Ард иргэдийнхээ амьдралыг тартагт нь тултал туйлдуулсны эцэст 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангана гэж чихэн дээр цэцэг ургуулсан эрх баригчид энэ удаад малчдыг 5 их наяд төгрөгөөр “угжих” хөтөлбөр хэрэгжүүлэх нь ээ.
Тодруулбал, малчид руу хандсан 5 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр зэхэж байна.
Уг нь Засгийн газар сар гаруйн өмнө зудаас шалтгаалж малчид зээлээ төлөх чадамжгүй болсон тул Малчны зээл төлөлтийг нэг жилийн хугацаатайгаар хойшлуулж, хүүгийнх нь төлбөр болох 220 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах шийдвэр гаргасан.
Гэвч УИХ-ын сонгуулиар малчдын саналыг татахад дээрх дэмжлэг хангалттай биш санагдсан бололтой, нэмж 5 их наядын зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх болж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар бол малчны хотноос хямд үнээр мах авч, хэд дахин дамлан зарж ашиг хийж буй ченжүүдийг халах бололтой юм. Тэрбээр “Ченжүүд малчны хотноос сайн чанарын үхрийн мах 1 кг 7000 төгрөгөөр худалдан авчихаад Улаанбаатар хотын иргэдэд 20 мянган төгрөгөөр зардаг. Бараг гурав дахин нугалсан үнээр зардаг. Ченжийн энэхүү сүлжээг халахгүйгээр малчдын орлого өсөхгүй" гэж тайлбарлаад байгаа. Гэтэл хэдэн мянган км газарт байгаа малын махыг очиж авахад наад зах нь тээврийн зардал шаардана. Нефтийн бүтээгдэхүүнээр ОХУ-аас хараат Монгол Улсын хувьд шатахууны үнэ тогтвортой байж чаддаггүй. Нэг л өглөө сэрэхэд шатахуун тасарч, түүнийг дагаад тээврийн зардал өсдөг. Өнгөрсөн өвөл нефть тасалдахад юу болж өнгөрлөө. Ченжүүд ч малчны хотонд яваад очиход мал, махаа хямд үнээр өгдөг малчин байдаггүй. Хэтийдсэн үнэ хэлээд хэвтчихдэг. УИХ-ын гишүүд очихоор “Ченжүүд биднээс мал, мах хямд үнээр авдаг” гэж гоочилдог.
Ер нь төрөөс тогтвортой дэмжиж ирсэн салбар мал аж ахуй ч дэвждэггүй салбар болж бусдаас илүү хамааралтай болсон гэхэд бодит үнэнээс нэг их хол зөрөхгүй.
Зуны зусан, намрын намаржин найр наадам хэсч завтай зайтай явсан малчид өвөлж болж цас дарахад “Зуд боллоо. Мал хорогдож эхэллээ. Хүн хүч хүрэлцэхгүй хэцүү байна” гэж гомдол тавьдаг.
Уг нь мал хувийн өмч. Гэвч төрөөс мал аж ахуйг дэмжих шаардлагатай гэж үзэн бөөцийлсөөр ирсэн. Үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа сүү бүрийнх нь литр тутамд сүүний урамшуулал болгож, мөнгө өгдөг. Ноос, ноолуураа үндэсний үйлдвэрүүдэд тушаахад мөн л урамшуулал олгоно. Зөвхөн сүүний урамшуулалд зориулж 2020-2021 онд 4,2 тэрбум төгрөг, 2021-2022 онд 5,3 тэрбум, 2024 он гарсаар 2,6 тэрбум төгрөгийг малчдад олгоод байгаа. Үхэр ээмэгжүүлэх мөнгийг ч төрөөс л гаргасан.
Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж эхэлсэн. Эл дэмжлэг таван жилийн хугацаатай хэрэгжинэ. Нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас гаргаж, малчдын НДШ-ийн төлбөрийг хийнэ.
Хөтөлбөрийн хугацаа дуусахад дахиад таван жилээр сунгах асуудлыг УИХ-д оруулж ирэхийг ч байг гэх газаргүй. Яагаад гэвэл УИХ удахгүй 126 гишүүнтэй болно. Тэдний олонхи нь орон нутгаас сонгогдоно. Малчдад ээлтэй, тэднийг харж үзсэн дэмжлэгийг гаргаж л явахгүй бол санал өгнө гэж гонжийнжоо. Энэ араншинг нь эрх баригчид мэдэхийн дээдээр мэддэг, мэдэрдэг. Тиймдээ ч төрд нүүрлэсэн хулгай, луйвраас болж, малчдад чихдүүлсэн эрх баригчид зудаар далимдуулж, таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болж буй нь энэ юм.
Уг хөтөлбөрт таван их наядын зээл гэдэг үг оруулсан байгаа ч УИХ-аар хуулийн төслийг батлуулах шатанд хэд нь буцалтгүй тусламж болж хувирахыг хэлэхэд бэрхтэй.
Хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гол нь үр дүн гардаг байх ёстой. Харамсалтай нь, Монголын мал аж ахуй руу хандсан олон хөтөлбөр хэрэгжүүлэхэд үр дүн гарсан удаагүй. Хөнгөлөлттэй зээлийг нь эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс нь авч, эргэн төлөлт хийгээгүйгээс Мал аж ахуйг дэмжих сан нь дампуурах шатандаа орж, энэ "но"-г далдах зорилгоор сангийн нэрийг өөрчилсөн гээд тоочвол хуулийнхны шалгах ажил зөндөө бий.
Дээр нь ганц зуднаар малаа хиаруулж хотоо харлуулж буй жишээнээс харж болно. Одоогийн байдлаар 5 сая гаруй толгой мал хорогдоод байгаа тухай эрх баригчид ярьж, 20 саяд хүрнэ гэх тооцооллыг танилцуулах болсон. Яг үнэндээ ашиг шим багатай, бэлчээр талхалж буй 70 сая толгой малаас 20 сая нь хорогдоход нэг хэсэгтээ л бэлчээр амарна.
Малын бэлчээрээ булаацалдаж малчид хоорондоо зодолдох нь багасна. Бас өвөл, хаварт бэлтгэж өвөлжөө бууцаа сайн засч авахгүй бол малаа хиаруулах юм байна гэдэг энэ сургамжийг авсан байх ёстой. Төрийн зүгээс ч малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх хууль баталж суухаас илүү хатуу өвөл, хавар ирэхэд түүнийг даагаад гардаг мал аж ахуйг хөгжүүлэх бодлого л гаргах ёстой шүү дээ.
Одоо гэтэл эсрэгээрээ, бараг малчны хотыг нь барьж өгөх шахуу юм ярьцгааж сууна. Дээр нэр дурдсан 5 их наяд төгрөгийн хөтөлбөрөөр дамжуулж, малчдыг малын хашаа саравчийг барина гэвэл гайхах зүйлгүй. Тариалангийн талбайг хашаалах, хашааг нь татварын орлогоор барих санаачлага гаргаж байсан эрх баригчдын хувьд “Зуд болж, малчид хотоо харлуулсан байхад малжуулах төслийг дагуулаад малчны хотыг нь барьж өгөхгүй гээд яах юм бэ” гэцгээн загнаж, зандарч байгаад л мөнгө цацвал гайхах зүйлгүй. Өөрсдийнх нь халааснаас биш татвар төлөгчдийн хэтэвчнээс гарч буй тул харамсах ч үгүй.
Эцсийн эцэст энэ бодлого нь мал аж ахуйн салбар төрөөр дамжуулж, заавал нэг татаас дэмжлэг авахаас нааш босдоггүй, жил ирэх тусам хараат болж буйг анзаардаггүй нь даанч гачлантай.
Эрх баригчдын хувьд хэрэгжүүлэхээр зэхэж буй энэхүү 5 их наяд төгрөгийн хөтөлбөр эхнийх биш. 2021 оны нэгдүгээр сард эдийн засгаа сэргээх нэрээр 10 их наядын хөтөлбөрийг УИХ-аар батлуулж байсан.
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-оор тусгаж байв.
Энэхүү 10 их наяд төгрөгийн хөтөлбөр үр дүн дагуулсан уу гэдгийг зөвхөн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтээс харж болно. “Залуус I, II, III” хөтөлбөрөөс нэг нь ч хэрэгжээгүй, харин ч орон сууцны 1 метр кв-ын үнэ өссөн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр бол байрны 1 метр кв-ын үнэ 3 сая төгрөгөөс 5 сая төгрөг болж өссөн, буулгаж чадаагүй. Үнийн өсөлт бий болсноос цаашгүй гэж хэлж болно.
Г.ХОРОЛ