Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил олон жилийн өмнө амьд сэрүүн байхдаа хүү Ким Жон Унаа дагуулан Диснейлэнд үзсэн. Ингэхдээ хуурамч паспорт ашиглацгаасан гэх цуу яриа гарчээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 24-нд "modernnotoriety" гэх инстаграм хуудсанд дараах зураг бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Мөн "Х" платформд "VisionaryVoid" хаягаар дараах мэдээлэл нийтлэгдсэн: "Ким Жон Ил, Ким Жон Ун нар нэрээ нууцлахын тулд олон улсад, тэр дундаа АНУ-ын алдарт Диснейлэнд паркад Бразилийн хуурамч паспортоор нэвтэрч байсан түүхтэй. Энэ нь Хойд Солонгос шиг нууцлаг, тусгаарлагдсан дэглэмийн удирдагчдын хувьд ер бусын бөгөөд инээдтэй алхам" гэсэн байв.
Кимийн гэр бүлийн гишүүд АНУ-аас гадна Токиогийн Диснейлэндэд хуурамч паспортоор зочилсон тухай мэдээлэл хэд хэдэн хэвлэлд гарч байсан. Энэ талаар Японы "NHK", "Yomiuri Shimbun", Их Британийн "Express", "Telegraph", "Al Jazeera" хэвлэлүүд мэдээлж байжээ.
Тухайлбал, "Yomiuri Shimbun" 2011 онд мэдээлэхдээ "1991 оны тавдугаар сарын 12-нд Ким Жон Ун, том ах Ким Жон Чулын хамтаар хуурамч бразил паспорт ашиглан Японд нэвтэрсэн. Тэд долоо хоног гаруй Японд байж, Диснейлэндээр зочилсон" гэжээ. Харин "Express" хэвлэлд "Японы хэвлэлд мэдээлснээр Хойд Солонгосын ирээдүйн удирдагч найман настайдаа Токиогийн Диснейлэндээр зочилжээ. Тэд Кимийн аюулгүй байдлыг хангахын тулд хэд хэдэн нууц заль, хууль бус үйлдэл, арга хэмжээ авсан байна. Ким Жон Ун, Ким Жон Чул нар 1991 онд Диснейлэндэд хэд хэдэн удаа очжээ" гэсэн байв.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр хүүг тухайн үед албаны 10 орчим хүн дагалдаж явсан байна. Тэр томчуудын дунд аав Ким Жон Ил байсан эсэх нь тодорхойгүй.
"Reuters" хэвлэл 1990-ээд оны сүүлээр мөн ийм мэдээлэл нийтэлж байжээ. Тэдний паспортууд дээр "Праг дахь Бразилын Элчин сайдын яам"-ны тамга 1996 оны хоёрдугаар сарын 26 гэсэн огноотой байсан. Гэрэл зургууд нь Ким Жон Ил, Ким Жон Ун нар мөн болох нь батлагдсан бөгөөд тэдний төрсөн газрыг Бразилын Сан Пауло гэсэн байжээ.
Ким Жон Уны өөр нэг ахыг Ким Жон Нам гэдэг. Ким Жон Нам нь мөн эхнэр, дөрвөн настай хүү, хамаатан эсвэл асрагч гэж хэлэхүйц өөр нэг эмэгтэйн хамтаар 2001 онд хууль бусаар Японд нэвтрэхийг завдсан байж болзошгүй аж. Тэд Доминиканы бүгд найрамдах улсын паспорттой байсан тул хуурамч бичиг баримтаар хилээр нэвтрэхийг завдсан хэргээр Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд цагаачлалын албаныханд саатуулагдсан байна. Улмаар тэднийг Бээжин рүү албадан буцаажээ.
Энэ тухай "The Japan Times" хэвлэлд мэдээлэхдээ "Нарита олон улсын нисэх онгоцны буудлаар хуурамч паспорттой нэвтрэхийг завдсан хүн өөрийгөө Хойд Солонгосын удирдагчийн ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ким Жон Нам гэх эрэгтэй Токиогийн Диснейлэнд үзэхийг хүссэн гэж мэдүүлсэн" гэжээ.
Уг хэрэг явдлаас өмнө Ким Жон Намыг залгамжлагчид тооцдог байжээ. Тэрээр 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Малайзад амиа алдсан бөгөөд түүнийг дүү Ким Жон Уны захиалгаар хөнөөсөн гэж үздэг.
Эх сурвалж: SNOPES