Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьж буй Хүүхэд залуучуудын театр 2024 оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад орох гэнэ. Шинэ театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд ажиллаж байгаа.
Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авсан юм. Энэ театрыг 2022 онд ашиглалт оруулна гэж байсан ч 2024 онд үүдээ нээгээгүй л байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Соёлын дэд сайд П.Баттөр "Тус театрын барилгын явц 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно" гэдгийг онцолсон юм.
Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллах гэнэ. Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” компани 2019 онд гүйцэтгэсэн.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон юм.
Т.Хуншагай
Холбоотой мэдээ