Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог бөгөөд Усны газраас өнөөдөр /2024.02.22/ Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөг танилцууллаа.
Усны газрын дарга З.Батбаярын тэмдэглэснээр хүн төрөлхтний тэн хагас нь усны хомсдолт нөхцөлд амьдарч байна.
Монгол Улсын хувьд ч энэ аюул нүүрлэсээр байгаа. Иймээс усыг зөв зохистой ашигладаг болох нь чухал. Үүний тулд хот суурин газар болгон гадаргын усыг хуримтлуулдаг нууртай болох шаардлага үүсч байгаа аж.
2023 оны тооллогоор Монгол Улсын хэмжээнд 6841 гол горхи, 4439 нуур тойром, 639 рашаан, 14357 булаг шанд байна. Мөн Монгол орны хэмжээнд хөв цөөрөм байгуулах боломжит 19440 байршил байгаа нь тогтоогджээ. Эдгээрийг байгуулж чадвал гадаргын усыг ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр гүний усыг хайрлах боломж нэг талдаа бүрдэнэ.
Судалгаагаар Монгол Улс 2023 онд 645 сая метр куб ус ашиглажээ. Ирэх 2030 онд ус ашиглалт 2.3 дахин, 2040 онд гурав дахин нэмэгдэнэ гэдэг тооцоо гарсан байна. Тиймээс ашиг олох зорилгоор ус ашиглаж байгаа бол төлбөр төлөгч байя. Ус хэрэглэж байгаа бол хэрэглэгч байя гэдэг зорилт тавьж байна.
Усны газрын дарга З.Батбаяр:
-Ус ашиглаж байгаа бол төлбөр төлөгч байя гэдэг дээр хатуу тогтоё. Би шийгуа тарьж байгаа учраас төлбөр төлөхгүй гэж хэлмээргүй байна. Шийгуа тарьснаар Буянт гол Ховд голд руугаа цутгаж чадахгүй болж. Би зусландаа гарч байна, тийм болохоор чиний юу хэлэх надад хамаагүй ээ гэж хэлж байна. Уучлаарай би тэр нутгийн хүн учраас зоригтой хэлээд байгаа шүү. Буянт голын эрэг дээр 1000 айл зуслан бариад, 1000 айлын нүхэн жорлон нь Буянт голыг бохирдуулж байхад “сайхан байна” гээд сууж байдгаа болимоор байна.
Буянт гол дээр шийгуа тарьдаг хүн хэдэн тонн ус хэрэглэдэг вэ. Энэ бүгдийг мэддэг болох шаардалгатай байна гэлээ.
Г.ХОРОЛ