2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Бид МУИС-ийн профессор, Др. Л. Мөнх-Эрдэнийн УИХ-ын сонгуультай холбоотой цуврал нийтлэлийг хүргэж байна.
Нийтлэлийн эхний хэсгийг ЭНД дарж уншина уу.
ТӨР БУСНИУЛАХ: МОНГОЛЫН ТӨР, АРД ТҮМЭН, ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛЫН ДАЙСАН
Гэтэл МАН, Монгол ардчилсан дэглэмийн суурь, тулгуур байгууламжид системтэйгээр, тууштайгаар, үе шаттайгаар халдаж, ардчилсан тогтолцоог нурааж, МАН-ын, МАН-ын даргын авторитари дэглэм сэргээж буй. МАН Монголын үндсэн хуульт байгууллыг эвдэн бусниулж эхний шатанд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хураах замаар Монголын хагас ерөнхийлөгчийн гэдэг тогтолцоог нурааж, парламентын тогтолцоо босгосон бол, дараагийн шатанд УИХ-ын эрх мэдлийг хураан, УИХ-ыг ёсчлогч төдий болгох замаар парламентын тогтолцоог эвдэж ерөнхий сайдын нэрээр намын даргын авторитари засаглал тогтоогоод буй.
Сонгуулийн тогтолцоонд халдаж, намын жагсаалтын систем нэвтрүүлж УИХ-ын гишүүдийг орон нутгаас, тойргоос, сонгогчдоос нь таслан зөвхөн намын, намын даргын цэргүүд болгох замаар төлөөллийн ардчиллыг хэрэг дээрээ халах гэж буй. Орон нутаг, тойрог, сонгогчдоосоо таслагдсан УИХ-ын гишүүд зөвхөн өөрсдийг нь томилсон нам, намын даргын цэрэг, хүүхэлдэй болно. Дээрээсээ томилогдсон, дээрээсээ тушаал авдаг, дээрээсээ хариуцлага хүлээдэг, дээрээсээ дүүжлэгдсэн тэд зөвхөн дээдэс, дүүжлүүртээ л үнэнчээр зүтгэхээс өөр аргагүй.
Мөн МАН улс төрийн (намуудын) тогтолцоонд эрээ цээргүй халдаж, улс төрийн тавцанд монополоо тогтоох замаар сонгуулийг сонгуулийнх нь хувьд устгаж буй. Тухайлбал, улс төрийн тавцанд монополоо тогтоохын тулд МАН гол өрсөлдөгчөө буюу АН-ыг сүйтгэх замаар улс төрийн өрсөлдөөнийг устгаж, тэгснээрээ сонгуулийг сонгуулийнх нь хувьд устгаж буй. Энэ бүхэн Монголын нийгмийн, олон нийтийн нүдэн дээр ил явагдаж буй.
Юуны түрүүнд, МАН Монголын үндсэн хуульт байгууллыг бусниулаад байна. МАН хүссэн цагтаа халдаж, дуртай өөрчлөлтөө хийдэг болсон учир Монгол улс хэрэг дээрээ үндсэн хуульгүйтэй адил болсон. Монгол улсын үндсэн хуульт байгуулалд халдах халдлага 2001 онд МАН-ын хийсэн “дордуулсан 7 өөрчлөлтөөс” эхтэй. 1992 оны Үндсэн хууль УИХ-д хэмжээгүй хууль тогтоох эрх мэдэл, түүний дотор үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгосон нь үндсэн хуульт байгууллыг нураах, улмаар үндсэн хууль үгүй мэт болох замыг нээж өгсөн.
Хэдийгээр 1992 оны Үндсэн хууль зөрчилтэй зүйл цөөнгүйг агуулж байсан ч, төрийн эрх мэдлийг хуваах, хуваарилах, салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх үзэл санаагаар хийгдсэн Үндсэн хууль. Тийм ч учир төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн гурав хувааж, гурван тусдаа байгууллага байгуулан хуваарилж, тэдгээр байгууллагыг аль болох тус тусад нь байгуулан нэг нь нөгөөдөө үл захирагдах болгон салгаж, байгууллага бүрийн үндсэн эрх мэдлийг нөгөө байгууллагаар нь хазаарлаж, аль нэг байгууллага нь бусдыгаа ноёлон дарангуйлж, төрийн эрх мэдлийг нэг этгээдэд төвлөрүүлэх явдлыг сэргийлсэн юм.
Чухам ийм учир нэг талд хууль тогтоох эрх мэдэлтэй УИХ-ыг байгуулсан бол нөгөө талд тогтоосон хуульд хориг тавих Ерөнхийлөгч, мөн Үндсэн хуульд харшилсан хуулийг хууль бус болгох Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллагуудыг байгуулж, УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг хазаарласан хэрэг. Мөн Ерөнхий сайд, Засгийн газрыг томилох, огцруулах эрхийг УИХ-д өгсөн бол Ерөнхий сайд, сайд нарыг нэр дэвшүүлэхэд олонхтой зөвшилцөх эрхийг Ерөнхийлөгчид өгч УИХ-ын олонхын амыг татсан хэрэг. Мөн гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт өгсөн ч Ерөнхийлөгчид Засгийн газарт чиглэл үүрэг өгөх, гадаад харилцааг эрхлэх зэрэг эрх мэдлийг өгч гүйцэтгэх эрх мэдлийг ч хувааж, хуваарилан Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын эрх мэдлийг харилцан хазаарласан төдийгүй, тэднийг хамтрах, зөвшилцөх замаар ажиллахаар тогтоосон байдаг. Улмаар шүүх, прокурорыг томилох эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн нь шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдлээс салгах төдийгүй, Засгийн газрыг хянах, хазаарлах зорилготой нь илэрхий.
Улмаар Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс 4 жилийн хугацаагаар олонхын (50+1) саналаар сонгогдог, хоёр удаа сонгогдох боломжтой байхаар, УИХ-ыг тойргоос 4 жилийн хугацаатайгаар сонгогддог 76 гишүүнтэй байхаар тус тусад нь байгуулсан нь энэ хоёр байгууллагыг эрх зүйн хувьд ч, улс төрийн хувьд ч салгаж, нэг нь нөгөөдөө үл захирагдах болгосон хэрэг. Ингэснээр тэдгээр нь өөр өөрсдийн эрх мэдлээ бие даан хэрэгжүүлэх чадамжтай болж байгаа юм. Мөн Засгийн газрыг УИХ болон Ерөнхийлөгч хоёрын дэмжлэгтэйгээр байгуулагдахаар шийдвэрлэсэн нь хоёр шүүлтүүртэй төдийгүй, хоёр талын тулгууртай болгож тэгснээрээ Засгийн газрыг ал нэгнээс нь хэтэрхий хамааралгүй болгож бие даан ажиллах боломжоор хангахыг хичээсэн хэрэг.
Төрийн эрх мэдлийг ийнхүү хувааж, хуваарилж, салгаж, харилцан хазаарласан нь тэдгээр байгууллагуудыг бие даасан байдлыг хангахад онцгой ач холбогдол өгснийх. Төрийн байгууллагууд, тэдгээрийн шийдвэрийн бие даасан байдлыг хангах зарчмыг УИХ-ын гишүүдийн бие даасан байдлыг хангахад ч тууштай баримталсан байсан. Тийм ч учир аливаа санал хураалт, тэр тусмаа албан тушаалтнуудын бүх томилгоог нууц санал хураалтаар шийдвэрлэхээр тогтоосон байсан. Энэ нь УИХ гишүүн бүрийг хараат бусаар шийдвэрээ гаргах, ингэснээр төрийн шийдвэр хараат бус байх нөхцөлийг хангах гэсэн үзэл санааных юм.
Нөгөө талаар эрх мэдлийн хуваарилалт, харилцан хазаарлалт нь төрийн байгууллагуудыг зайлшгүй харилцан зөвшилцөл, хамтын шийдэл, хамгийн зөв шийдвэрийг гаргахад хүргэх үзэл санаагаар хийгдсэн нь илт. Төрийн аливаа шийдвэр долоо хэмжиж, нэг огтлох замаар гардаг байлгахаар хичээсэн нь УИХ-ын ирцийг нийт гишүүний гуравны хоёр буюу 51-ээр тогтоосноос ч илэрхий харагддаг. Гуравны хоёрын ирц нь зөвхөн тооны хувьд бүгдээрээ хэлэлцвэл буруугүйн төдийгүй цөөнхөөр олонхыг хазаарлах, цөөнхийн эрх ашиг, дуу хоолойг төрийн шийдвэрт зохистой тусгаж байхыг хичээсний илрэл байсан юм.
Гэвч энэ бүхнийг МАН нурааж бүх эрх мэдлийг намын дарга-Ерөнхий сайдын гарт төвлөрүүлсэн. МАН-ын Монголын Үндсэн хуульт байгуулалд халдсан халдлагын хамгийн эхний хохирогч нь Монгол улсын Ерөнхийлөгчийн алба. Дордуулсан 7 өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн зөвшилцөх эрх мэдлийг нь хүчээр хурааж, Засгийн газрыг УИХ-ын олонх өөрийн үзэмжээр байгуулдаг болгосон. МАН ингэж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хамтатган УИХ-д төвлөрүүлж, төрийн эрх мэдлийг салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмыг эвдсэн. Ингэж хагас Ерөнхийлөгчийн засаглалыг үндсэндээ нурааж, парламентын засаглалын нэрээр МАН-ын засаглалыг тогтоосон.
Улмаар 2019 онд МАН Үндсэн хуульд дахин халдаж, Монгол улсын Ерөнхийлөгчийг хоёрдох удаагаа сонгогдох эрхийг хурааж, дахин сонгогдохгүй болгож Ерөнхийлөгчийг улс төрийн хувьд “засаж тайган” болгосон. Нэгэнт дахин сонгогдохгүй учир Ерөнхийлөгч хашигчийн хувьд ч, дэмжигчдийн хувьд ч улс төрийн ирээдүйгүй алба болсон. Нэгэнт дахин сонгогдохгүй учир хашигч нь сонгогчдодоо, ард түмэндээ зүтгэх, үйлчлэх шаардлагагүй болсон бол нөгөө талд сонгогчдын хувьд нэгэнт үлдэх хүнээр ачаа татуулах утгагүй нь ойлгомжтой болсон. Тиймээс хүч, хөрөнгө зарцуулах, дэмжих утга учир багатай. Иймээс Ерөнхийлөгчийн улс төрийн хүч “засагдсан” хэрэг. Мөн шүүхийн хараат бус байдал нэрээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг Ерөнхийлөгчийн эрх мэдлээс гаргах, АТГ-ын даргыг томилох эрх мэдлийг хураах зэрэг замаар Ерөнхийлөгчийн олон эрх мэдлийг тоносон. Авлигын тусгай шүүх байгуулах, прокурорыг Засгийн газарт харьяалуулдаг болгох зэрэг нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг цөмөх, тонох замаар түүнийг бүрмөсөн “тайган” болгох санаархал.
МАН-ын дарга Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг бие даасан албынх нь хувьд бүрмөсөн устгаж, намын даргын утсан хүүхэлдэй болгохын төлөө хамгийн цогтой зүтгэгч. Учир нь намын даргын засаглалаас ангид оршиж, түүний хуваарьгүй засаглалд саад тотгор болж байгаа Монголын төрийн цорын ганц байгууллага нь Монгол улсын Ерөнхийлөгчийн алба. Тиймээс Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг устгах нь, намын даргын хуваарьгүй, хэмжээгүй засаглалд хүргэх юм. Ерөнхийлөгчийг бие даасан албынх нь хувьд устгаж, намын даргын утсан хүүхэлдэй болгох үндсэн арга нь түүний бие даасан байдлынх нь үндэс болох ард түмнээс сонгогддог явдлыг нь устгаж, парламентаас сонгох нэрээр намын дарга томилдог болгох явдал. Үүнийгээ Оюун-Эрдэнэ “сонгодог парламентын засаглалыг” бэхжүүлэх хэмээх хуурамч нэр томьёогоор өнгөлөн далдалж, олныг мэхэлж байгаа. Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддог эрхээсээ өөрөө сайн дураар татгалзвал гавьяа байгуулж, түүхэнд нэрээ мөнхөлнө ч гэж ухуулж байгаа.
Монгол улсын Үндсэн хууль гэгч Монгол улсын буюу Монголын ард түмний үндсэн хууль, Монголын ард түмний эрх мэдлийн юм. Монголын төрийн алба бүхэн Монголын ард түмний алба. Төрийн алба бүрийн эрх мэдэл Монголын ард түмний эрх мэдэл. Гэтэл Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн албыг хашигчийнх нь өмч мэт үзэж, түүнийг сонгуулиас сайн дураараа татгалзчих, тэгвэл түүхэн баатар болно гэж ятгасан гээд түмний өмнө, телевизээр сайрхаад сууж байх. Энэ нь МАН, МАН-ын дарга төр ёс, хууль цааз, Монголын ард түмний эзэн эрх гэгчийг хэрхэн ойлгодог, ханддагийнх нь л илрэл.
Монгол улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгоё гэдэг нэрээр угтаа бол Оюун-Эрдэнэ Монголын ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрх мэдлийг нь хурааж авах гээд байгаа юм. Улмаар парламентаас сонгох нэрээр Оюун-Эрдэнэ өөрөө Ерөнхийлөгчийг томилдог болох гээд байгаа юм. Үндсэндээ Оюун-Эрдэнэ ард түмнээс эзэн эрхийг нь булааж өөртөө авах гээд байгаа юм. Улмаар Ерөнхийлөгчийг өөрөө томилно гэдэг нь түүнийг өөрийн утсан хүүхэлдэй болгож, түүний бүх эрх мэдлийг, түүний дотор шүүх, прокурорыг томилдог эрх мэдлийг өөртөө авна гэсэн хэрэг. Үндсэндээ Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхийлөгчийг Монголын ард түмнээс булаан авч, өөрийн хүүхэлдэй болгож, өөрөө хэмжээгүй эрхт хаан болох санаатай юм.
Эдүгээ Оюун-Эрдэнийн санаархалд саад болж байгаа хоёр хүчин зүйл бий нь Монголын ард түмэн, мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг эдүгээ хашиж байгаа Хүрэлсүхийн УИХ дахь нөлөө хоёр. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчөө сонгох эзэн эрхийг нь хурааж авна гэвэл Монголын ард түмэн эсэргүүцнэ. Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа этгээд уг асуудлаар Монголын ард түмэнд хандаж, тэднийг босгох боломжтой. Хоёрдугаарт, эдүгээгийн УИХ-ын олонх уг нь Хүрэлсүхийн “баг”. Өнгөрсөн хугацаанд Оюун-Эрдэнэ нэлээдийг нь урвуулсан байх. Гэсэн ч одоохондоо Хүрэлсүхэд Оюун-Эрдэнийн санаархлыг тасалдуулах хэмжээний нөлөө байгаа нь илэрхий.
Гэвч асуудлыг Оюун-Эрдэнэ энэ сонгуулиар шийдэх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж “намын даргын хувьд” Хүрэлсүх шиг “өөрийн багийг авч сонгуульд орно” гэж Оюун-Эрдэнэ зүтгэж байгаа. Ялбал УИХ түүний баг болно. Энэ нөхцөлд тэрээр ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эзэн эрхийг нь хурааж авна. Огцруулна гэж дарамтлан Хүрэлсүхийн амыг барих төдийгүй, ард түмний сонгуулиас “сайн дураар” нь татгалзуулж оронд нь дахин 6 жилээр томилж хүүхэлдэйгээ болгох ч хувилбар бий.
Тиймээс Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох эзэн эрхээ хадгалан үлдэж, өөрсдийн сонгосон Ерөнхийлөгчөөр МАН-ын даргын эрх мэдлийг хазаарлаж, нэг хүний хуваарьгүй дарангуйлал тогтох боломжийг хааж, эрх, эрх чөлөөгөө хамгаалъя гэвэл энэ сонгуульд МАН-ыг сонгож хэрхэвч үл болох. МАН-ыг төрийн эрхнээс зайлуулбал МАН-ын тогтоосон дэглэмийг нурааж, 1992 оны Үндсэн хуульт дэглэмээ ч сэргээх боломж ч нээгдэж болно.
МАН-ын Үндсэн хуульт байгуулалд халдсан халдлагын дараагийн хохирогч нь УИХ. Дордуулсан 7 өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын ирцийг ердийн олонх болгосон нь бүгдээрээ хэлэлцвэл буруугүй хэмээх зарчмыг төдийгүй олонхыг цөөнхөөр хазаарлах, шийдвэрт цөөнхийн байр суурь тусгагдаж байх зарчмыг бүрэн эвдэж олонхын, намын хуваарьгүй дарангуйллыг тогтоосон. Ингэж бүгдээрээ хэлэлцэж, зөвшилцөж буруугүй шийдвэрт хүрэх Монголын өөрийн үндэсний “зөвшилдөх ардчиллын” үзэл санааг бүрмөсөн устгасан.
Мөн санал хураалтыг ил болгосноор УИХ-ын гишүүдийг хөндлөнгийн, түүний дотор намын дарга, боссуудын хяналтад оруулсан. Үүний улмаас УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр бие даан шийдвэр гаргах, энэ утгаараа тойргийн ард түмний хүсэл зоригийг төлөөлөх чадваргүй болсон. Тэд намын дарга, боссуудын амьгүй албат, кноп болж хувирсан. Ингэснээр УИХ бие даан шийдвэр гаргах чадамжгүй болж, УИХ Монголын ард түмний төлөөллийн байгууллага бус харин намын боссуудын шийдвэрийг ёсчлогч болон хувирсан.
Улмаар 2019 онд “сонгодог парламентын засаглалыг” бэхжүүлэх нь хэмээх үйл ажиллагаагаар УИХ-аас Засгийн газрыг байгуулах эрх мэдлийг нь МАН-ын дарга хураан авч, парламентын засаглалыг халж, ерөнхий сайдын нэрээр намын даргын авторитари засаглал тогтоосон. Монгол улсын гүйцэтгэх эрх мэдэл, Засгийн газар МАН-ын даргын үзэмжийн хэрэг болсон. УИХ-ыг ёслогч болгосноор хууль тогтоох эрх мэдэл ч үндсэндээ намын даргын гарт төвлөрсөн.
Хачирхалтай нь Монголын бүх ард түмний олонхоороо сонгодог Монгол улсын Ерөнхийлөгч, мөн Монголын ард түмний сонгодог УИХ хоёр хамаг эрх мэдлээ булаалгуулаад нэг нь энгэрийн тэмдэг тараах, нөгөө нь кноп дарахаас өөр эрх мэдэлгүй үлдэж байхад, Монголын ард түмэн бүү хэл, МАН-ын нийт гишүүд ч сонгодоггүй, хөдөөгийн нэгэн тойргоос сонгогдохоо аядсан этгээд ийнхүү Монгол улсын хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгаж байх. Чухам эл хоёр эрх мэдлийг гартаа атгаж буй тул түүний үг хууль, түүний авир засаг болж хувирсан.
Хуваарьгүй засаглалаа тогтооход МАН-ын даргад дутагдаж байгаа эрх мэдэл нь шүүх эрх мэдэл. Төрийн эрх мэдлийг хуваах, салгах зарчмын үүднээс энэ эрх мэдлийг хууль тогтоох, болон гүйцэтгэх засаглалаас салгах зорилгоор шүүгч нарыг томилох эрх мэдлийг Монгол улсын Ерөнхийлөгчид хуваарилсан юм. Чухам эл зорилгоор ч АТГ-ын даргыг томилох эрх мэдлийг Ерөнхийлөгчид мөн өгсөн хэрэг. Гэтэл МАН-ын дарга АТГ-ыг булаан авсан төдийгүй, эдүгээ шүүх эрх мэдлийг ч гартаа оруулахыг оролдож байгаа бөгөөд энэ зорилгоор авлигын тусгай шүүх нэрээр улс төрийн шүүх байгуулахыг хичээж байгаа.
МАН-ын даргын засаглах, эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх гол хэрэгсэл нь авлига буюу авлигын хэргээр улс төрчдийг барьцаалах, дарамтлах, яллах явдал. ЖДҮ-ийн зэрэг хэргийн дуулиан дэгдэж, УИХ-ын олон гишүүдийг АТГ зэрэг хууль, хүчний байгууллагуудаас шалгах үйл ажиллагаатай давхцан Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэж, УИХ-ын эрх мэдлийг хураасан нь УИХ-ын гишүүдийг авлига, албан тушаалын хэргээр барьцаалах, дарамтлах замаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэсэн гэж харагддаг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараагаар ЖДҮ-ийн хэрэг үндсэндээ замхарсан. Улмаар Ерөнхий сайд, Засгийн газар нь ил тодоор барьцаалах, дарамтлах, намнах аргаар засагладаг болсон бөгөөд түүнийгээ “Ерөнхий сайд шүгэл үлээх” гэж нэрлэв. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хослуулан атгасан, АТГ, цагдаа, тагнуулаар зэвсэглэсэн этгээд шүгэл үлээх? Барьцаалах, дарамтлах, намнах нь төрийн бус, харин гэмт хэргийн, ялангуяа, мафийн арга барил. МАН засаглалаа эдгээр арга барилаар явуулж, АТГ, цагдаа, тагнуул гэх мэт хууль сахиулах төр засгийн байгууллагуудыг зэвсэг болгон хувиргасан.
МАН-ын даргын захиргаанд тэр бүр орохгүй байгаа УИХ дахь хүчин нь Ерөнхийлөгч Хүрэлсүхийн “багаас” үлдсэн хэсэг нь ойлгомжтой бөгөөд УИХ-ын олонхыг өөрийн багаар бүрдүүлэх Оюун-Эрдэнийн зорилгод тэд нийцэхгүй. Өөрийн багаас бүрдсэн олонхтой болохын тулд Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. Түүний баг тойроггүй, олонд танигдаагүй учир тэднийгээ намын жагсаалтаар оруулахаар тооцсон. Багш, эмч, инженерийн төлөөллийг намын жагсаалтад оруулна гэдэг нь эл зорилгод зориулан “нүх малтаж” байгаа хэрэг. Энд тэмдэглэхэд, багш, эмч, инженерийн төлөөллийг оруулна гэдэг нь хөдөөгийн, ядуу, доод, үгээгүй, жинхэнэ ардыг оруулна гэдэг улааны колонийн коммунист аппаратын удирдан захирах уламжлалаас улбаатай бөгөөд Цэдэнбалын үед түүнийг “нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшигчид” гэж нэрлэдэг байсан юм. Улс төр мэдэхгүй, учир мэдэхгүй, ухваргүй ардыг маллах коммунистуудын засаглах арга.
Намын жагсаалтын 48 гишүүн намын нэрээр, намын суудал дээр сууж байгаа намын даргын цэргүүд байх бөгөөд УИХ-ыг атгах намын даргын гол гар хөл нь. Нөгөө талаар уг 48 гишүүнээс хариуцлага нэхэх, элдвийг шаардах тойрог, сонгогчид үгүй тул тэд үргэлж намын даргын тушаалаар хөдлөхөөс ч өөр аргагүй. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь гишүүн тутмын жинг бууруулах төдийгүй УИХ-ыг хэлэлцэх, зөвшилцөх байгууллагынх нь хувьд улам бүр үгүй хийж, гишүүдийг нь улам бүр кноп, УИХ-ыг улам бүр ёсчлогч болгож байгаа хэрэг. Тойргийн гишүүдийн жин, нөлөө эрс буурч, түүний хамт тойргийн, орон нутгийн эрх ашиг амаа бариулна. Энэ бүхэн нь намын даргын, түүний аппаратын эрх мэдлийг төдий хэмжээгээр нэмэгдүүлэх төдийгүй “улсын эрх ашиг”, “хөгжлийн эрх ашиг” нэрээр МАН-ын даргад хүссэнээ хийх үүдийг нээж өгнө гэсэн үг.
МАН-ын Монголын ардчилсан байгууламжид халдах халдлага үндсэн хуулийн байгууламжаар зогсоогүй. МАН улс төрийн тавцанд монополоо тогтоохын тулд Монголын ардчилсан байгууламжид системтэйгээр халдаж улс төрийн бүтцийг өөртөө ашигтайгаар өөрчилсөн. Халдлагын дараагийн хохирогч нь Монголын сонгуулийн систем. Хувь тэнцүүлэх буюу пропорциональ систем нэвтрүүлсэн нь улс төрийн эрх мэдлийг бусад намтай хуваалцах, ардчиллыг хөгжүүлэх гэсэн хэрэг огт бус. Харин эсрэгээр МАН бусчуудыг буюу Монголын ардчилсан хүчнийг хуваах, сонгогчдын саналыг хуваах замаар улс төрийн өрсөлдөөнийг устгаж МАН-ын монополыг тогтоох арга.
Монголын ардчилсан хүчин чухам ардчилсан учир олон нам, хөдөлгөөнд хуваагддаг. Бүгдээрээ биш гэхэд дийлэнх нь эвссэн нөхцөлд л МАН-ыг ялах боломж үүсдэг. Ардчилсан хүчин нэгдэхгүй, эвсэхгүй байх нь МАН-ын эрх ашигт нийцдэг. Тиймээс пропорциональ систем нэвтрүүлсэн нь ардчилсан хүчний хуваагдлыг өөгшүүлж, тэгснээрээ МАН-ыг ноёрхлыг “хуульчилсан” хэрэг. МАН-ын энэ бодлого тэдний баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль тун тодорхой тусгагдсан. Тус хуулийн 27.6. “Нэгэнт байгуулагдсан эвсэлд аль нэг нам, эвсэл шинээр нэгдэн орохыг хориглосон” бол 74.2.2, 74.2.3, 74.2.4 зүйлүүд суудал хуваарилах босгыг намын хувьд нийт саналын 4, хоёр намтай эвслийн хувьд 5, гурав ба түүнээс дээш бол 7 хувь болгон өсгөн нэмэгдүүлсэн. Зорилго нь ардчилсан хүчнийг эвсэхийг хориглох, тархай бутархай байхыг өөгшүүлэх. 27.6 нь эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд илт халдсан бол удаахууд нь ард олны саналыг устгах, ардчилсан хүчний нэгдлийг хориглох, ардчиллыг сүйтгэх бодлого.
Улс төрийн өрсөлдөөнийг устгах замаар монополоо тогтоохын тулд хийж байгаа МАН-ын дараагийн схем нь сонгуулийн бүсчилсэн тойрог гэгч. Үүнийгээ зөвтгөхийн тулд Оюун-Эрдэнэ бүсчилсэн хөгжлийн чуулган хэмээх цувралыг зохиож буй бөгөөд түүний нэг нь нэг хотыг бүсчлэн хөгжүүлэх нэг хотын бүсчилсэн хөгжлийн чуулган. Хэд хэдэн аймгийг нийлүүлэхийг бүсчлэх гэх мөртөө алга дарам газарт орших ганц хотыг хуваахыг ч мөн бүсчлэх гэх нь зөвхөн МАН-аас, Оюун-Эрдэнээс л гарах үзэл суртлын ПР-ийн мэргэн санаа. Хэрэгтээ бол уг хотыг бүсчлэх гол шаардлага нь уг хотын газар нутаг ч бус, хөгжил нь ч бус, харин хүн ам нь. Тодруулбал уг хотыг сонгуулийн хэдэн бүс болгон хуваах вэ гэдэг л уг хотыг бүсчлэх чуулганд хүргэсэн хэрэг.
Хэд хэдэн аймгийг нийлүүлж том тойрог болгох нь хэрэг дээрээ намын жагсаалт гэсэн үг. Үндсэндээ Путины “Нэгдсэн Оросын” хэргэлдэг намын бүсийн жагсаалт (региональный список/regional list/local list), гэхдээ сонгогч хэнийг сонгохоо шийдэж болдог нээлттэй жагсаалт гэж ойлгож болно. “Том” намууд, олны танил этгээдүүдэд давуу тал олгодог энэ хувилбар нь МАН болон Оюун-Эрдэнэд хамгийн ашигтай хувилбар. Орон нутагт хөлгүй “жижиг” намууд болон бие даан нэр дэвшигчдийг бүгдийг нь тоглоомоос хасах санаа. Ядахдаа л өргөн уудам нутагт хүрэх нэр ч, унаа ч, бэл ч тэдэнд байхгүй. Өрсөлдөөнийг МАН, АН-ын хооронд хязгаарлаж байгаа хэрэг. МАН “том” төдийгүй, сүүлийн 8 жил эрх барьсан учир олонд хамгийн их танигдсан улс төрчидтэй нам. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр. Эрх баригчийн хувьд намынхаа төдийгүй, төрийн унаа, бэлийг, түүний дотор төрийн халамжийн унаа, бэлээр дамжуулан МАН олонд хүрсэн, хүрэх ч тооцоотой. Унаа байсан ч АН-ын бэл дутна гэж үзэж ч байгаа. Дээрээс нь АН найман жил харагдаагүй, мартагдсан түүх гэдгийг ч Оюун-Эрдэнэ нар мэдэхтэйгээ.
Харин намын ч, төрийн ч унааг, бэлийг ажиллуулах эсэх нь МАН-ын даргын мэдлийн хэрэг. Өөр өөрсдийн довон дээрээ зодоглодог байсан МАН-ын гишүүд үл таних аймгийн дэвжээн дээр зодоглох болно. Тэд намынхаа, намын даргынхаа дэмжлэгт дулдуйдахаас өөр аргагүй. Хүрэлсүхийн багийнхныг ам өчгийг нь авч өөртөө мөргүүлэх, эсвэл пялах эрх мэдэл Оюун-Эрдэнийн гарт ирнэ гэсэн үг. Бүсчилсэн тойргийн зорилгын бүдүүвч энэ.
Пропорциональ систем, бүсчилсэн тойрог хоёроос МАН, МАН-ын дарга хоёр хамгийн их зоолох ёстой бол хамгийн их хохирох нь Монгол улсыг бүрдүүлдэг Монголын ард түмэн, Монгол орныг бүрдүүлдэг орон нутаг хоёр. Монголын ард түмэн төлөөлөлгүй болно. Монголын орон нутаг төлөөлөлгүй болно. Энэ нь Монгол улс төлөөлөлгүй болно гэсэн үг. УИХ Монголын ард түмний, Монголын орон нутгийн төлөөллийн байгууллага бус харин МАН-ын, МАН-ын даргын албатууд, цэргүүдээс бүрдсэн МАН-ын засаглалын байгууллага болно. Энэ нөхцөлд МАН-ын дарга “Монголын хөгжлийн эрх ашгийн үүднээс” “Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууна,” “Дархан цаазтай Богд Уулыг нүхлээд тунель” гаргана гэх нь бүү хэл Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой ч нэгтгэж ч мэднэ. Чухам ийм л улс төрийн тогтолцоотой байсан учир Цэдэнбал Зөвлөлтийн социализмын хурдны тэргэнд суулгах шахсан хэрэг.
Улс төрийн өрсөлдөгчөө устгаж, монополоо тогтоох МАН-ын бодлого, үйл ажиллагааны дараагийн гол хохирогч нь Монголын ардчилсан хүчин, түүний гол цөм болсон Ардчилсан Нам. АН л МАН-ыг хоёр удаа эрхнээс мулталсан. Тиймээс МАН-ын хамгийн гол өрсөлдөгч, энэ утгаараа Монголын ардчилсан дэглэмийн гол багана нь АН. АН үгүй л бол МАН түмэн онд засаглах. Тиймээс өрсөлдөгчгүй болж, Монголын улс төрийн тавцанд хуваарьгүй ноёрхох МАН-ын үйл ажиллагааны гол бай нь АН.
АН-ыг сүйтгэхийн тулд АН-ын лидерүүдийг урвуулaн хамтрагч болгох, үлдсэн лидерүүдийг нь харлуулах, улс төрийн тавцангаас зайлуулах, АН-ыг бүхэлд нь харлуулах, хуваах, самрагч намуудыг бий болгох зэрэг олон төрлийн аргатай аян дайныг МАН өрнүүлж байгаа. Монголын улс төрд бий болоод удаж байгаа Манан гэдэг нэр томьёо нь МАН ба АН-ын зарим эрх баригчдын хуйвалдаан, ялангуяа МАН-ын эрх баригчдаас АН-ын зарим улс төрчдийг элдэв аргаар урвуулан хамтрагч болгох (co-optation) үйл ажиллагааны үр дүн.
Ийм операцын тод жишээ нь, сонгуулиар ч, АН-ын улс төрийн уламжлалаар ч аль эрт огцруулагдаад, огцроод албан тушаал, тамга тэмдгээ шилжүүлээд байсан С. Эрдэнэд давхар тамга олгож, АН-ын тамгыг хүчингүй болгож, давхар олгосон сүншиггүй тамгаа хүчин төгөлдөр болгож АН-ыг бусниулсан үйл явц. МАН-ын эрх баригчид зохион байгуулсан нь хэн бүхэнд илт. Тэд С. Эрдэнийн гараар АН-ыг боомилж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүссэн “өрсөлдөгчөө” гаргаж авсан. АН-ын олон гишүүдийг энэ сонгуульд АН ялах зорилготой байна уу үгүй юу гэж асуух, эргэлзэхэд хүргээд байгаа АН-ын эдүгээгийн удирдлагын бодлого, үйл ажиллагааг МАН-ын урвуулах, хамтрах үйл ажиллагааны үргэлжлэл гэж үзэх үндэслэл ч бий.
Үүний хамт АН-ын үлдсэн лидерүүдийг харлуулах, гутаах, сүрдүүлэх, авлига, албан тушаалын хэрэгт буруутгах, баривчлах, хорих, нийтийн алба хаах эрхийг нь хасах зэрэг замаар амыг нь барих, улс төрийн тавцангаас зайлуулах зэрэг үйл ажиллагаа нь зөвхөн өрсөлдөгч улс төрчдөө намнах үйл ажиллагаа төдийгүй АН-ыг устгаж байгаа хэрэг. Хөгжлийн банк, нүүрсний зэрэг хэлэлцүүлгүүд нь АН-ыг олон нийтийн өмнө авлигач, хулгайч болгон харлуулах, яллах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан нь илэрхий. AН-ыг самрах МАН-ын өөр нэг үйл ажиллагаа нь АН-ыг хагалан ШИНЭ нам, Оюунгэрэлийн нам зэрэг намуудыг бий болгосон явдал. Дотроос нь урвуулах, хагалах төдийгүй мөн гадна талд нь самрагч намуудыг (spoiler party) босгож сонгогчдын саналыг хувааж, АН-ын саналаас зулгаах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа. Хүн нам болон саяхан байгуулагдсан Үндэсний эвсэл зэрэг ийм үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүхэн нь дан ганц АН-ыг устгаж байгаа хэрэг бус харин өрсөлдөөнийг, сонголтыг устгах замаар сонгуулийг сонголтгүй болгон сонгуулийг сонгуулийнх нь хувьд устгаж байгаа хэрэг. Энэ утгаараа энэ нь Монголын ард түмний улс төрийн эрх, эрх чөлөөнд халдан тэдний эзэн эрхийг устгаж байгаа хэрэг. Эзэн эрхгүй, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах эрх мэдэлгүй тусгаар тогтнол гэж үгүй.
Энэ бүхэн нь сонгуульд, ардчилалд, Монголын төрд, Монголын ард түмэнд МАН хэрхэн хандаж буйг илчлэх. Сонгуулийн зорилго ард түмэн хэнийг (улс төрч, нам), ямар хөтөлбөрийг дэмжиж, итгэл найдвараа хүлээлгэх вэ гэдгийг тодруулах явдал. Тиймээс улс төрчид ч, намууд ч ард түмний дэмжлэг, итгэлийг авахын төлөө өрсөлдөх ёстой. МАН-ын зорилго тийм биш. Монголын ард түмний дэмжлэг, итгэлийг авах бус харин Монголын ард түмний сонголтыг устгах нь МАН-ын зорилго. Пропорциональ систем, өсөн нэмэгдэх өндөр босго, бүсчилсэн тойрог, АН-ыг самрах, эвсэлд нэгдэхийг хорих, ардчилсан хүчний тархай бутархай байдлыг нь өөгшүүлэх, самрагч намууд босгох зэрэг нь бүгд ардчилсан хүчнийг хооронд нь “алалцуулах”, бусад намуудаар АН-ын саналыг хороох замаар ард түмний сонголтыг устгах зорилготой. АН-ын саналыг л хороож байвал бусад намууд хэд гурван суудал авах нь МАН-ын ялалтад тэдний оруулж буй хувь нэмэр. Ялангуяа, нийслэлийнхэн, хотынхонд МАН итгэдэггүй. Пропорциональ саналын гол зорилго нь тэдний саналыг олон намд хуваах замаар устгах явдал. Ардчилсан хүчнийг хооронд нь “алалцуулах”, ялангуяа бусад намуудаар АН-ыг “алуулах” замаар Монголын ард түмний ардчилсан сонголтыг устгасан нөхцөлд МАН өөрийн гишүүд, дэмжигчдийн саналаар ялалт байгуулах тооцоотой. Энэ нь Монголын ард түмнийг МАН дайснаа гэж үзэж, тэдний сонголтыг, тэдний сонгуулийг устгаж байгаа хэрэг.
МАН-ын халдлагын удаах хохирогч нь иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө түүний биелэл болсон хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөө. Үндэсний радио, телевиз зөвхөн МАН-ын үзэл суртлын зэвсэг болоод удаж байгаа бол татвар төлөгчдийн мөнгөөр МАН соёлын гэдэг нэрийн дор үзэл суртлын яам ч байгуулсан. Өмчлөл, ажил олголт, хаалтын гэрээ зэргээр хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудын дийлэнхэд МАН хяналтaaa тогтоосон төдийгүй, сэтгүүлчдийг худалдан авах, сүрдүүлэх, баривчлах, хорих зэрэг замаар амыг нь барих, улмаар өөрийн үзэл сурталч болгон урвуулах болсон.
Жиргээ, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээг хянахын зэрэгцээ, үзэл суртал, гүтгэлэг, харлуулалт, дайралт дарамтлал явуулах үүрэг бүхий бүхэл бүтэн армийг ажиллуулах болсон гэдэг нь ойлгомжтой. МАН-ын үзэл суртлын үйл ажиллагаа эрдэм шинжилгээний салбар руу хальж эрдэм шинжилгээний ном зохиол, хурал чуулган МАН-ын эрх баригчдын үзэл суртлын индэр болж хувирсан. Ийнхүү МАН-ын, МАН-ын даргын энэ бүх бодлого, үйл ажиллагааны уршгаар Монголын ард түмний эрх, эрх чөлөө, эзэн эрхээ алдаж, МАН-ын даргын хуваарьгүй авторитари дэглэм тогтох аюул заналхийлэл бодитой нүүрлээд байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
ДР. Л. МӨНХ-ЭРДЭНЭ МУИС-ИЙН ПРОФЕССОР
Зочин 2024-03-22 103.242.45.39
МУИС-ийн багш судлаач хүн бичсэн нийтлэл байна энэ бол бодит үнэн юм шүү. МАН-ын дарлал олон жил үргэлжилж иргэд ядуурч дундаж давхарга байхгүй болж байна. Тиймээс энэ удуу АН-ын дэмжих нь зөв.
Зочин 2024-03-22 66.181.181.143
Бас нэг туйлширсан харгис этгээд байна. Тэгж яривал МАН л Монголын ардчиллыг авч яваа. Өөртөө. АН нэр өгөөд ардчилагч болчихдоггүйг 30 гаруй жилийн түүх яруу тод харуулчлаа. Өөрийн луйвраа ярьвал дээрээ. Та нарыг Монголчууд дахин хэзээ ч сонгохгүй. хараарай
Анхааралд өртчих санаатай 2024-03-22 59.153.113.241
Олны анхааралд өртчих санаатай нэг амьтан. Тэгээд бас ямар муу бичдэг золиг вэ.
Нэргүй 2024-03-22 103.57.94.236
МАН ын бууны нохой их юм аа МАН удахгүй мөхнө
Нэргүй 2024-03-22 103.71.100.62
Ерөнхий сайд Оюунэрдэнийгээ Монголын ард түмэн сонгож УИХ -д олонхи болгоноо. Өөр ямарч ЕС Оюунэрдэнэ шиг зоригтой ажиллаж чадахгүй. Зантгар хүү Оюунэрдэнийгээ хамгаалах шаардлага үүсээд байгаа юм байна. Ард түмэн ойлголоо.
Нэргүй 2024-03-22 103.57.94.236
Mny bugsiig unsceed songroi
Нэргүй 2024-03-22 202.9.40.54
Засгийн газар сайн ажиллаж байгааг ард түмэн харж мэдэрч байна. Мөнх-Эрдэнэ мэтийн улсынхаа төлөө биш ганцхан намын төлөө л үг хэлж ярьдаг хүмүүсийн ятгалагт намынх нь хүмүүс л итгэх байхдаа. Үеэ өнгөрөөсөн энэ мэтийн хүмүүс бусдыг хордуулж чадахгүй. Монгол улсын АН л сүйрүүлж тогтворгүй болгож мэднэ. Бусад нам нь арай гайгүй. улс үндэстнээ хятадаас тусгаар тогтнуулж 100 жил авч яваа МАН-д бид итгэл үзүүлнэ. Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт нар Монголын төлөө зүтгэхгүй
Нэргүй 2024-03-22 103.71.101.123
АРДЧИЛСАН ШУЛМАСЫН ГАЛ ТОГООГ МОНГОЛООС ЗАЙЛУУЛ
Нэргүй 2024-03-22 66.181.180.194
Амьдрал яг энэ чигээрээ МАН хулгай хийгээд цаашид амьдраад байж таарахгүй шүү. Хулгайчидыг зайлуулах ялангуяа Данхыг явуулах болсон
Нэргүй 2024-03-22 103.71.101.123
АН хулгайч ш*****а бандиа
Нэргүй 2024-03-22 103.57.94.236
Unen
сонгогч 2024-03-22 202.9.46.32
АН 2016 ОНД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛЖ, ДАНСЫГ НЬ ХООСРУУЛАН УЛАЙЛГАЖ, САЙХАНБАЛАГ НЬ ОРГООД АНУ- РУУ ЗҮГТАЖ ТЭНД АМЬ ГУЙЖ СУУГАА…. ТЭГВЭЛ ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ҮЕД Гадаад валютын улсын нөөц 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 30 ЖИЛ ХУРИМТЛАГДСАН АВИЛГЫН ИДЭЭ БЭЭРТЭЙ ЗӨВХӨН ОДООГИЙН ЗГ -Л ТЭМЦЭЛ ЯВУУЛЖ БАЙГАА. ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ- Н ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА БҮХНИЙГ НҮДТЭЙ НЬ ХАРЖ, ЧИХТЭЙ НЬ СОНСОЖ БАЙГАА ШҮҮ….ОЮУН-ЭРДЭНИЙГ ДАХИН СОНГОНО.