Цахим спортын "CS2" төрлийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо үргэлжилж байна. Нээлтийн шат дуусч, хасагдах шатны өрсөлдөөн ид өрнөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл болсон Монголын "The MongolZ" баг өчигдөр/2024.03.22/ Мэйжорын ээлжит тоглолтоо хийлээ. Хасагдах шатыг 0-2 гэж тааруу амжилттай эхлүүлсэн тэдний хувьд хожигдвол нутаг буцах тун хариуцлагатай тоглолтыг Бразилын "paiN" багийн эсрэг хийв.
Бразилын багуудын эсрэг тун сайн тоглолтыг үзүүлдэг "The MongolZ"-ийг хожно гэж олон хүн бодож байсан нь лавтай. Гэвч санаснаар болсонгүй. Хэдий эхний "Mirage" дээр болсон тоглолтод Монголын баг ялсан ч дараагийн "Nuke" дээр болсон тоглолтод тэргүүллээ алдаж, хожигдов. Улмаар шийдвэрлэх тоглолт "Inferno" дээр болоход гурван нэмэлт цаг гарсны эцэст Бразилын баг ялж, хасагдах аюулаас аврагдлаа. "Inferno" дээр "The MongolZ" эхнээсээ дутуу тоглож, эцсийн мөчид барьж, нэмэлт цагт тэргүүллийг авсан ч "paiN" бууж өгсөнгүй.
"The MongolZ" энэ удаагийн Мэйжорын нээлттэй шатыг 3-2 гэсэн амжилттай, хасагдах шатыг 0-3 гэсэн амжилттай өндөрлүүллээ. Мөн тэд 20 мянган ам.доллараар шагнуулаад зогсохгүй ирэх Шанхайд болох Мэйжорт оролцох нэг эрхийг Азидаа авчирч байна. Энэ бол мөнгөнөөс илүү үнэлэгдэх том шагнал. Урьд нь Ази, Номхон далайн бүсээс ердөө хоёр баг Мэйжорт оролцож, Европ, Америк тивээс олон баг давуу эрхтэй оролцдог байв. Гэтэл "The MongolZ" энэ удаагийн Мэйжорын нээлттэй шатыг амжилттай давж, хасагдах шатанд өрсөлдсөнөөр Азийн чансаа ахиж, тивдээ нэг эрх нэмж чадлаа. Энэ эрхийг Монголын өөр нэг баг ашиглаж, монголчууд Мэйжорт хоёр багаа харахыг үгүйсгэхгүй.
2018 онд Хятадын "TYLOO" багаас хойш Азийн ямар ч баг шилдэг 16 багийн нэгээр тодорч байсангүй.
"The MongolZ" дэлхийн чансааны 20 дугаарт бичигдэж байна.
"The MongolZ" баг энэ удаагийн Мэйжорт оролцсон хамгийн залуу баг бөгөөд тэдний дундаж нас нь 19.5. Хамгийн ахмад нь багийн ахлагч "bLitz" 22 настай бол хамгийн залуу нь "mzinho" 16 настай.
Үүнээс гадна "The MongolZ"-ийн одоогийн бүрэлдэхүүн бүрдээд ердөө зургаахан сарыг үдэж байна. Асар богино хугацаанд Азидаа дийлдэшгүй болж, дэлхийн топ 16 багийн нэгээр шалгарлаа. Энэ бүрэлдэхүүнээ удаан хадгалж, туршлага суувал удахгүй Европ, Америкийн багуудыг илт илүүрхэх нь гарцаагүй.
Холбоотой мэдээ