Мэргэжлийн сүмогийн Харү башё Осака хотод болж өнгөрлөө. Энэ удаагийн башёд япон бөх Такэрүфүжи 13 даваа, хоёр унаатай түрүүлж, дээд зиндааны анхны түрүүгээ хүртэв. Башё эхлэхийн өмнө түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан бөхчүүд тун тааруу барилдлаа. Тухайлбал, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр даваа, таван унаатай башёг эхлүүлж, гэмтлийн улмаас үргэлжлүүлэн барилдаж чадаагүй бол озэки Киришима Б.Лхагвасүрэн таван даваа, арван унаатай, озэки Хошорюү С.Бямбасүрэн 11 даваа, дөрвөн унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман унаатай тус тус башёг өндөрлүүлжээ.
Тэгвэл Такэрүфүжи түүх бүтээсэн. Тэрбээр 1914 оноос хойш сүмогийн 110 жилийн түүхэнд дээд зиндаанд барилдсан эхний башёдоо түрүүлсэн анхны бөх болжээ. Удахгүй 25 нас хүрэх тэрбээр өнөөдөр/2024.03.25/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Олон хүн надтай холбогдож, баяр хүргэсний дараа л үнэхээр өөрийгөө түрүүлчихлээ гэдгээ ухаарсан" гэжээ.
Аомори мужаас гаралтай түүний нэр нь Микияа Ишиока бөгөөд сүүлийн өдрийн барилдааны өмнөх өдөр Асанояамад өвдөг шороодох үеэрээ шагайндаа бэртэл авчээ. Хэдий шагай нь гэмтэлтэй байсан ч сүүлийн өдөр шүд зуун Гонояаматай барилдаж, дийлжээ. Хэрэв сүүлийн өдөр Такэрүфүжи ялагдсан бол Оносатод түрүүлэх боломж гарч ирэх байв. Такэрүфүжи үргэлжлүүлэн "Би өөрийнхөө гараар аварга авахыг хүссэн. 15 өдрийн барилдаанд бүтэн барилдсандаа баяртай байна" гэж ярилаа.
Такэрүфүжи болон ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр Исэгахама гэх нэг дэвжээнийх бөгөөд сүүлийн өдөр ёкозүна Тэрүнофүжи түүнд хандан "Түрүүлж чадна" гэж хэлжээ. "Миний бие зөнгөөрөө л хөдөлчихсөн. Юу болсныг нь мэдэхгүй байна" гэж сүүлийн барилдааныхаа талаар дурсав.
Такэрүфүжи Харү башёгийн эхний өдрөөс эхлэн 11 дараалан даваа авсан амжилтаараа домогт Тайхо аваргатай зэрэгцэж, дээд зиндааны анхны башёдоо хамгийн олон даваа дараалан авсан бөх болжээ.
Нэргүй 2024-03-25 59.153.115.24
Шал утгагүй юм бичих юмаа! Сүүлийн өдрийн барилдааны өмнөх өдөр ч гэх шиг 😂 Зүгээр л 14 дэх өдөр гээд бичнэ биз дээ 😅😂🤣
Магадгүй 2024-03-25 202.55.188.117
япончууд Млнголын аваргын зогсолтгүй байх амжилтыг зогсоож бхйгаа санагдсан. тиймээс Хакухогийн дэвжээний залууг эртхэн буулгаж сумо н ертөнцөөс хөөсөн гэж боддог доо
Нэргүй 2024-03-25 103.212.162.199
Түүний дутагдал гэвэл хэт нарийхан шилбэ, бугуй ай тул тэнцвэр муухан, хөлдөө гэмтэл авах магадлал өндөртэй юм. Бяр, барилдааны эв дүй, техник сайн бололтой