Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ёстой тухай хэдэн үг…

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ёстой тухай хэдэн үг…

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ёстой тухай хэдэн үг…

Манай улсын нийт ААН-ийн 90 гаруй хувийг жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид эзэлдэг. Тэд олон зуун ажлын байр бий болгож, эдийн засагт бага гэлтгүй хувь нэмэр оруулдаг. Харин жижиг, дунд, бизнес эрхлэгчдийн 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Гурван жилийн өмнө гарааны бизнесээ эхлүүлсэн С.Ичинхорлоо тэдний нэг. Тэрээр сэтгүүл зүйгээс хувцас загварын салбар руу шилжжээ.

-2017 онд би шүр сувдаар толгойн гоёл чимэглэл хийн худалдахад эргэн тойрны хүмүүс их дэмжиж, надаас авдаг байв. Хүүхдээ хараад гэртээ байдаг эмэгтэйчүүд төрөл бүрийн зүйл урладаг ч дийлэнх нь хэрхэн борлуулахаа мэддэггүй. Иймд би тэднээс ярилцлага авдаг болсон.

Салбар салбарын бүтээлч хүмүүстэй байнга уулзаж, гарааны бизнес хэрхэн эхлүүлэх талаар анхан шатны ойлголттой болсон. 2022 онд “Сова” нэрээр эмэгтэйчүүдийн пиджак, юбка оёх болсон. Сэтгүүлч найзтайгаа, хоёулаа эхлүүлсэн юм. Бид 500, 500 мянган төгрөг гаргаж, нэг сая төгрөгөөр материалаа авч, таван пиджак оёод, ажлаа эхлүүлж байв. Найз маань бүтэн цагийн ажил хийдэг болохоор над шиг бүх цагаа зарцуулж чадахгүй байв. Иймд би ганцаараа ажлаа үргэлжлүүлж байна.

 – Анхны санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

Манай нөхөр 500 мянган төгрөг, хадам аав ээж маань хоёр сая төгрөг болон Singer оёдлын машин авч өгсөн юм. Ер нь эмэгтэй хүн бизнес хийхэд гэр бүлийн дэмжлэг их чухал. Бид гурав дахь жилдээ ажиллаж байгаа ч өнөөг хүртэл нөхрөөсөө тусламж  авах үе бий. Амралтын өдөр хань маань захиалсан хувцсыг хэрэглэгчдэд хүргэдэг. Одоо таван хүнийг ажлын байраар хангаж байна. Тогтмол үйлчлүүлдэг хүмүүстэй болж, орон нутгаас ч захиалга ирдэг болсон. Эхний жил би гэртээ шөнө 01.00, 02.00 цагт харьдаг байв. Тэр үеэ бодвол одоо ажил маань цэгцэрсэн.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, эмэгтэйчүүд ямар орчин нөхцөлд ажилладаг вэ?
– 2021 онд манай улсад 147 мянган ААН бүртгэлтэй байсны 62 хувийг эрэгтэй захирлууд удирджээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны байдлаар энэ хувь 63 болж, гурван жилийн турш ердөө нэг хувиар өсжээ. Үйлчилгээ, худалдаа, барилга, дэд бүтэц гээд бүх салбарт эрэгтэй захирлууд зонхилдог. Улс төрд ч ийм дүр төрх бий.

Гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд тоогоороо давамгайлдаг ч шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд илүүрхсэн хэвээр байна. Аж ахуйн нэгжүүдэд удирдах албан тушаалтай эмэгтэйчүүд 37 хувь байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж цалин ч ялгаатай. 2023 онд манай улсын дундаж цалин хоёр сая төгрөгт хүрсэн. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.2 сая төгрөг болсон бол эмэгтэйчүүдийн дундаж цалин 1.7 сая төгрөг буюу 500 мянган төгрөгөөр бага. Учир нь эмэгтэйчүүд удирдах албан тушаал хаших нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад цөөн, бага цагаар ажилладаг, гэрийн буюу хөлсгүй ажлыг илүү хийдэг. Мөн гэртээ гар урлал эрхэлдэг гэх мэт албан бус салбарт ажилладаг тул төрөөс олгодог татварын хөнгөлөлт, урамшуулал гэх мэтэд хамрагдаж чаддаггүй.

ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАРДАГ ТҮГЭЭМЭЛ АСУУДЛУУД

Энэ асуултын хариултыг Tejvan Pettinger-ийн бичсэн “Cracking Economics” номд тайлбарласныг эдийн засагч Д.Ган-Очир орчуулжээ.

#Мэргэшил Өнгөрсөн хугацаанд эрчүүд илүү боловсролын зэрэг хамгаалж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх хандлагатай явж ирсэн. Энэ нь яагаад тэд илүү өндөр цалин  авдгийг тайлбарлах нэг хүчин зүйл болох талтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд боловсролын зөрүү буурч, яг ижил боловсрол, мэргэшилтэй бүлгийг харьцуулахад хөдөлмөрийн хөлсний зөрүү байсаар байна.

Дэлхийн дунджийг тооцоход сургууль төгсөөд 10 жил болсон, ахисан түвшний боловсролтой эмэгтэй ижил түвшний боловсролтой эрэгтэйн цалин, хөлсний орлогын 77 хувьтай тэнцэх цалин, хөлс авч байна.

Манай улсын дундаж цалинг тооцоход энэ харьцаа 2022 онд 83 хувь байв. Манай оронд менежерүүдийн хувьд энэ харьцаа 92, мэргэжилтний хувьд 80, худалдаа, үйлчилгээний ажилтнуудын хувьд бүр 78 хувь болж буурдаг.

#Илүү цаг Эрчүүд хүнд хүчир, илүү цагаар ажиллах шаардлагатай ажил хийдэг. Эмэгтэйчүүдийн ажилладаг үйлчилгээний салбарын ажлууд нь илүү цаг, нэмэгдэл хөлс авах боломж харьцангуй бага байж болно.

#Карьер завсарлалт Эмэгтэйчүүд хүүхэд гаргахаар карьертаа завсарлага авдаг. 35 настай эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийн цалингийн 90 хувьтай тэнцдэг. Гэвч 55-64 насан дээр энэ үзүүлэлт 74 хувь руу буурдаг. Жирэмсний амралт авах нь ажлын байранд шаардлагатай ур чадвараа алдахад хүргэж, албан тушаал ахих, цалингаа нэмэх боломжийг хязгаарлаж болно. Мөн компаниудад жирэмсний амралт тодорхой хугацаанд авахгүй байх магадлалтай ажилтныг ажилд авах сонирхол илүү байдаг.

Учир нь компанид жирэмсний амралтын хугацааны тэтгэмж төлөх, өөр түр орлон гүйцэтгэх ажилтан хайж олох зэрэг нэмэлт зардлууд гарна. Энэ зардлыг хамгийн бага байлгахад анхаарснаар эмэгтэйчүүдийг “ялгаварлан гадуурхах” нэг нөхцөл болдог.
Цалин бага байх хэрээр орлого бага, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэрэг үндэслэлээр эмэгтэйчүүд зээл авахад эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү хүндрэл учирдаг, заавал хамтран зээлдэгчтэй байх шаардлага тавигддаг зэрэг судалгааны үр дүнгүүд бий.

#Даруу зан АХБ-наас хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд ажлын эхлэл цалингаа бага байхыг ихэнхдээ хүлээн зөвшөөрдөг. Эмэгтэйчүүд ур чадвараа, гүйцэтгэлдээ, өөрийгөө дөвийлгөдөггүй, заримдаа доогуур үнэлэх хандлагатай. Иймд дэлхий даяар хүйсийн тэгш байдалд анхаарах болж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж эхэллээ. Энэ нь дараах шалтгаантай.

ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ НЬ ОЛОН ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

  • Өрхийн орлого өсөж, хүүхдийн боловсрол сайжирдаг.
  • Бизнесийн салбар дахь жендэрийн ялгааг бууруулах замаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн болон шийдвэр гаргах түвшний оролцоог нэмнэ.
  • Ажилгүйдэл буурна.
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдийг эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлнэ.
  • Эмэгтэйчүүдийн амьдралын чанар сайжирна.
  • Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй нөхцөлд хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгоно.
  • Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлнэ.
  • Нийгэмд тэгш байдлыг бий болгоно.

Бусад улсын жишээ
Нэг үйлдвэрт ижил ажил хийдэг эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ бага цалин авдаг байдал саяхныг хүртэл өндөр хөгжилтэй орнуудад ч байв. Энэхүү илт ялгаварлан гадуурхалтыг 1970 онд Англид “Ижил төлбөр”-ийн хууль гаргах замаар бууруулжээ. Хууль баталснаар эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсний орлого 1960 онд эрчүүдийн орлогын 60 хувьтай тэнцүү байсан бол 2016 онд 80 хувь болжээ.

ЭНЭ ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Жүр үр” компанийн дэд захирал Б.Мөнхзул: Аж ахуй эрхлэгч эмэгтэй гэж хэн бэ гэдгийг тодорхойлох нь маш чухал. Манай хуулиудад ийм тодорхойлолт байдаггүйн улмаас бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн манлайлал дутмаг байна.

Эмэгтэй хүний нийгэмд үзүүлэх үр нөлөө маш өндөр. Тийм ч учраас бизнесийн салбарт эмэгтэйчүүд амжилт үзүүлбэл өрхийн болоод улсын нийгэм, эдийн засагт өндөр нөлөөтэй. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх нь зөв.

“Кite Mongolia” компанийн үүсгэн байгуулагч, захирал Л.Болормаа: Компанийн тухай хуульд эмэгтэй бизнес эрхлэгчийн тодорхойлолтыг оруулбал бизнесийн тэгш орчин бүрдэнэ. АНУ-аас угшилтай энэ заалтыг 60-д улсад ямар нэг байдлаар хуульчилсан.

1990-ээд онд АНУ-д энэхүү заалтыг хэрэгжүүлэх төрийн, төрийн бус  байгууллагууд байгуулагдан эмэгтэй бизнес эрхлэгчийн компани мөн болохыг гэрчлэн тодорхойлж, түүгээр дамжуулан төрийн болон орон нутгийн худалдан авалт, хөнгөлөлттэй зээл, бусад төрийн дэмжлэгтэй хөтөлбөрт тэгш оролцоог хангах, эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжиж ирсэн.

Зарим томоохон ААН нийт худалдан авалтынхаа тодорхой хувийг эмэгтэй бизнес эрхлэгчээс хангана гэх мэт дотоод дүрэмтэй. Эмэгтэйчүүд хүүхдээ асрах гэх мэт давхар үүрэгтэй учир мэдээлэл дутмаг, төрийн ажил үйлчилгээ дэмжлэгээс гадуур үлдэх гэх мэт нийтлэг бэрхшээлтэй.

Судалгааны институтын дарга асан О.Түмэн-Амар: Эмэгтэй бизнес эрхлэгчид шинэ стратегийг турших сонирхолтой байдаг, иймд таван хувиар илүү инновацлаг бизнес эхлүүлэх магадлалтай. McKinsey&Company-ийн 12 орны 1000 компанид хийсэн судалгаагаар удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21 хувиар илүү дундаас дээш түвшний ашигтай ажилладаг. ОУВС-аас 2014 онд Монголд хийсэн судалгаагаар эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгж илүү урт бизнесийн насжилттай байна" гэдэг сонирхолтой судалгаа бий.

Манай улсад хүйсээр ангилсан бизнес эрхлэгчдийг бүртгэх, холбогдох статистик мэдээлэл цуглуулах гэх мэт ажлуудыг эхлүүлжээ. Цаашид эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх, тэднийг сургалтад жигд хамруулах гэх мэт олон ажил хийх шаардлага бий.

Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтээр Монгол 80 дугаарт эрэмбэлэгдлээ. Эмэгтэйчүүдийн эдийн засаг-нийгэм соёлын эрх хангалтгүй, 50 хувиас доогуур байна зэргээр судалгааны байгууллагууд анхааруулж, арга хэмжээ авахыг шаардсаар байна.

Иймд арилжааны банкууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээл олгох, олон улсын байгууллагууд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах зэргээр санаачилга гаргаж эхлэв. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгын тавдугаарт “Жендерийн эрх тэгш байдлыг хангах" зорилт дэвшүүлсэн. НҮБ-ын гишүүн орнууд 2030 он гэхэд энэ амлалтаа биелүүлсэн байх учиртай. Гэвч манай улсад бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой бага, өмч хөрөнгийн бүртгэлээс ч хүйсийн ялгаатай байдлыг харж болно.

Бизнесийн орчинд олон саад байгаа ч энэ бүхнийг үл харгалзан гарааны бизнес эрхэлж буй олон мянган эмэгтэйчүүд бий.Өнөөдөр тэдний бизнес жижиг бизнесийн ангилалд багтах ч маргааш дунд, дараа нь том бизнесийн эгнээнд шилжих нь цаг хугацааны асуудал.

Жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд олон зуун хүнийг тогтмол ажил орлоготой байлгаж, импорт орлох бүтээгдэхүүн, үйлчилгээг бидэнд санал болгон, зах зээлд өрсөлдөөн бий болгож, салбартаа шинэчлэлт өөрчлөлт авчирсаар байдаг. Иймд татварын, зээлийн гэх мэт урамшуулал эдлүүлж, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд дэмжлэг үзүүлбэл ирээдүйн томоохон компаниуд эндээс л төрнө.

 

Эх сурвалж : Gogo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nn 2024-03-25 66.181.187.223

Emegtei hun eregteigee bodvol huch sul bolhoor l tegj bgashdee!

Yamar ch ajild ugasa eregtei hun sain baidag biz de???
Yun ch surtei yum emegtei huntei baritsaad

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.93.96

Сэтгүүл зүйн салбарт энэ хүүхнээс үлгэр жишээ авч мэрэг жлээ сольмоор эр эм олон хүн бнаа ! Бичиг үсэгт муухан мөртлөө мэрэгжлийн нэр гутааж суухаар ингээд чадах чадах юмаа хийгээд явбал их сайн байгаа юм ш дээ !

Avatar

Нэргүй 2024-03-25 103.57.94.238

Бизнесийг дэмжихэд хүйс хамаагүй. үндсэн хуульд заасан тэгш эрхийг ханга.

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.178.206

naad zuvhun emegtei gedeg chinundsen huuliin erh tegsh gedgiig unheer zurchij bgaa shuu uun deer gomdol gargah heregtei

Avatar

Нэргүй 2024-03-25 66.181.178.206

yum l bol emegteichuud odooo boliochdeeeee het toxicfemnims chin herees heterjiheed bna , bair tureeslehed hurtel eregtei bol avahgui , emegtei bol bolno gej bna ergiu tastnuudaaaaaaa naad niigmiin chin tenstver arga bileg ni aldagjihaad bna ta nar ern henii gar hul yum veeeeeeee

Avatar

Иргэн 2024-03-25 139.5.217.85

Юм л бол эмэгтэйчүүдийг дэмжих хэрэгтэй л гэнэ. СОЛИОР гээд хэлчихье. Эрэгтэйчүүд ч бас бизнес хийж л байгаа. Үндсэн хуулиар тэгш эрхтэй гэдгийг тунхагласан байгааг яах гээв???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж