ХҮМҮҮС

"Мини" Макрон

"Мини" Макрон

Францын орчин цагийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдаар 34 настай Габриэль Аттал энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр томилогдсон. Энэ оны зургадугаар сард болох Европын парламентын чухал сонгуульд Францын засгийн газрыг удирдах үүрэг хүлээж авсан Габриэль Атталыг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Габриэль Аттал де Курис 1989 оны гуравдугаар сарын 16-нд Францын Ил-де-Франц мужийн Кламарт дүүрэгт төржээ. Түүний аав Ив Аттал нь хуульч, кино продюсер байсан бол ээж Марие де Курисс нь мөн кино продакшн компанийн ажилтан байв. Аав нь еврей, харин франц, орос гаралтай ээж нь үнэн алдартны шашинтан байсан бөгөөд Аттал ээжийгээ дагаад үнэн алдартны итгэл үнэмшлээр өсч хүмүүжжээ.

Аав нь түүнд “Чи үнэн алдартны шашинтай байж болно. Гэхдээ чи өөрийнхөө нэрнээс болж антисемитизмд нэрвэгдэн, бүх насаараа еврей гэдгээ мэдэрч амьдрах болно” гэж хэлж байжээ.

Тэрбээр Парис дахь элит зэрэглэлийн хувийн сургууль “École Alsacienne”-д сурсан. Энэ сургуульд тэр багаасаа англи хэл үзжээ. 2008-2011 онд Пантеон-Ассас их сургуульд хуулийн чиглэлээр сурч, 2012 онд нэр хүндтэй Шинжлэх ухааны По их сургуульд олон нийтийн харилцаагаар мастерын зэргээ хамгаалжээ. Түүний улс төрийн сонирхол 2006 оноос эхэлсэн. Тэрбээр 2006 онд Франц дахь залуусын жагсаалд оролцож байв.

ХАМГИЙН ХАМГИЙН ЕРӨНХИЙ САЙД

Боловсролын сайдаар ажиллаж байсан тэрбээр 20 сар ажиллаад огцорсон Элизабет Борныг орлох болжээ. 29 настайдаа Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохдоо л тэр засгийн газрын хамгийн залуу гишүүн болсон байсан юм. Боловсролын салбарт ажиллах хугацаандаа сургуулийн орчны хүчирхийллийн эсрэг кампанит ажил өрнүүлснээр нэр хүндээ өсгөж чадсан. Тэрбээр саяхан нэгэн алдартай телевизийн шоунд оролцохдоо дунд сургуульд дээрэлхүүлж байсан тухайгаа ярьсан байдаг.

Үүнээс өмнө 2012 онд Эрүүл мэндийн яаманд бүтэн цагийн ажилтнаар орж байв. Ийн улс төрийн карьераа эхлүүлээд 10 гаруйхан жилийн дотор тэр Францын төрийн хоёр дахь өндөр албан тушаалд хүрсэн нь энэ юм.

2017 оны сонгуулийн дараа Габриэль Аттал парламентын гишүүн болсон. Гайхалтай мэтгэлцэх чадвараараа тэр парламентын танхимд ялгардаг байсан нь ерөнхийлөгчийн анхаарлыг татсан ажээ. Харилцааны гайхалтай ур чадвар, аливаа асуудлын голыг нь олж үг хэлдэг чанар нь түүнд “Үгээр мэргэн буудагч” хочийг авчирчээ.

Тэрбээр Социалист намын гишүүн байсан боловч 2016 онд Эммануэль Макроны шинээр бий болгосон төв үзэлтэй “En Marche” намд элссэн. Үүнээс хойш Аттал улс төрийн карьерын шатаар зогсолтгүй өгсчээ. Тэрбээр “En Marche” намын дарга, засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, улсын бүртгэлийн сайд, боловсролын сайд зэрэг хэд хэдэн өндөр түвшний улс төрийн албан тушаал хашсан. Улмаар өнгөрсөн оны зургадугаар сард Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогдсон байна.

Габриэль Аттал улсынхаа түүхэнд хамгийн залуу, анхны ижил хүйстэн ерөнхий сайд болжээ. Францын ерөнхий сайд агсан Лоран Фабиус 1984 онд 37 настайдаа албан тушаалаа хүлээж авсан. Энэ нь тухайн үедээ дээд амжилт байсан юм.

Тэрбээр ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын холбоотон гэгддэг Стефан Сежурнтэй хамтран амьдардаг байсан ч 2022 онд харилцаагаа дуусгавар болгожээ.

Залуу нас, эрч хүчтэй амбицаараа Францын улс төрийн "алтан хүү" гэгддэг байсан Макрон парламентын олонхигүйн улмаас суларсан засгийн газартаа хүч нэмэхийн тулд Атталд найдлага тавьж байна. Саяхны нэгэн санал асуулгаас харахад иргэдийн 36 хувь нь Габриэль Атталыг сайн ерөнхий сайд болно гэж найдаж байгаагаа хэлжээ.

Тэр бүү хэл зарим хэвлэлд түүнийг “мини Макрон” гэж нэрлээд, 2027 онд Макроны оронд ерөнхийлөгчөөр томилогдож магадгүй гэж үзээд байна.

Эх сурвалж: THE GUARDIAN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-28 185.220.101.29

ха ха ха, Гоймонгийн гоомоо найз залуу нь юм шд энэ, энэ хоёр яаж эр эм бололцож учраа олдог юм болдоо, ха ха ха.
Наполеон жижигхээн погдгор амьтан байсан. Макроныг мини Наполеон гэдэг, энэ найз залууг нь мини Макрон гэхээр ха ха ха.

Avatar

Нэргүй 2024-03-28 202.131.245.243

Энэ залуу чинь Макароны нөхөр нь шүү дээ. 😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж