"Х-ТҮЦ" продакшныг оюуны өмчийн хулгайн хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2024.03.25-нд нийтлэгдсэн

"Х-ТҮЦ" продакшныг оюуны өмчийн хулгайн хэргээр шалгаж байна

"Х-ТҮЦ" продакшныг оюуны өмчийн хулгайн хэргээр шалгаж байна
Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчдийг оюуны өмчийн хулгайн асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шууд хэрэг бүртгэл нээсэн байна. Тодруулбал, “Х-ТҮЦ” хамтлаг нь нэрт зохиолч Ц.Доржготовын дөрвөн зохиолыг зөвшөөрөлгүй өөрсдийн бүтээл мэтээр тайз болон кино контент хийсэн. Харин “Аглуу энтертаймэнт”-ийн хувьд нэрт зохиолчийн хоёр бүтээлээр хоёр контент хийсэн хэргээр шалгаж байгаа аж.
Уг зохиолууд нь эхнээсээ аваад утга санаа, логик дараалал, дүрүүд болон дүрүүдийн нэрийг эх бүтээлээс хуулбарлан авсан гэдгийг зохиолчийн хууль ёсны төлөөлөгч онцолж байгаа юм.
Хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, санаатайгаар олон удаагийн үйлдэл, их хэмжээний хохирол байгаа тул цагдаад хандах үндэслэлтэй болжээ. Прокуророос ч гэсэн яг ийм албан тоот бичгийг ирүүлжээ. Энэ тухай зохиолчийн хууль ёсны төлөөлөгч мэдээлэхдээ “Цагдаагийн хэлтэст бид гомдол гаргасан нь үнэн. “Цагийн өнгө” гэдэг туужийг хулгайлсан нь Х-ТҮЦ" хамтлагийн хувьд дөнгөж мөсөн уулын орой нь. Энэ тав, зургаан зохиолын маргаанаар дуусахгүй. “Х-ТҮЦ” хамтлаг аавын минь зохиолоос хулгайлсан бол ахиад хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн юм. Зохиолч Ц.Доржготов гуайн хувьд сор болсон олон зохиолыг нь зөвшөөрөлгүй ашиглаж, үнэт үзэл санааг нь гуйвуулж, мөнгө олох марзагнал болгон тоглосон явдалд асар их гомдолтой байгаа аж. Үүнээс гадна зохиолчийн ар гэр, өмгөөлөгч, Монголын Зохиолчдын эвлэл, утга зохиолын чадварлаг шүүмж судлаачид хамтран хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна.
Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшнтай үүссэн оюуны өмчийн маргааны талаар зохиолч, нийтлэлч Ц.Доржготовын хүү Д.Буян өмнө нь ярилцлага өгөхдөө "Ер нь хошин урлагийнхан 1990-2000 оны хооронд аавын зохиолуудаас тоглодог байсан. Аав маань хошин зохиолынхоо төрөлд үндэслэгчдийн нэг гэж хэлж болно. Тэр үед оюуны өмч гэж байгаагүй. Тэгсхийгээд өнгөрдөг байсан. Одоо бол харьцангуй өөр болсон. Миний хувьд 2003-2010 он хүртэл хошин урлагийн зохиол бичиж байсан. "Шинэ үе" продакшнтай хамтран таван жил ажиллаж, "Комеди арт", "Захиалгат инээд", "DOZ" энтертайнментын уран бүтээлчдэд зохиол бүтээлээ нийлүүлж байсан.

Хошин урлагийн уран бүтээлчдийг таньдаг болохоор Гавьяат жүжигчин Н.Ариунболд надад хандаж, "Аавынх нь "Сүнсэнд шингэсэн гэмшил" өгүүллэгийг хошин үзүүлбэр болгож ашиглая. Бид зохиолын утга агуулга, амин сүнсийг нь өөрчлөхгүй" гэж зөвшөөрөл авч байсан.

Бас нэлээд хэдэн жилийн өмнө "DOZ" энтертайнмент гэж байхад жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрийн хамт ирж, аавтай уулзсан. Тэгээд аавын гурван өгүүллэгийг Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран контент хийх зөвшөөрлийг авч байсан. Бид энэ хүмүүсээс мөнгө төгрөг авч байгаагүй. Гэтэл "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчид Оюуны өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд аав маань маш их эмзэглэж байгаа. Аавын минь нийгэмд хүргэх гэсэн үндсэн санааг гажуудуулж, маазраа болгон болхи, ургүй, арга ядсан байдлаар бүтээл хийхээр зохиолч хүн сэтгэл санааны хувьд ямар байдал орох нь тодорхой" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж