Ерөнхий сайдад сонордуулах нь: “Алтанбулаг”-ийг чөдөрлөсөн албан тушаалтан хэн байв?!

Ерөнхий сайдад сонордуулах нь: “Алтанбулаг”-ийг чөдөрлөсөн албан тушаалтан хэн байв?!

Ерөнхий сайдад сонордуулах нь: “Алтанбулаг”-ийг  чөдөрлөсөн албан тушаалтан хэн байв?!

Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн олон улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлнэ. / УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс/

Хэлэх өөр, хийх бүр өөр гэдэг амьдралаас батлагдсан үг. Нэн ялангуяа улстөрчдийн ам, ажлын зөрүү их. Зурагтаа гарахдаа, иргэд олон нийтэд уулзахдаа Монголын улстөрчид нэг амаараа гоё амлалт өгнө, ажил хийхдээ нөгөө амаараа арга саам хийж, бусдыг авлига, хүнд сурталаараа айлгана. Товчхондоо, Монголын улстөрчдийн гаргасан хоёр нүүрний золионд хамгийн ир өртдөг хүмүүс нь хувийн хэвшлийнхэн.

Монгол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэх дээрээ тулсан нь төрийн шат, шатны хүнд суртал, төрийн нэрээр бусдыг ашиг сонирхол бүхий албан хаагчид, улстөрчидтэй холбоотой. Үнэндээ өнөөдөр зөвхөн МАН-ын гишүүд бизнес хийх эрхтэй гэсэн бичигдээгүй хууль Монголд үйлчилж байна.  Үүний нэг жишээ нь, Алтанбулаг чөлөөт бүсэд өрнөж буй үйл явдал.

АЛТАНБУЛАГТ АРХИ ЗАРУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АКЦИЙН АРД ХЭН БАЙГАА ВЭ?

УИХ-аас 30-аад жилийн өмнө Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг батлаж, 1996 онд Сэлэнгэ аймагт “Алтан булаг“ чөлөөт бүсийг, 2004 онд Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг түшиглэн “Замын-Үүд” чөлөөт бүсийг, 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт /708.4 га/ “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулсан ч нэдэр дээрээ чөлөөт бүсүүд нь “чөдөртэй морь” шиг догонцсон хэвээрээ.

Хэдийгээр 2015 онд УИХ-аас бүсийн тухай хуулийг шинэчлэн батлаж, улмаар Засгийн газрын 153 дугаар тогтоолоор 2014 оны зургадугаар сарын 22-нд Алтанбулаг чөлөөт бүс албан ёсоор нээгдэж, байнгын үйл ажиллагаатай болсон. Гэвчиг сүүлийн жилүүдэд Сангийн яам, Гаалийн ерөнхий газрын Засгийн газрынхаа бодлогоос давсан том эрх мэдлээс болж, тус бүсэд үйл ажиллагаа эрхлэж буй 200 гаруй аж ахуйн нэгж үүд хаалга барих дээрээ тулжээ. Үүний ард АПУ-гийн П.Батсайхан,  “Оргил” сүлжээ дэлгүүрийн эзэн, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар байж магадгүй гэж аж ахуйн нэгжүүд хардаж байгаа аж.

Учир нь, Алтанбулагийн чөлөөт бүсэд импортоор орж ирж буй архи, согтууруулах ундааны худалдан авалтыг зогсоосноор тус бүсийг үйл ажиллагаанд “доголдол” үүсч, орон нутгийн төдийгүй төвийн бүсийн иргэдийн зорьж очиж үйлчлүүлдэг хүмүүсийн тоо буурч, аж ахуйн нэгжүүд үүд хаалга барьж эхэлсэн аж.

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын гаргасан 2022 оны арван хоёрдугаар сард А/350 тоот тушаал  нь Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Киотогийн конвенц болон Монголд мөрдөгдөж буй олон хууль тогтоомжийг зөрчсөн байна. Уг тушаалд Алтанбулаг чөлөөт бүс , Замын үүдын чөлөөт бүс , Цагааннуурын чөлөөт бүс , Хөшигтийн хөндийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн Зорчигчийн хувийн хэрэглээний журмаар худалдан борлуулж буй барааг бүтээгдэхүүнийг Монгол улсын Гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон аж. Уг тогтоолыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхээс 2023 оны 12 сарын 25 нд хүчингүй болгосон шийдвэр гаргасан ч ГЕГ-ын том толгойтой дарга нар үүнийг авч үзэхгүй байгаа аж. Үүнээс болоод олон аж ахуйн нэгж дампуурч, олон хүн ажлын байраа алдсан байна. Тус чөлөөт бүсээр үйлчлүүлдэг иргэд нь төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн иргэд. Иргэдээсээ санал гуйж очиж буй УИХ-ын гишүүд энэ талаар юу гэж “чихэн дээр нь цэцэг ургуулах” нь сонин байна.

Түүнчлэн ГЕГ нь Р.Отгонжаргалыг очсоноос хойш цагдаажсан, иргэдээ үйлчилдэг биш дарамталдаг газар болж хувирсан гэх. Ийм гаальтай улсад захын тэнэг ч хөрөнгө оруулалт хийхгүй.

ЕРӨНХИЙ САЙДААСАА ДАВУУ ЭРХТЭЙ ГААЛИЙН ДАРГА НАР

Алтанбулагийн чөлөөт бүсэд импортоор орж ирж буй архи, согтууруулах ундааны худалдан авалттай холбоотой зарим хязгаарлалт хийснээс үүдэн хохирол амсаж буй талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, энэ асуудлыг бизнес эрхлэгчдэд нааштайгаар шийдэж өгнө гэж амалснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрчээ. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэл ямархуу шатанд явж байгааг тодруулсан аж ахуйн нэгжүүдийн асуултад ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир нар хариулахдаа “Ерөнхий сайд бидэнд үүрэг чиглэл өгөх эрхгүй” гэж томорсон байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний үгийг Сангийн яам, ГЕГ-ын дарга  ёстой гөлөг хуцахын чинээ тоохгүй байгаа гэх. Гэтэл Ерөнхий сайд “Шинэ сэргэлт”-ийн бодлогодоо төрийн бүтээмжийг сайжруулна гэж амалдаг. ЗГХАГ-ын дарга Д.Амарбаясгалан нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ гэдэг. Бодит байдал дээрээ тэдний үгийг төрийн дунд, доод шатныхан нь нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргаж байна. ГЕГ-ын хурган дарга нар нь Ерөнхий сайдынхаа бодлогыг “хуц, май” гээд сууж байхад Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрын нүд чих юунаас, хэнээс болоод хаагдсан нь хачирхалтай.

Улсын дээд шүүхийн шийдвэр дийлэх үү, даргын журам дийлэх үү?

Яг ийм асуудал ГЕГ-ын дарга нар болон хувийн хэвшлийнхний дунд үүсээд удаж байгаа аж. УДШ-ийн шийдвэр гарсны дараа гаалийн дарга нар чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчидтай уулзахдаа гаалийн нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсээс онцгой албан татвар авах болсныг  мэдэгдсэн байна.

Гэтэл чөлөөт бүсийн үндсэн нэр нь татваргүй бүс. Чөлөөт бүсийг улсууд хөгжлийн түвшингээсээ хамаарч өөр өөр зорилгоор байгуулдаг бөгөөд хөгжингүй улсууд гадаад эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх, улс хоорондын хөгжлийн ялгааг арилгах бодлого хэрэгжүүлэх, жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг сэргээх, худалдааг дэмжих, худалдааны зардлыг бууруулахаар байгуулдаг. Харин Монголд бизнес эрхлэвэл шоронд сууж, шонд өлгөгдөнө. Хувийн хэвшлээ илтэд дээрэмддэг, элдвээр янаглан дарамталдаг улсад  ямар тэнэг нь хөрөнгө оруулах билээ.

Дотоодын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжиж чадахгүй, төрийн хүнд суртал, “төмөр нүүр”-ээр айлгаж байж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна, даллана гэдэг үлгэр ярихаа больцгоо.Төр-хувийн хэвшлийн түншлэл гэж амьдрал дээр хэрэгждэггүй амлалт, хөтөлбөрөө зогсоо. Нэртэйгээр нь нэг мөр КОММУНИЗМ байгуулна гээд иргэддээ ил тод зарлачих хэрэгтэй юм биш үү, эрх баригчид аа!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж