Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийн судалгааны тайланг танилцуулах арга хэмжээ өнөөдөр /2024.03.26/ “Шангри-Ла” зочид буудалд боллоо.
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөртэй холбоотой суурь конвенцуудад нэгдэн орсноор хүний эрхийг ноцтой зөрчсөн аливаа практикийг хориглох, устгах үүргийг хүлээсэн юм.
Монгол Улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдийн хөдөлмөрийг хөвгүүд зонхилон эрхэлж байна. Дээрх насныхнаас таван хөвгүүн тутмын нэг нь, найман охин тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлжээ. Байршлаар нь авч үзэхэд,Улаанбаатар хотод амьдардаг 5-17 насны арван хүүхэд тутмын нэг нь, хөдөөгийн гурван хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлсэн байна. Түүнчлэн судалгааны үр дүнгээр хөдөлмөр эрхэлж буй нийт хүүхдийн 42.0 хувь нь аюултай ажил хийж байгаа нь санаа зовоосон асуудал болж хувирч буй юм.
Хүний эрхийн үндэсний коммиссын хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг:
-Эцэг, эх нь салсан, архины хамааралтай эцэг эхчүүдийн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй байна. Хэдий тухайн өрх амьжиргааны баталгаажих төвшинөөс доогуур биш боловч эцэг эх асран хамгаалагчийн зүгээс хараа хяналт сул болоод ирэхээр хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирох, архи тамхи мансууруулах бодисонд донтох. Цаашлаад биеэ үнэлэх, садар самуунд уруу татагдах, хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх нөхцөл өндөр байна гэж үзсэн.
Шинж чанарыг нь авч үзвэл хүүхдүүд олон цагаар ажиллах, цалин хөлс авахгүй байх, цалин авсан ч эцэг эхдээ шууд өгөх, хөдөлмөр эрхлэх явцдаа бие махбодын болон эрүүл мэндээр хохирох. Сургуулиас завсардах, хүүхдийн эрхийн зөрчлүүд түгээмэл тохиолдож байна. Хүний эрхийн үндэсний коммисоос уяач хүүхдүүдийн асуудлыг тусгайлан авч үзсэн.
Уяач хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байх явцдаа мориноосоо унаж бэртэх, зодуулах шийтгүүлэх, олон цагаар ажиллах сургууль завсардах, найз нөхөдгүй болох зэрэг эрсдэл учруулж байгаа нь өөрөө хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг хэлбэр юм гэлээ.
Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон 18 ба түүнээс дээш насны 1000 хүн тутмын хоёр нь албадан хөдөлмөрт өртсөн байна. Үндэсний статистикийн хорооноос анх удаа албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2022 онд хийж, үр дүнг олон улсын аргачлалын дагуу тооцсон. Судалгааны үр дүнгээр насанд хүрсэн 1000 хүн тутмын хоёр нь албадан хөдөлмөрт өртсөн байгаа бол хүйс болон насны бүлгээр авч үзэхэд, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү, 18-34 насны залуучууд 35 ба түүнээс дээш насны хүмүүстэй харьцуулахад албадан хөдөлмөрт илүү өртдөг байна. Харин хот, хөдөөгийн хүн амын дунд албадан хөдөлмөр эрхлэлт харьцангуй бага байна.
Дэлхийн улс орнуудын тэргүүнүүд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлахдаа 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг, 2030 он гэхэд албадан хөдөлмөрийг устгах зорилтыг дэвшүүлжээ. Иймээс эдгээр үүрэг, зорилтын хэрэгжилтийг хянаж, ахиц дэвшлийг үнэлэх, цаашдын бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулах тоон болон чанарын судалгаануудын үр дүнг Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс. Эн Ар Си Си судалгааны байгууллага хамтран хийжээ.
Э. ДАРИЙМАА, М. ЦЭРЭННЯМ
зочин 2024-03-26 192.82.66.30
түрээс өндөр зочид буудлууд газарт хурал хийхээ больмоор байна харин их дээд сургуулийн хурлын лекцийн зааланд хийгээд түрээсийн мөнгө өгдөг баймаар
зочин 2024-03-26 103.212.117.88
Хүний эрхийн үндэсний комисс өндөр зэрэглэлийн зочид буудалд судалгааны дүн ярьж суухын оронд
ажлын үр дүн ярих ёстой шүү.Бүтэлгүй нөхдүүд.
Зочин 2024-03-26 80.255.41.4
Шангриллад хуралдаж байхаар гэр хорооллын аль нэг хэсэг эсвэл тэр хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдийн орчинд очиж наад мэдээллээ хийж харуулаач. Улсын мөнгө идсэн юу ч хийдэггүй худлаа бүлтэрсэн нөхдүүд.