Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Ли Сун Кюн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд амиа хорлож нас барсан. Түүний хар тамхины хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны талаарх мэдээллийг задруулсан гэдгээ цагдаагийн ахлах ажилтан хүлээн зөвшөөрчээ.
Мэдээлэл алдагдсантай холбоотойгоор Инчон хотын цагдаагийн газрын ахлах ахлагчийг энэ долоо хоногийн эхээр баривчлаад байсан. Тухайн офицер Инчон хотын цагдаагийн газрын хар тамхины хэргийн мөрдөн шалгах хэлтсээс гаргасан тайланг өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр задруулсан байж болзошгүй аж. Тэрээр хар тамхины хэргийн мөрдөн байцаах албаны гишүүн биш байжээ.
Уг тайланд Лигийн хар тамхины хэрэгтэй холбоотой хүмүүсийн нэрс, гэмт хэргийн бүртгэл, мэргэжил зэрэг хувийн мэдээллийг багтаасан байсан. Гэтэл дээрх мэдээллийн зураг арванхоёрдугаар сарын сүүлээр цахим орчинд нийтлэгдсэн аж.
Сэжигтэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд өдгөө дотоод тайланд хэрхэн нэвтэрч, хэнд задруулсан зэргийг шалгаж эхлээд байна. Инчон хотын цагдаагийн газар түүнийг саатуулсны дараа шууд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ