Оросын 31 пуужингийн халдлагыг Лхагва гаригт шилжих шөнө зогсоосон гэж Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдэв. Орос нэг шөнийн дотор 31 удаа Киев хотын зүг пуужин харваж, 17 орчим хүмүүс нурангид дарагдсан байна.
Украины хүчин Оросын хил орчмын бүс нутагт халдсаны дараахан пуужингийн дайралт болж, Орос өмнө нь хийж байгаагүй хамгийн том дайралтаа хийсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Киев хот аюулын дохиог орон нутгийн цагаар 03:00 цагт дугаргасан бол эхний баллистик пуужингийн дэлбэрэлт 5:00 цаг орчим болжээ. Подльский, Шевченковский, Святошын дүүрэгт нуранги үүссэний улмаас цахилгаан трансформатор, хэд хэдэн орон сууцны барилга, автомашины дээвэр дээр гал гарсан гэж тус хотын цэргийн захиргааны дарга Сергей Попко “Telegram” дээр мэдэгдэв.
Киев хотын Лукьяновка гэх дүүрэгт пуужин унаж, ойр орчмын орон сууц балгас мэт болжээ. Дэлбэрэлт болон цочролын долгионы улмаас цонхнууд хагарч, эргэн тойрон дахь барилгууд эвдэрсэн байна. Хүнсний дэлгүүр, эмнэлэг, хувийн хэвшлийн байгууллагууд сүйрч, айж сандарсан иргэд хонгил, метронд зэрэг аюулгүй байдлаа хангах үүднээс газар доогуур хоргоджээ.
Ээжийнхээ 50 насны төрсөн өдрөөр Киевт ирсэн София гэх нэгэн эмэгтэй халдлага болсны дараахан тэсрэх бөмбөг унасан газарт очихдоо нулимс дуслуулан "Тэд бидний өнгөрсөн, ирээдүйг сүйрүүлж байна.
Олон улс энэ бүх гамшгийг харахгүй өнгөрч болохгүй” гэж орон нутгийн хэвлэлд ярьсан байна. Мөн Лхагва гаригт Оросын зэвсэгт халдлагад Харьков хотын таван хүн амь үрэгдсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Ойролцоох Сумы мужийн албаны хүмүүсийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ-ын агаарын довтолгоо болон буудлага эрчимжсэний улмаас 300 гаруй хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрч, олон хүнийг нүүлгэн шилжүүлж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ