Ерөнхий сайд асан С.Баяр "долдугаар сарын 1-ний хэрэг" гэж нэрлэгдэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-нд болсон хэргийн талаар номоо бичиж дуусгасан учраас ҮАБЗ-д хандахаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Учир нь номонд орсон баримт, тэмдэглэлүүд төрийн нууцад орсон баримтуудад түшиглэсэн учраас ийнхүү хандаж, нууцаас гаргуулах хүсэлт гаргахаар болжээ. Энэ талаар ""Нууц" баримт нийтэлж хууль зөрчиж болохгүй. 2008.07.01-нд хуралдсан ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэл,хууль хүчний байгууллагын рапорт зэргийг "нууц" зэрэглэлээс гаргах асуудал байгаа юм.Би энэ талаар 2008,2014 онд ҮАБЗ-д хандсан боловч бүтээгүй.Одоо дахин хандана" гэж жиргэсэн байна. Түүний хэлж буйгаар шинээр гарах номных нь 60 хувь нь "нууц", "маш нууц", "маш нууц – онц чухал" тамгатай баримт ашигласан аж.
2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” ном бичиж, хэвлүүлсэн билээ. Тухайн үед “Хэзээ нэгэн цагт халаасан дахь задгай мөнгөө бүхэл болгож, ямар нэгэн ном гаргана гэсэн бодол байв. Сэтгэгдэл сайхан байна. Гэхдээ халаасанд дахиад задгай мөнгө үлдсэн. Номд багтаах гэсэн боловч олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж бодоод заримыг хассан. Тэгэхээр цаана нь энэ дайтай задгай мөнгө үлдсэн. Түүнийгээ хэзээ нэгэн цагт бүхэлдүүлж гаргана. Ямартай ч оршил нь энэхүү 60 хоног биш байгаасай л гэж хүсэж байна. Оршил нь гэрэл гэгээтэй байгаасай. Цаашдаа олны анхааралд байдаг, олны дунд яригдаад байдаг сэдвүүдийн талаар тус тусад нь, эсхүл нийлүүлээд нэг ном бичнэ гэсэн бодол бий. Ямартай ч, Монголын түүхэнд хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-ний үйл явдлаар ном бичнэ” гэж мэдэгдэж байсан юм.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ