
Ираны төрийн мэдлийн сонин болох “Kayhan”-д саяхан “Франц янхнууд хүний эрхийг хамгаалах ажилд нэгдэж байна” гэх гарчиг бүхий нийтлэл гарсан юм. Энэхүү нийтлэлд Францын Ерөнхийлөгч Н.Саркози эхнэр Сицилягаасаа албан ёсоор гэр бүл цуцлуулаагүй байх үедээ Карла Брунитай уулзаж эхэлсэн тухай онцолжээ. Үүгээрээ тэд Францын Тэргүүн хатагтайг гэр бүл үймүүлэгч янхан хэмээн нэрлэж, эрт урьдын цагт шоу ертөнцийн од байсан түүний амьдралын тухай бодит баримтуудыг сөхөж тавьсан байна. Чухам яагаад ингэх болов.
Өнгөрсөн хавар Сакинех Мухаммади Аштиани гэгч иран бүсгүй нөхрөө нас барснаас хойш эсрэг хүйстэнтэйгээ “хууль бус харилцаа” тогтоосон хэмээн буруутгагдаж, чулуугаар цохиулж шүүхээс ялын дээд хэмжээ сонсчээ. Өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учир интернэт дэх блог сайтдаа хэргийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн нийтлэл бичсэн нь барууны орнуудын хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татсан юм. Энэ үеэр Францын Тэргүүн хатагтай Карла Бруни хоёр хүүхдийн ээж өнөөх бүсгүйд хандан нээлттэй захидал бичиж “Та амьдарч, хайрлаж, эмэгтэй хүн болж, Иранд төрснийхөө төлөө ийм ял сонсч байгаа хэрэг үү. Би үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн онцолсон аж. Өөрсдийнх нь хэрэгт хөндлөнгөөс оролцсон Европын орны Тэргүүн хатагтайн үг иранчуудад таалагдаагүй учир ийн “янхан” хэмээн түүнийг доромжилжээ. Сүүлийн үед барууны орнууд, АНУ-тай таарамж муутай байгаа Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад дээрх нийтлэл гарахад нөлөөлсөн ч байж болох юм. Гэхдээ бүхэл бүтэн улсын төрийн мэдлийн сонинд гарсан гэхэд хэтэрхий бүдүүлэг үг хэрэглэснийг ажиглагчид онцолж байна. Ингэхэд хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болохуйц хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Карла Бруни гэгч хэн бэ.
Италийн Турин хотноо 1968 оны арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн Карла Бруни чинээлэг гэр бүлд өсч торнижээ. Түүний аав, өвөө нь хөгжмийн зохиолч, ээж нь төгөлдөр хуурч байсан зэргээс харахад Бруни бүр багаасаа л урлагт элэгтэй болж хүмүүжсэн байна. Тэрбээр Италид бага сургуульд сурах үеэсээ гитар сурч, үлдсэн амьдралынхаа туршид энэ хөгжмийн зэмсгийг тоглосоор ирсэн аж.
“Марксист улаан бригад” хэмээх нэртэй террорист байгууллагын үйл ажиллагаа 1970-аад оны үед Италид нэлээд идэвхжиж эхэлсэн учир тэднээс дайжин Брунигийн гэр бүл Францад нүүж ирсэн байна. Дараа нь Карлаг Швейцарь руу явуулж, өндөр зэрэглэлийн ахлах сургуульд оруулжээ. Тэнд Францын ирээдүйн Тэргүүн хатагтай франц, итали, англиар чөлөөтэй ярьж сурсан байна. Парист эргэж ирснийхээ дараа уран барилгын чиглэлээр суралцаж байх үед эгчийнх нь найз залуу загвар өмсөгч болохыг санал болгосноор сургуулиа хаяж, шоу ертөнцийн хаалгыг татсан аж. Карла Брунигийн зураг 1990-ээд оноос эхлэн сэтгүүлүүдийн нүүрийг чимж, загварын олон шоунд гол моделиор оролцож, нэг үгээр хэлэхэд түүний загвар өмсөгчийн карьер эрчимтэй дээшилж байв. Энэ үедээ “Prada”, “Christian Dior”, “Chanel”, “Givenchy”-тэй гэрээ байгуулан ажиллажээ.
Супер моделиудын жишгээр Брунигийн хувийн амьдрал хэвлэлийнхний хоолоо олох гол хэрэгсэл болсон нь бий. Загвар өмсөгч байх үедээ тэрбээр Францын философич Жин Пол Энтовен, жүжигчин Кэвин Костнер, рок дуучин Эрик Клэптон, үл хөдлөх хөрөнгийн магнат Доналд Трамп зэрэг олон хүнтэй нэр холбогдож байжээ.
Карла Бруни 1998 онд 7.5 сая ам.долларын орлоготой ажиллаж, загварын ертөнцийнхөн дундаа дээд амжилт тогтоож байв. Гэвч тэр үед телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа “Францын дуучин Жейн Биркиний “Амаа татаад зүгээр л үзэсгэлэнтэй харагд” гэдэг дуунд өгүүлдэг шиг амьдрал загвар өмсөгч хүнд байдаг нь үнэн. Тийм ч учраас би энэ ажлаа орхиж байна” гэсэн юм. Загварын тайзнаас буусныхаа дараа Карла Бруни дууны хичээлд сууж, өөрөө ч дуу зохиохыг оролдох болжээ. “Хэрэв би түүний оронд байсан бол” нэртэй анхны цомгоо 2000 онд гаргасан нь нэлээд амжилт дагуулж, тухайн онд Францад борлуулалтаараа тэргүүлж байв. Цаашлаад Европ тивийн бусад орон, Канадад шүтэн бишрэгчидтэй болсон байна.
Хөгжмийн зохиолч болсныхоо дараа Францын дуучин Рафиэл Энтовентэй нэр холбогдож, өнөөх нь Брунигаас болж эхнэрээсээ салж байсан аж. Харин Францын Ерөнхийлөгч Н.Саркозитой 2007 оны арваннэгдүгээр сард нэгэн үдэшлэг дээр таарч, түүнээс хойш сарын дараа Диснейлэндээр хамтдаа зугаалж буй зураг нь хэвлэлийн хуудаснаа тавигдах болжээ. Шүүмжлэгчдийнх нь хэлж байсанчлан тэд үнэхээр эсрэг тэсрэг үзэл бодолтой хүмүүс аж. Н.Саркози бол уламжлалт, консерватив үзлийг тууштай баримталдаг нэгэн. Гэтэл Бруни улс төрд зүүний үзлийг дэмжих хандлагатай. Тэрбээр 2007 оны тавдугаар сард болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Саркозигийн өрсөлдөгч Сеголене Рояалд саналаа өгч байжээ. Түүнээс гадна Бруни Францын улс төрийн хүрээнд төдийлөн шинэ хүн байсангүй. Өмнө нь тус улсын Ерөнхий сайд асан Лорент Фабиусын нууц амраг байсан гэх цуу яриа тарж байсан юм. Гэсэн ч дээрх бүхнийг үл харгалзан Бруни, Саркози хоёр 2008 оны хоёрдугаар сарын 2-нд гэр бүлээ батлуулж, загвар өмсөгч асан бүсгүй Карла Бруни-Саркози нэртэй болсон байна. Францын Тэргүүн хатагтай болсныхоо дараа тэрбээр “Хэрэв юу ч тохиолдоогүй бол” нэртэй гурав дахь цомгоо гаргаж, дотор нь багтсан дуунууд дунд нөхрийнхөө тухай өгүүлсэн хэмээн шуугиан тарьж байв.
Францын Ерөнхийлөгчийн Их Британид хийсэн төрийн айлчлалын үеэр Брунигийн загвар өмсөгч байх үедээ авахуулж байсан зураг нь 91 мянган ам.доллараар зарагдаж байсан нь бий. Мөн тэрбээр 2008 оны есдүгээр сард Францад айлчлан ирсэн Буддын шашны тэргүүн XVI Далай ламтай уулзаж, дараа нь Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож байв. Парист 2009 онд Иракийн Ерөнхийлөгчийн гэргийтэй уулзах үедээ эмэгтэйчүүдийн боловсролын асуудлыг хөндөж ярилцжээ. Мөн 2008 оны арванхоёрдугаар сард Бруни загвар зохион бүтээгч Пардонтой шүүхээр заргалдаж байсан юм. Карла Бруни загвар өмсөгч байх үедээ буюу 1993 онд нүцгэн зургаа авахуулж байж. Гэтэл Пардон түүгээр нь 10 мянган цүнхний чимэг зураг хийчихсэн байна. Францын Тэргүүн хатагтайн хувьд ийм зүйл яавч байж болохгүй гэж үзсэн учир нэгэн цагт хамтрагчид байсан хүмүүс шүүхийн танхимд уулзалдсан юм. Өнгөрсөн хавар Гайтид болсон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэний улмаас өнчирч хоцорсон хүүхдүүдийг франц гэр бүлүүдэд өргүүлэх ажил зохион байгуулж байв. Түүнчлэн ДОХ-ын асуудлыг шашин шүтлэгтэй холбон ярьсныхаа улмаас Ромын XVI Пап ламаас шүүмжлэл хүртэж байсан нь бий. Гэсэн ч хэлсэн үгээ ажил хэрэг болгохоор зорьж, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обаматай хамтран томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэ оны хавраас Н.Саркози эхнэр Брунигээсээ салах гэж байгаа гэх цуу яриа тархах болсон билээ. Гэвч тэд өөрсдөө үүнийг үгүйсгэсэн. Мөн Бруни 28 настай байхдаа буюу 1996 онд 27 минут үргэлжлэх нэгэн баримтат кинонд тоглосон бичлэг нэлээд шуугиан тарьж байсан юм.
Нэгэн цагт загвар өмсөгч болохын тулд сургуулиа хаяж, нүцгэн зургаа авахуулж байсан эмэгтэй Францын Тэргүүн хатагтай болж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд улс орноо төлөөлөн оролцох юм гэж хэн мэдлээ. Ийм эсрэг тэсрэг өнгө төрхийг бий болгосон амьдралынхаа талаар Карла Бруни нэг бус удаа ярьж байсан юм. Тэрбээр “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хийсэн зүйлс, өнгөрсөн үеэсээ ичдэггүй. Би маш олон удаа алдаж байсан. Гэхдээ тэр болгонд би илүү ихийг сурдаг” хэмээж байж. Мөн Францын Ерөнхийлөгчийн эхнэр болсон тухайгаа ч ярьсан байна. “Салалт гэдэг бол хүн төрөлхтний алдаа л гэсэн үг. Биднийг уулзах үед Сициля түүнийг орхиод явчихсан байсан. Тиймээс би нөхрийгөө аз жаргалтай болгох авралын элч нь болсон юм” хэмээн онцолжээ.
Хэдийгээр намбалаг дүр төрхтэй, улстөрчийн гэргий болсон ч Карла Брунигийн тухай дуулиан шуугиан тасарч байсангүй. Үгүй ядахдаа л Наполеон шиг нөхрөөсөө намхан харагдахын тулд өндөр өсгийтөөс татгалзсаныг нь ярьж суух хүн олон. “Ийм сонирхолтой Тэргүүн хатагтайтай францчууд ч азтай юм аа” гэж барууны хэвлэлүүдээр атаархан бичих нь ч бий.
Т.ЭЛИСА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин