2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн бөгөөд Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл зэрэг нийт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 15-ны өдөр тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах ёстой.
УИХ-ын сонгуулийн тухай хууль: 29 дүгээр зүйл
- 29.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол албан ёсоор сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулна гэсэн үг. Албан ёсоор нэр дэвшигчид тодроогүй байгаа ч нэр дэвших бэлтгэлээ базааж, сонгуулийн сурталчилгаандаа орсон олон нэр дэвшигчид бий.
Монгол ардын нам, Ардчилсан намаас орон нутгийн долоон тойрог, нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг цувралаар танилцуулж байна. Энэ удаад бид УИХ-ын I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт горилогчдыг онцолж байна. I тойрог нь нийт 9 мандаттай.
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг буюу I тойрогт МАН, АН-ын хувьд хамгийн анхаарал татаж буй тойрог. Учир нь өнгөрсөн жилд энэ аймгуудад МАН олонх болсон бөгөөд АН-аас хоёр л гишүүн сонгогдсон.
МАН: Г.ӨСӨХБАЯР АВАРГАД САНАЛ ТАВЬЖ, Г.ЗАНДАНШАТАР ТОЙРГОО СЭЛГЭХ ҮҮ?
Тухайлбал, Архангай аймгаас 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар сонгогдож байсан бол энэ удаад Г.Тэмүүлэн гацаараа тойргоо зоригоо зэхэж буй. Учир нь Ж.Мөнхбатын хувьд нүүрсний хулгайтай холбоотой гэж гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн бол Ё.Баатарбилэгийн хувьд Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхийн шатанд яваа. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо нэр дэвшинэ.
Өвөрхангай аймгийн хувьд 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар сонгогдож байсан юм. Гэвч энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн намын жагсаалтад багтах учраас УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд нар нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Мөн түүнээс гадна МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга асан Д.Сумъяабазарыг нэгдүгээр тойрогт нэр дэвших шахалт үзүүлж байгаа бөгөөд Д.Сумъяабазарын хувьд Сонгинохайрхан дүүрэгтээ өрсөлдөх хүсэлтэй байгаа. Мөн Ардчилсан намаас Асашёорюү Д.Дагдвадоржийг нэр дэвшүүлэх магадлалтай учраас Д.Сумъяабазарыг орон нутаг руу явуулах эсэх дээр эцэслэн тохироогүй байгаа юм. Тиймээс МАН тус тойрогт зайлшгүй нэг суудал авах боломжтой гэж аварга Г.Өсөхбаярыг нэр дэвшүүлэх санал тавьсан гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Г.Өсөхбаяр аварга нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшвэл ялах боломжтой хувилбар гэж харж буй. Ерөнхийлөгчийн зүгээс нэгдүгээр тойрогт хоёр суудал “захиалж” байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг, өөрийн зөвлөх Б.Даваадалайг I тойрогт зүтгүүлэх хүсэлтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд Г.Сайханбаяр сайдын хувьд Архангай аймагт нэр дэвших бэлтгэлээ базаагаад байсан ч тойрог томорч, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сонгогчдыг зорих болсон учраас тойргоо сольж магадгүй гэсэн мэдээлэл бий.
Баянхонгор аймгаас өнгөрсөн 2020 оны сонгуулиар МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ардчилсан намын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар сонгогдож байсан. Харин энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар бууриа сэлгэж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших хувилбар яригдаж буй. Гэхдээ УИХ-ын даргын хувьд өнгөрсөн хугацаанд төдийгүй одоо ч Баянгорын тойргоо “тойглосоор” байгаа юм. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Баянхонгор аймагт “хүчтэй” байгаа учраас ийм сонголт хийж байгаа гэх бор шувуу улс төрийн хүрээнд өрнөх болсон. Мөн Баянхонгорын гаралтай, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тус аймагт рейтинг өндөртэй гарсан гэсэн мэдээлэл байгаа ч түүний хувьд жагсаалтад орох сонирхол өндөр байгаа гэх мэдээлэл бий.
Түүнээс гадна I тойрогт Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-очир нарын нэрс яригдаж байна.
АН: А.АДЪЯАСҮРЭН, Д.ГАНБАТ НАР ТОЙРГОО ЗОРЬЖ, АСА АВАРГАД САНАЛ ТАВЬСАН УУ?
Ардчилсан намын хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулиар Архангай, Өвөрхангай аймагт суудал авч чадаагүй бөгөөд зөвхөн Баянхонгор аймгаас хоёр суудал авсан. Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат нар сонгогдож, өнгөрсөн дөрвөн жил баянхонгорчуудыг төлөөлсөн юм. Харин Архангай аймгийн орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулж, аймгаа удирдаж байсан ч одоо МАН аймгийг удирдаж буй. Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй Хангайн бүсийн сонгууль удирдахаар бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд тус тойрогт ялалт байгуулахын тулд Асашёорюү Д.Дагвадоржид нэр дэвших санал тавьсан гэх мэдээлэл бий. Д.Дагвадоржийн хувьд Х.Баттулгатай ойр, түүний хүүтэй нь хамтарч бизнес эрхэлдэг, ойрын хүн гэгддэг бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад нь дэмжиж байсан юм.
Д.Дагвадоржийг бөхтэй, бөхөд элэгтэй Өвөрхангай, Архангай аймгаас сонгогдох боломжтой хувилбар гэж тооцож байж болох.
Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуульд Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адъяасүрэн, Д.Ганбат, П.Нүрзэд нарыг дэвшүүлэхээр бэлтгэж буй гэх. Гэхдээ П.Нүрзэдийн хувьд намын жагсаалтад орох сонирхолтой байгаа гэх мэдээлэл ч бий. Мөн хуульч О.Алтангэрэл, Б.Бундхорол, өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан П.Мөнхтулга, Өвөрхангай аймгийн АН-ын дарга Б.Ихбаяр, Архангай аймгийн АН-ын дарга В.Мөнхбат гэсэн нэрс яригдаж байна. Мөн Ардчилсан намаас I тойрогт Г.Батхүү агсны хүү Ганхөлөг, Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалын нарын нэрс ч яригдаж байгаа ч тэднийг жагсаалтад оруулах болов уу. Б.Жаргалангийн хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас энэ удаа намын жагсаалтын эмэгтэйчүүдээ тэргүүлэх учиртай. Харин АПУ-ийн П.Батчимэг тойрогт нэр дэвшиж, Б.Ганхөлөг жагсаалтад орохоор тохиролцсон гэх мэдээлэл бий. Б.Ганхөлөгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд хуульч О.Алтангэрэл, Ч.Даваабаяр нартай өрсөлдөж, өвдөг шороодож байсан өгөөд Ч.Даваабаярын хувьд одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж буй бөгөөд МАН-аас нэр дэвших хүсэлтэй яваа.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ