МАН-ын III бага хурал өчигдөр /2024.03.26/ болж өндөрлөлөө. Тус бага хурлаар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх талаар эцэслэн баталсан. Мөн тус хуралдаанаас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах журмыг баталсан байна.
УИХ-ын сонгуульд оролцох намууд Сонгуулийн хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны өдөр аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх учиртай.
Тиймээс МАН бага хурлаараа хэлэлцэн баталсан мөрийн хөтөлбөрөө өнөөдөр аудитын байгууллагад хүргүүлнэ. МАН-ын хувьд нэгдүгээр сарын 01-нээс мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргаж ажилласан байна. МАН сүүлийн найман жилийн турш эрх барьсан учраас ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бүхий л салбарт тулгамдаж байгаа асуудалд асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгаа бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн онцолсон юм. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Монгол Улсын санхүүгийн чадавхи ямар байх талаар тооцоо судалгаан дээр үндэслэсэн, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн гэдгийг онцолсон юм. Мөн МАН-ын хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд аль нэг нам эвсэлтэй хамтарч оролцохгүй буюу дангаараа оролцох талаараа өчигдөр мэдэгдсэн юм. УИХ-д нэр дэвших хүнд дараах гурван зүйлийг гол шалгуур болгон тавих юм байна.
Нэгдүгээрт, МАН-ын Үндсэн дүрэм болон ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан эсэх талаар Ёс зүйн хороо дүгнэлтийг үндэслэх
Хоёрдугаарт, МАН-ын анхан болон дунд шатны байгууллагуудаас санал авах бөгөөд тухайн саналыг харгалзан үзэх
Гуравдугаарт, Олон нийтээс судалгаа авах бөгөөд тухайн судалгааны дүнг үндэслэж нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эцэслэн шийдэх шийдвэр гарсан байна.
МАН-аас өнгөрсөн хугацаанд нийгэмд шударга ёсыг тогтоохыг зорьж ажиллаж байгаа гэдгээ намын удирдлагууд болоод УИХ, Засгийн газрын гишүүд удаа дараа мэдэгдсэн. Тийм учраас нүүрсний, ногоон автобусны, хөгжлийн банкны зэрэг олон асуудлыг нийгэмд ил гарган тавьж нээлттэй сонсгол явуулсан гэж онцолдог. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж байгаа гэдгийг хэлж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн хүнийг УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар МАН Үндсэн дүрмэндээ заасан. Авлига, албан тушаалын гэмт хэргээс бусад төрлийн гэмт хэрэгт шүүхийн шийдвэр гарсан бол нэр дэвшүүлэхгүй гэж "авлига, албан тушаал"-ын гэмт хэргийг тусгайлан авч үзэхийг нэр дэвшигчийг тодруулах журамдаа заасан гэдгийг онцоллоо.
МАН-аас нэр дэвших иргэдийн хүсэлтийг гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авах юм.
Холбоотой мэдээ