Монголын зудыг "CNN" онцлов

Монголын зудыг "CNN" онцлов

Монголын зудыг "CNN" онцлов

Монгол орон даяар өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон мал хорогдож байгаа талаар "CNN" агентлаг онцолжээ. "Сүүлийн 50 жилд тохиогоогүй хахир өвлийн улмаас таван сая орчим мал хорогджээ" гэсэн гарчигтай нийтлэлээс доор хүргэж байна.

Монгол оронд сүүлийн хагас зуунд тохиогоогүй хахир өвөл үргэлжилж, 4.7 сая гаруй мал үхэж үрэгдлээ. Мөн ард иргэдийн амьжиргаа, хүнсний хангамжинд энэ нь заналхийлж буйг Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг анхааруулав.

Зуд гэгдэх энэхүү хүнд нөхцөл байдал нь температурын огцом бууралтаас болж бэлчээрийн талбайг цас мөс бүрхэн, мал өвс тэжээлээ өөрөө олж идэж чадахгүйд хүрэхийг хэлдэг.

Монголд 300 мянга орчим хүн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд тэд үхэр, хонь, адууны махыг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна, зарж борлуулдаг. "Мал сүргээсээ бүрэн хамааралтай тэр хүмүүсийн хувьд хэдхэн сарын дотор ийм гачигдалтай байдалд хүрчээ. Тэдний зарим нь өдгөө өөрсдөө идэх хоол хүнсгүй, орон гэрээ халаах боломжгүй болсон байна" гэж Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Александр Матеоу хэллээ.

Арваннэгдүгээр сараас хойш дор хаяж 2250 малчин өрх малынхаа 70 гаруй хувийг алдсан. 7000 гаруй өрх хоол хүнсний дутагдалтай байна.

Зудын гамшиг нийт нутгийн 75 хувьд нөлөөлөөд буй бөгөөд цаашид ч нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. "Хавар болчихсон, гэвч Монголд өвөл үргэлжилсээр байна. Цастай хэвээр, мал сүрэг үхсээр байна. Энэ жил ч, өмнөх жилүүдэд ч монголчууд бэлтгэл сайтай байсан. Гэвч эрс тэс нөхцөл байдлыг даван туулахад энэ нь хангалтгүй байна" гэж Матеоу хэлжээ.

Монгол Улсын засгийн газар өнгөрсөн сард өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд энэ нь тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн амьжиргааны эх үүсвэрээ алдсан хүмүүст туслах зорилгоор санхүүжилт олгох уриалга гаргажээ.

Зудын улмаас малчдын эдийн засагт ихээхэн хохирол учирч, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн хувьд худалдаа, эрүүл мэнд, боловсрол гэх мэт үйлчилгээ тасалдсан.

Энэ жилийн зуд яагаад ийм хатуу байна вэ?
Малчин өрхүүд эх орныхоо өргөн уудам нутгаар малдаа шинэ бэлчээр хайж, улирлаа даган нүүдэллэдэг. Малаа өнтэй өвөлжүүлэхийн тулд тэд зуны улирлыг ашиглан тэжээл, өвс, үр тариа тариалдаг. Тэд Монголын өвөлд дассан байдаг ч гэлээ цас орж, эрс хүйтэрсний дараа зуны ган гачиг үргэлжлэх үед гамшиг нүүрлэдэг. Агаарын температур -30 хэм хүртэл буурдаг.

ДЭМБ-ын мэдээлснээр, энэ жил сүүлийн 49 жилд тохиолдож байгаагүй хамгийн их цас орсон бөгөөд нэгдүгээр сард улсын нийт нутаг дэвсгэрийн 90 хувьд цас орсон байна.

Өнгөрсөн жилийн зун хур бороо элбэгтэй байсан. Гэвч арваннэгдүгээр сард агаарын температур огцом буурч, цас эрт орсон нь температурын огцом өсөлтөөс өмнө цас гэсэхэд хүргэжээ. Үүний дараа гэнэт хүйтний эрч чангарч, зарим нутгаар агаарын хэм -40 хүрэв. Ингэснээр мал сүрэг өвлөөс өмнө тарга тэвээргээ авч чадахгүй, малчид ч өвс тэжээлээ бэлдэж чадаагүй.

Өдгөө Монгол Улс цагаан зуд, төмөр зудад давхар нэрвэгдлээ. Өөрөөр хэлбэл, маш их цас орж, мал өвсөндөө хүрч чадахгүйгээс гадна бэлчээрийн талбай мөстөөд байна.

Зудын гамшиг ойр ойр нүүрлэх тусам малчдад сэхээ авах зав гардаггүй. "Эдгээр зуд нь мөчлөгийн шинж чанартай бөгөөд улам бүр давтамж нь ихэсч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд зургаан удаа зуд боллоо. Энэ бол хамгийн муу үзүүлэлт. Өмнө нь ховор байсан зүйл одоо байнга тохиолдох болжээ" гэж Александр Матеоу хэллээ.

Монгол Улс уур амьсгалын хямралд хамгийн их өртсөн орны нэг. Сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур цельсийн 2.1 хэмээр нэмэгдсэнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлсэн. Хүнээс хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт нь Монголын дөрвөн улиралд нөлөөлж байна. Энэ жилийн зуд 2010 оныхоос давж, 10.3 сая мал хорогджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-22 66.181.184.113

Nodlin jiliin benzinii tasaldal iim baidald hurgesen neg nohtsol. Ihenh malchid ovs tejeelee tataj chadaagui gol shaltgaan. Shatahuunii niiluuleltiig togtmol barij chadaagui ni Orosiin boikot. Shaltgaan ni Frantstai baiguulah gej baisan uranii geree. Odoo tegeed gereegee ch baiguulsan um baihgui. Manai uls yamarch ashig olj chadsangui bur aldagdaltai uldchlee. MAN ingej tenegtej baihad Mongol teseed baidag. Uneheer zaya ih um

Avatar

иргэн 2024-03-22 103.212.116.57

Нарийлах гэж юу байхав.Олсон хэдэн төгрөгөө хүүхдээ сургахад өгөөд өөрсдөө хоосон хоцорч байна. Зовлонг далимдуулж үнээ нэмж байдаг худалдаачид ,дэлгүүр, сургуулиуд гээд бүх төрлийн байгууллага ,аптек ,зочид буудал,дотуур байр гээд тоочиж барахгүй болжээ. Эдийн засаг лангууны эдийн засаг болж, баялагаа хэдхэн хүн хятад хямд зарж баяжиж, дам дам худалдаагаар нэг нэгийгээ мөлжиж байна.Улсаас энд хатуу хяналт тавих цаг болжээ.Бүтээж аривжуулахгүй,зарж идээд байвал.уул шиг баялаг байсан ч дуусна.

Avatar

Нэргүй 2024-03-22 78.174.209.126

Залхуурлын, хэнэггүй буюу тэнэгийн, арчаагүйн зуд нь байгалийн гамшгаас илүү нөлөөлж байгааг хаа хаанаа ойлгох цаг болжээ!!!

Avatar

Нэргүй 2024-03-22 60.240.246.20

11 сард мал тарга тэвээргээ авна гэж юу байхав малчдын хэнэггүй зантай шууд холбоотой. За гайгүй байлгүй гээд тэжээлээ бэлдэхгүй шүү. Мөнгөө нарийлдаг ч байх байгалд найддаг байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж