Монгол Улсад дэлхийд анх удаа "Сансрын бөмбөлөг"-ийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Япон болон Монгол улсын эрдэмтэн судлаач нар хамтран Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр хоёр сансрын бөмбөлгийг өнөөдөр /2024.03.22/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байт харвааны талбайгаас хөөргөлөө.
Уг үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал тэргүүтэй төрийн албаны төлөөлөл болон Япон улсын элчин сайд Игавахара Масару нар оролцлоо.
Монгол улсын өргөргийн дагуу сунан тогтсон газарзүйн байршил нь сансрын бөмбөлгийг хөөргөж, судалгааны дээжийг аюулгүй, өөрийн газар нутаг дээр буулгах ач холбогдолтой юм. Монгол улсын хүн амын суурьшлын сийрэг байдал, өргөн уудам газар нутаг нь дэлхийн бусад улс оронтой энэ салбарт өрсөлдөх давуу тал болж байгаа юм. Сансрын бөмбөлөг нь сургалт, судалгааны, арилжааны гэх мэт олон зориулалттай байдаг.
Ерөнхий зохион байгуулагч Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвөөс гүн хөлдөөж хатаасан хүнсний бүтээгдэхүүний дээжийг уг бөмбөлөгтэй хөөргөлөө. Нян судлалын болон хоол хүнсэнд үзүүлэх цацраг идэвхт бодисын нөлөөг судалж, Марсын аналог хоол хүнсний хөгжүүлэлтийг сайжруулах зорилготой. Сансрын бөмбөлгийн чуулга уулзалт жил бүр Монгол улсад зохион байгуулагдах бөгөөд цаашид олон орны оролцогчдыг хамруулахаар төлөвлөөд байна.