валютын ханшийн уналт энэ байдлаар үргэлжлэх аваас цөөхөн хэдэн экспортлогч компани алдагдалд орохыг эдийн засагчид анхааруулж, цаашилбал уул уурхайн баялгаа түүхийгээр нь экспортолдог манайх шиг улсын төсвийн орлого ч буурах талтай гэв. Харин дэлхийн зах зээл дээр монголын экспортын орлогыг бүрдүүлдэг валютын ханш чангарч байвал асуудалгүй аж.
П.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин