Цэнхэр дугаарыг нь олгож, аян замд үдлээ

Хуучирсан мэдээ: 2024.03.26-нд нийтлэгдсэн

Цэнхэр дугаарыг нь олгож, аян замд үдлээ

Цэнхэр дугаарыг нь олгож, аян замд үдлээ

Байгаль хамгаалагч нар өнөөдөр /2024.03.26/ цоо шинэ автомашинаа гардаж, цэнхэр дугаараа зүүн, аян замд гарлаа.

Жилийн өмнө Зам тээврийн хөгжлийн яам төрийн автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах зорилгоор цэнхэр дугаарыг санаачилсан. Монгол Улсын хэмжээнд төрийн данстай 14 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болохыг тухайн үед салбарын яамнаас мэдэгдэж байв. Гэвч албан тушаалтнууд төрийн машиныг хувьдаа ашиглахад амар гэж боддог уу, цэнхэр дугаар зүүгээгүйгээс хэл ам таталсаар буй.

Харин Байгаль орчин аялал жуулчлалын яам “Ниссан патрол GRX” маркийн 792 мянган еврогийн үнэ бүхий бартаат замыг туулах чадвар сайтай 16 автомашиныг хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгүүтээ цэнхэр дугаар автомашинд нь зүүж, байгаль хамгаалагч нараа аян замдаа сайн явж, зорьсон хэргээ бүтээхийг ерөөлөө.

Туулах чадвар сайтай шинэ машинтай болсноор байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл сайжирч, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах зэрэгт үр дүн гарна гэж үзэж байна.

Автомашиныг Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар, Говийн бага дархан цаазат газар, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Их газрын чулууны байгалийн цогцолборт газар, Их богдын байгалийн цогцолборт газар, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар,  Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газар, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газар, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Богдхан уулын дархан цаазат газар, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өгөв.

Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгаль хамгаалагч нарыг автомашинаар хангаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж