Баасан гарагийн үдэш Москва хотын "Крокус сити" концертын танхимд зэвсэглэсэн этгээдүүд гал нээж, урьдчилсан байдлаар 60 хүний аминд хүрчээ. Мөн 100 гаруй хүн шархадсаны дотор талаас илүү нь маш хүнд шархаджээ.
Нас барсан хүний тоо 115 болж, 4 сэжигтнийг баривчлав
Москва хотын гаднах Красногорск хотын Crocus City Hall ордонд террорист халдлагын улмаас нас барсан хүний тоо 115 /хамгийн сүүлийн мэдээллээр/ болсон бөгөөд энэ тоо цаашид ч өсөх магадлалтай гэж албаныхан мэдээлэв.
Мөн дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд Москвад болсон террорист халдлагын улмаас гэм зэмгүй олон олон хүн амиа алдаж, шархадсанд эмгэнэл илэрхийлсээр байна.
Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) дарга Александр Бортников халдлага үйлдсэн 11 хүнийг, түүний дотор Украины хил рүү зугтахыг оролдсон дөрвөн гэмт этгээдийг саатуулсан гэж мэдээлжээ.
Халдлага үйлдсэн гэх 4 сэжигтэн баригдаж, нас барсан хүний тоо 93 боллоо
Өнгөрсөн шөнө "Крокус Сити Халл"-д болсон халдлагын үеэр амь үрэгдэгсдийн тоо дор хаяж 93 болсон ба энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж Оросын Мөрдөн байцаах хороо мэдээлэв.
Мөн Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэн байж болзошгүй 11 хүнийг баривчилсан бөгөөд үүний дөрвөн хүн нь гэмт этгээдүүд гэж ФСБ-ын Аюулгүй байдлын албаны дарга Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдлээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо өнгөрсөн шөнө болсон халдлагад сум, зэвсгийг ашигласан байж болзошгүй зургуудыг нийтэлжээ.
Эх сурвалж:BBC
Халдлагийн улмаас 60 гаруй хүн нас баржээ
Мөрдөн байцаах хорооны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр террорист халдлагын улмаас 60 гаруй хүн амиа алдсан ба уг тоо нэмэгдэж магадгүй байна. Нас барсан хүмүүсийн 3 нь хүүхэд байсан бөгөөд Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко 115 хүн эмнэлэгт хүргэгдсэний тав нь хүүхэд ба 30 гаруй хүн амбулаториор үйлчлүүлэх хүсэлт гаргасан байна. Мөн 60 хүний биеийн байдал хүндэрч бүх шаардлагатай хагалгааг хийжээ. "
Крокус Сити Халл"-д гарсан галын улмаас хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 12,900 ам метр талбай шатаж, дээвэр хэсэгчлэн нурж эхэлжээ. Галыг унтраахад нисдэг тэрэг ашигласан ба Онцгой байдлын яамнаас Бямба гаригт Москвагийн цагаар 01:00 цагийн орчимд галыг унтраасан гэж мэдэгдэв. "Гал унтраах ажиллагаанд нийт 477 хүн, 183 нэгж техник, түүний дотор Оросын Онцгой байдлын яамны 192 хүн, 79 нэгж техник хэрэгсэл оролцож байна" гэж хэвлэлийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж: Tass
ОХУ: Халдлагын асуудлаар НҮБ-ын ХАБ-ыг хуралдуулах хүсэлт гаргана
Москва хотын "Крокус Сити Халл" хөгжмийн танхимд болсон террорист халдлагын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулах хүсэлт гаргана гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны Элчин сайд Родион Мирошник мэдэгдэв.
"Манай дипломатууд энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр хөндөх болно. Тэд Аюулгүйн Зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулахыг шаардах болно. Ингэснээр дэлхийн хамгийн том олон улсын байгууллага терорист үйлдлийг буруутгаж магадгүй" гэж Родион Мирошник "Россия-24" телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэв.
Эх сурвалж: Tass
Украин: Халдлагийг Путины төлөвлөгөө гэж сэжиглэж байна
Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, холбогдох сувгуудаар нийтэлсэн байна. Америкийн тагнуулын албаны нэгэн албан тушаалтан Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ, Америкийн тагнуулын агентлагууд тус бүлэглэлийн Афганистан дахь салбар Москвад халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг олж мэдээд Оросын албаны хүмүүст мэдэгдсэн байна. Хэргийн дараа халдагчид оргон зайлсан ба мужийн мөрдөн байцаагчид эрэн сурвалжлах ажил эхлүүлсэн.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Димитрий Медведев Баасан гаригийн шөнө болсон халдлага Украинтай холбоотой байвал тус улсын өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож, “устгана” гэж мэдэгджээ. Мөн халдагчдыг олсон даруйдаа устгах хэрэгтэй гэв.
Украины Батлан хамгаалахын тагнуулын алба (HUR) "Крокус Сити Халл"-д болсон халдлагад холбоогүй гэдгээ мэдэгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины захиалгаар "Оросын тусгай албадын төлөвлөсөн санаатай өдөөн хатгалга" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Аnadolu agency
Халдлагa болж болзошгүйг АНУ мэдээлж байжээ
“Крокус Сити Халл” хөгжмийн танхимд болсон террорист халдлагын дараа эмнэлэгт хүргэгдсэн 145 хүний жагсаалтыг Москва мужийн Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна. Эдгээр хүмүүсийн есөн хүний биеийн байдал маш хүнд байгаа гэж албаны хүмүүс мэдээлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Крокус Сити Холл”-д болсон террорист халдлагыг буруутгасан бол ОХУ-ын ард түмэн, засгийн газарт эмгэнэл илэрхийлж байна гэж Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак мэдэгдлээ. Халдлага үйлдэгчдийг илрүүлэхийн тулд ослын газар тусгай ангиуд ажиллаж байгаа ба Оросын дээд албан тушаалтнууд Красногорскыг зорьсон байна.
АНУ-ын Элчин сайдын яам хоёр долоо хоногийн өмнө Москвад байх АНУ-ын иргэдэд олон нийтийн цуглаанаас хол байхыг сэрэмжлүүлжээ. Элчин сайдын яам "Хэт даврагчид Москвад болох олон нийтийн цуглааныг онилж байна" гэж сэрэмжлүүлж байсан ба Баасан гаригийн орой зөвлөмжөө шинэчилж, АНУ-ын иргэдийг халдлагын ойр орчмоос зайлсхийхийг уриалав.
Эх сурвалж: BBC, Tass
"Исламын улс" зэвсэгт бүлэглэл уг халдлагийг үйлдсэн гэж мэдэгдэв
Красногорскийн баруун хойд захад болсон халдлагад өнгөлөн далдлах хувцас өмссөн дор хаяж дөрвөн халдагч оролцсон гэж "ВВС" агентлаг мэдээлэв.
Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байсан ба нэрээ нууцалсан цахим хаягнаас "Исламын улс" зэвсэгт бүлэглэл уг халдлагийг үйлдсэн гэж мэдэгдэв.
"BBC” агентлаг “Исламын улс” бүлэглэл Орос руу дайрахыг удаан хугацаанд төлөвлөж байсан тагнуулын мэдээлэл олж авсан байна. Террорист халдлага болсны дараа “Крокус Сити Халл"-ын ойролцоох зогсоолуудыг албаны хүмүүс шалгасан байна.
Одоогоор ямар ч тэсрэх бодис илрээгүй гэж ОХУ-ын Төрийн Дум буюу парламентын доод танхимын гишүүн Александр Хинштейн мэдэгдэв. "Picnic" рок хамтлагийн тоглолтыг үзэхээр 6000 гаруй оросууд "Крокус Сити Халл"-ын концертын цогцолборт цугларсан байжээ.
эх сурвалж:BBC
TASS: Шархадсан хүний тоо 99 болж, тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна
Халдлагын улмаас "Крокус сити" концертын танхимд гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Оросын Онцгой байдлын яам террорист халдлагын үеэр шархадсан хүмүүсийн шинэчилсэн жагсаалтыг нийтэлсэн бөгөөд жагсаалтад шархадсан 99 хүн байна гэж мэдээлжээ.








эх сурвалж:BBC, TASS.COM
"Зэвсэгт этгээдүүд цагаан өнгийн Renault машинтай зугтсан"
Төрийн мэдлийн РИА Новости агентлагийн мэдээлснээр “Picnic” хөгжмийн хамтлаг тоглолт хийхээс өмнө зэвсэгт этгээдүүд "автомат зэвсгээр гал нээж, гранат юм уу шатдаг бөмбөг шидэж, улмаар гал гарсан" гэжээ. Дараа нь тэд "цагаан өнгийн Renault машинтай зугтсан" гэж мэдээллийн агентлаг мэдээлэв.
Мөн "Россия 24"-ийн мэдээлснээр, галын улмаас талбайн дээвэр хэсэгчлэн нурсан байна.
ОХУ: Халдлагын үеэр 60 хүн нас барж, 100 гаруй хүн шархаджээ
Баасан гарагийн үдэш Москва хотын "Крокус сити" концертын танхимд зэвсэглэсэн этгээдүүд гал нээж, урьдчилсан байдлаар 60 хүний аминд хүрчээ. Мөн 100 гаруй хүн шархадсаны дотор талаас илүү нь маш хүнд шархаджээ. Халдлагыг автомат буугаар зэвсэглэсэн 4-5 эрэгтэй хүн үйлдсэн бөгөөд хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар халдлагын үеэр хоёр ч удаа дэлбэрэлтийн чимээ сонсогдсон, дэлбэрэлтээс үүдэж, гал гарсан байж болзошгүй ОХУ-ын албаныхан таамаглаж байна.
"Террорист халдлагад 60 гаруй хүн амиа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Харамсалтай нь амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй" гэж эх сурвалж хэлэв.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мөрдөн байцаагч, гэмт хэргийн шинжээчид, шинжээчид Дотоод хэргийн яам, Холбооны аюулгүй байдлын албатай хамтран газар дээр нь мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Москва хотын дарга Сергей Собянин ойрын хоёр хоногт нийслэлд болох бүх нийтийн арга хэмжээг цуцалж, Оросын бусад хэд хэдэн бүс нутаг ч мөн адил дагаж мөрдлөө.
TASS.COM
Холбоотой мэдээ