Нийслэлийн бонд гаргах ажил “будаа” болох вий!

Нийслэлийн бонд гаргах ажил “будаа” болох вий!

Нийслэлийн бонд гаргах ажил “будаа” болох вий!

Нийслэл Улаанбаатар хот метротой болох эсэх, түүнийг нь шүүмжилсэн иргэд нь суух, суухгүй маргаанд дундуур ойрын хугацаанд орхигдож мартагдаад байгаа сэдэв бол Улаанбаатар хотын бонд гаргах ажил юм.

Угтаа Улаанбаатар хот бонд гаргаж, босгосон санхүүжилтийг нь гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах ажилд зарцуулна гэдгээ одоогийн хотын дарга болоод өмнөх хотын дарга нар ч мэдэгдэж байсан. Он гарсаар нэгдүгээр сард Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Гадаадын зах зээл харьцангуй нааштай байгаа тул хоёрдугаар сард багтаан гадаад бонд гаргана" гэж мэдэгдсэн юм. Гэтэл дөрөвдүгээр сар гарах гэж байхад нийслэлийн бонд гаргах ажил хаана очоод гацсан талаар хариулж хэлэх хүн алга.

 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа "Нийслэл бонд гаргахад цан цохиход л дутуу байсан" хэмээн хэлж байсан удаатай.  Тэгвэл цан цохих л дутуу байсан ажил төлөвлөснөөсөө хоцорч байна.

Тодруулбал, тэрбээр “Нийслэл бонд гаргах эрх нь нээгдсэн. Засгийн газраас шийдвэр гарч, бэлтгэл ажил нь өнгөрсөн оны аравдугаар сард хангагдаад цан цохих л дутуу байсан тэр үед бид ажил солилцсон. Гадаад бонд гаргаж Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад 100 хувь зориулна. Тиймээс нэлээд хэдэн жилийн өмнө дэд бүтцийг нь татчихсан Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвийг барилгажуулахад гадаад бонд гаргах, ялангуяа гадаад бонд "ногоон" байвал хүү багатай босно гэж гаднын зөвлөхүүд зөвлөсөн. Тиймээс бид Өрийн удирдлагын тухай хуульд төгрөгөөр гэдгийн ард валютаар хэмээх өөрчлөлтийг оруулах гэж байгаа. Учир нь арматур, цемент, хаалга цонх гэх мэт ихэвчлэн гадаад валютаар барилгын материал, түүхий эдээ худалдаж авдаг. Бид энэ жил 20,000 айлын орон сууц барих том амбицтай хөдөлж байгаа тохиолдолд ханшид дарамт учруулж болзошгүй. Тиймээс бага хүүтэй гадаад бонд гаргах, гадаад бондоор ханшийн дарамтад нөлөө үзүүлэхгүйгээр төслүүдээ санхүүжүүлэх зорилготой. Засгийн газрын "Сенчири 3″ бонд 7.48 хувийн өртөгтэй гарч ирсэн. Эрэлт нь 13 дахин их байсан. Бид ч мөн гадаад зах зээл аятайхан байгаа нөхцөл байдлыг ашиглаад хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сард гэхэд нийслэлийн бондыг гадаад зах зээлд арилжина" гэж мэдэгдэж байлаа.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас бонд гаргах ажил ямар шатандаа явж байгаа талаар тодруулахад ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байна. Бонд гаргахад долоон алхам хийх ёстой.

  1. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулна.
  2. УИХ-ын тогтоолоор орон нутаг бонд гаргах эрх авах ёстой. Эдгээр ажлууд хийгдсэн.
  3. Одоо Сангийн яамнаас хотын бондтой холбоотой шинэ журам Засгийн газраар батлуулах ёстой.
  4. Түүний дараа ТЭЗҮ боловсруулна.
  5. Үүний дараа Нийслэлийн иргэдийн хурлаас бонд гаргах шийдвэр гаргана.
  6. Үүний дараа Засгийн газарт хандаж бондын хэмжээ, өрийн баталгааны хэмжээгээ тохирно.
  7. НИТХ хуралдаж төсөвт тодотгол хийнэ
  8. Үүний дараа гадаад зах зээл дээр бондынхоо танилцуулгыг хийнэ гэсэн хариулт өгсөн юм.

Энэ бүхнээс харахад гуравдугаар сард багтаж бонд гаргах нь үлгэр болсон нь тодорхой байна. Цаашид ч гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй.

“Зуны сар зургаа биш дээ”… Монгол Улс шиг эрс тэс уур амьсгалтай оронд зам, барилгын ажлыг хаврын улиралд эрт эхлэхгүй л бол хэлсэн тооцсон хугацаанаасаа хоцрох, хойшлох асуудлууд бий.

Угтаа бонд гаргах 7-8 шат дамжлагаас ердөө эхний 2-3 шат дамжлага нь бүрэн бүтэн болох тийш хандаж байгаа нь гадаад зах зээл дээр бонд гаргаж, гэр хорооллын 20 мянган айлыг орон сууцжуулах энэ хаврын төлөвлөгөө нэг л бүтэлгүй сонсогдож байна. Бараг л дээс томож найзыгаа аврахын үлгэр болох вий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-28 203.169.50.253

яахав дээ цан цохиод л болчино гэж бодсон чинь үгүй байж л дээ

Avatar

Гуйж байна. 2024-03-28 202.21.104.2

Монголд метро барих хамгийн оновчтой хувилбар бол газар доогуурх метро.Маш олон асуудлыг шийднэ. Газар дээгүүрх хөдөлгөөн багасч, хүмүүс дулаан, тав тухтай зорчихоос эхлүүлээд.. Төсвийн мөнгийг хэрэгтэй хэрэггүй юманд цацахаа болиод метроны 2 сайхан шугам барьчих л даа эрх баригчид аа!!! Дундаас нь битгий цавчаа хий л дээ!!! Японуудаасаа туслалцаа ав л даа. Одоо таануус идэж ууж хасан баймаар.. Угаасаа идүүлж уулгаад байх ч чадалгүй боллоо ард түмэн чинь..ккк Газар дээрх NO NO^ Тохирохгүй!!.

Avatar

Нэргүй 2024-03-28 66.181.184.155

Нянгар фсда ажил хийж чадахгүй байж бондоор ямар ацаа хийнээ. Өрний нэмэр . Ганц тийм ажил хийчлээ гэх юм Данх энэ 2 т байхгүй шдэ

Avatar

Нэргүй 2024-03-28 103.71.101.238

Нийслэл бонд гаргах нэрээр мөнгө идэж, оффшёрт хийж дуусна. Төсвийг ингэж хаяж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж