Ирэх сарын дундаас малын сэг зэм булж, устгах ажил эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Ирэх сарын дундаас малын сэг зэм булж, устгах ажил эхэлнэ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3.8 сая толгой мал хорогджээ. Орон нутагт зүй бу­саар хорогдсон малын сэг зэм хаа сайгүй байгаа нь цаг агаар ду­лаарснаас үхсэн малын сэг зэм гэсч орчин тойрноо бохирдуулснаас хэд хэдэн аймагт малын галзуу өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа билээ.  Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эдгээр сэг зэмээс үүдэн олон төрлийн халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байгаа учир онцгой байдлын мэргэжилтнүүд хоёр хэсэгт хуваагдан орон нутагт судалгаа хийсэн байна. Улсаас энэ ажил зориулж 5.5 тэрбум төгрөг гаргана гэж яригдсан ч Өвөрхангай, Ховд, Дундговь аймгуудад НҮБ-аас санхүүжилт хийгдэхээр болжээ. Харин бусад 18 аймагт Засгийн газраас 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргахаар төлөвлөжээ. Энэ нь Нийгэм хамгаалал, хөдөлмөр, хүнс хөдөө аж ахуйн сайдуудын багцаас гарч байгаа гэнэ. Мөн зуданд өртсөн аймгуудад 230 сая төгрөг олгож байсны үлдэгдэл хөрөнгийг ч дээрх мөнгөнд нэмэрлэхээр болжээ. Малын сэг зэм устгах ажлын хүрээнд НҮБХХ-ийн газраас хэрэгжүүлж байгаа “Хөдөлбөл хөлс” хөтөлбөрт Өвөрхангай, Дундговь, Ховд аймгийн 51 сумд хамрагдах юм байна. Эдгээр аймгийн малчид ирэх сарын дундуур малынхаа сэг зэмийг өөрсдөө булж, устгахаар болжээ. Энэ ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас 1,8 сая ам, доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд малын сэг зэмийг хэрхэн устгах талаар малчдад радиогоор заавар өгөх гэнэ. Малын сэг зэм устгах ажилд хотоо харлуулсан 20 мянган малчин сайн дураараа оролцохоор болжээ. Мөн хөдөлмөрийн чадваргүй хөгшид, хүүхэд ч уг ажилд хянагчийн үүрэг гүйцэтгэж цалин авах боломжтой аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар малын сэг зэм устгах ажил эхэлчихээгүй байгаа ч  ундны ус хот суурингаас хэдий хэжээний хол газар булах талаархи аргачлалыг  гаргаж байгаа гэнэ. Мөн нөгөө талаар газар гэсч цас ханзрахыг хүлээж байгаа аж. Гэхдээ урьдчилсан төлөвлөгөө ёсоор 5 сарын 15 гэхэд орон нутгийг малын сэг зэмнээс бүрэн цэвэрлэж дуусахаар төлөвлөөд байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж