ОХУ зуны довтолгоонд зориулж 100 мянган цэрэг бэлтгэж байгааг Украины Хуурай замын хүчин мэдэгдлээ.
"Бид Оросын төлөвлөгөөг бүрэн дүүрэн мэдэхгүй байна. Бид зөвхөн тэдэнд байгаа өгөгдөл, юу хийж байгааг нь мэдэж байна. Тэд 100 мянга гаруй хүнтэй бүлэг үүсгэж байгаа. Энэ нь заавал довтолгоонд зориулаагүй ч байж болно. Байлдааны чадвараа алдсан анги нэгтгэлүүдийнхээ цоорхойг нөхөх зорилготой ч байж магадгүй. Зун эхэлмэгц тэд аль нэг чиглэлд довтолгоо явуулах магадлалтай" гэж хурандаа генерал Олександр Павлюк хэллээ.
Магадлал бүхий дайралтад бэлтгэж Украины тал зарим бригадаа эргүүлэн татаж эхэлсэн байна.
Дайны судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэнээр Орос улс мөргөлдөөний санаачлагыг гартаа авахын тулд Украины зүүн хэсэгт довтолгоогоо тасралтгүй үргэлжлүүлж байгаа бололтой. Тэд хоёрдугаар сард Авдийвкад гаргасан амжилтаа хадгалахыг хүсч байгаа аж. Авдийвкагаас хойш ОХУ-ын хүчин хэд хэдэн жижиг амжилт гаргасан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт тэд Авдийвкагийн ойролцоох хоёр жижиг тосгоныг хяналтдаа авчээ.
Украины зүүн хэсгийн Донецк мужид орших Авдийвка, Лайман, Бахмут зэрэг чиглэлд Орос гол хүчээ хаяж байна.
Авдийвкагийн тулаанд хоёр тал аль аль нь асар их гарз хохирол амссан. Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр хоёрдугаар сард ОХУ өдөрт дор хаяж 1000 цэргээ алджээ. Энэ нь дайн эхэлснээс хойших хамгийн их хохирол юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ