"Их нүүдлүүд"-ийн ээлжит попролтод Их хурлын ордон багтав

Хуучирсан мэдээ: 2024.03.28-нд нийтлэгдсэн

"Их нүүдлүүд"-ийн ээлжит попролтод Их хурлын ордон багтав

"Их нүүдлүүд"-ийн ээлжит попролтод Их хурлын ордон багтав

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд сүрхий мэт ч сүржин төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд ихээр ярьж буй. Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилготой хэд хэдэн хөтөлбөрийг тусгаж өгсөн. Ингэхдээ хамгийн сүүлийн шийдвэр хотын төвд буй төр, захиргааны байгууллагуудыг шинэ нисэх рүү нүүлгэх болсныг өнгөрсөн 2022 оны наймдугаар сард онцолж байлаа. Учир нь Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын төлөвлөлтөд 150 мянга гаруй иргэнийг тухайн бүсэд суурьшуулахаар зорьж буй. Тиймээс тухайн хэсэгт төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх талаар шийдвэр гаргасан.

Тэгвэл өчигдөр /2024.03.27/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын ордон болон төрийн захиргааны зарим байгууллагын байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар танилцуулжээ.

Гэхдээ иргэд үүнийг шүүмжилж, хэрэгждэггүй, хийдэггүй ажлуудынх нь төлөвлөгөөний үргэлжлэл гэж шоолж байна. Учир нь өмнө нь хотын төвлөрөл, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн их сургуулиудыг нийслэлээс гаргах, томоохон зах худалдааны төвүүдийг А бүсээс нүүлгэх ажлыг хэд хэдэн удаа санаачилж он, он дамжиж ярьсан ч амжилт олоогүй. Аль 2009 он буюу С.Батболдын Засгийн газрын үед их дээд сургуулиудыг Багануур дүүрэг рүү шилжүүлэх шийдвэр гарсан ч ажил хэрэг болоогүй. МАН дахин Засгийн эрх авсныхаа дараа буюу 2018-2020 онд эхний ээлжид ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, араас нь  ШУТИС-ийг  “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй их сургуулиудын дараа 10 жилийн хугацаанд Ховд, Дорнод аймагт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулийг шилжүүлэх бодлогыг Боловсрол, шинжлэх ухааны яам барьж буйгаа онцолж байсан юм. Гэвч их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэхээр багш нар нь дагаад явна гэх баталгаа байхгүй. Нүүх үү, үлдэх үү гэдэг сонголтын аль нэгийг хийх шаардлага тулгарч байсан. Мөн их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр нүүлгэхэд нийт 11 их наяд гаруй төгрөгийн төсөв шаардлагатай болсон.

Тиймдээ ч боловсон хүчний асуудлаас үүдэж дээд боловсролын байгууллагуудыг нүүлгэхэд бэрхшээл гарч ирсэн. Ийнхүү энэ ажил судалдаг, ажлын хэсэг байгуулдаг, Засгийн газрын шийдвэр гардаг ажил болж, замхардаг жишиг тогтсон гэж хэлж болно.

ЦАРЦСАН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЭХЛЭЛ НЬ ЗАХУУД, ДАРААГИЙНХ НЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД БАЙВ

Эрх баригчдын их нүүлгэлт их, дээд сургуулиудаар хязгаарлагдахгүй томоохон зах худалдааны төвүүд. "Нарантуул", 100 айл тэргүүтэй олны хөл тасардаггүй худалдааны төвүүдийг хотын А бүсээс гаргах нь олон давуу талтайг танилцуулж, үйлдвэрлэлийг ч хотоос зайтай байгуулах тухай Барилга хот байгуулалтын яам санаачилж байснаас хойш олон жил өнгөрчээ.

Ийнхүү 2014-2015 онд Зуун айл дахь барилгын материал үйлдвэрлэлийг Налайх дүүрэг рүү  шилжүүлэх бодлогыг хотоос барьж,  Үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл тэг зогссон.

Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын ордныг Төв аймаг руу нүүлгэх их нүүлгэлтийг хариуцах ажлын хэсгийн судалгаа албажиж амжилгүй ахин замхарч болзошгүй. Суурин бүс дэх зохицуулалт зөвхөн ажлын хэсгийн саналаар бус иргэд, нийтийн эрх ашгийг хангасан цагт хэрэгжинэ. Тиймээс их нүүлгэлтийн ээлжит попролт амжилт олох уу, эс бол яриа болоод л үлдэх үү гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Ямартай ч Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан талаар Засгийн газраас мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж