Хаврын дунд сартай золгосон ч нийслэлчүүдийн халтирч унаж хөл, гараа гэмтээх тохиолдол нь буурсангүй. Жилийн жилд хотын гудамж, талбайн халтиргаа, гулгаа ихтэй гэх маргаан дагуулсан сэдэвийн нэг болсон.
Үүнтэй холбоотойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо. Яааралтай тусламж гэсэн хаягтай хаалга руу зүглэхэд урдаас гараа боолгосон 40 орчим насны эрэгтэй өөдөөс гарч ирэв. Гараа яасныг нь асуувал “61-ийн гармаар явж байгаад халтирч унаад гараа гэмтээчихлээ” гэсээр зөрөв.
Тус төвийн гаднах талбайд машин тавих зайгүй, дотор нь хөл тавих зайгүй шахам л хөл хөдөлгөөн ихтэй байв.
Хүлээн авахын хаалгыг онгойлговол орох зайгүй үүдэнд иргэд оочирлон зогсох бөгөөд ариутгалын хаалга барааджээ. Хаалганы дэргэд зогсох сувилагч бүсгүйн хэлснээр заавал хэвлэл мэдээллийн ажилтнаас зөвшөөрөл авч мэдээлэл авах ёстой гэнэ. Ажлын цаг дууссан учир хаалга нь хаалттай байлаа. Бид зөвшөөрөл авч чадаагүй тул тус төвийн эргэн тойрныг ажигласан тэмдэглэлээ хүргэж байна.
“Гадны хүн орохыг хориглоно” гэсэн хэсэгт битүү шороо болсон 40 гаруй насны эрэгтэй орон дээр хэвтэж байлаа. Хэсэг хугацааны дараа сувилагч ирж хувцасыг нь сольж биеийнх нь шороог арчиж байгаа харагдана. Яаралтай хүлээн авахын баруун талын сандал дээр сууж буй 30 гаруй насны эмэгтэй утсаар “Өнөөдөртөө амжиж үзүүлж чаддаг байгаа даа, хүн ихтэй байна” гэж зовиуртай хэлэв.
Эмнэлгийн зүүн жигүүрт олон хүн дугаарлан зогсох бөгөөд “Чи яагаад оочир дайраад байгаа юм бэ” гэх чанга, баргил хоолой холоос ч сонсогдоно. Оочерлож буй үзлэгийн өрөөний хаалгаар 30 гаруй насны эмэгтэй эмч гарч ирмэгц тал талаас нь “Хурдан үзээч, гурав дөрвөн цаг хүлээж байна” гэхчилэн бухимдах бол эмч “Уучлаарай, та нарын дуу дотор үзлэг хийж байхад сонсогдож, үзлэгт саад болж байна. Жоохон чимээгүй байж өгөөч” гэж ажээ. Түүний үгийг үл тоон, хэрүүл хийх бөгөөл эмч толгой гудайлган буцаж оров.
Үзлэгийн өрөөнд оочирлон зогсох иргэн Мөнх-Эрдэнэ:
-Энэ өвөл халтиргаа гулгаа ихтэй байсан. Настай хүмүүс их бэртэж гэмтсэн. Одоо ч хэвээрээ байна ганц. Өндөр настай хүмүүс ч биш хүүхдүүд залуучууд хүртэл хөл гараа гэмтээж байна. Би өглөө ажилдаа явах гэж байгаад гэрийнхээ хажуу талын гарцаар гарч байгаад халитраад унчихлаа. Одоо үзүүлэх гээд хүлээж байна.
Сүүлийн өдрүүдэд тус төвөөр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь явганаас бэртэж, гэмтсэн хүмүүс зонхилж буй талаар эмч нар ярьж байна. Цас өдөртөө хайлж, шөнөдөө мөстөж байгаа болохоор энэ төрлийн гэмтэл дийлэнх тохиолдлыг эзлэх болжээ. Тиймээс аль болох болгоомжтой явж, халтиргаагүй замаар зорчихыг аргаа барсан эмч нар анхааруулж байна.
…Түүнийг ийн ярьж байтал дунд сургуулийн эмэгтэй хүүхэд хөлөө шохойдуулж, ангийнх нь бололтой хоёр хүүхдээр түшүүлсээр гарч ирэв. Яаж байгаад хөлөө гэмтээснийг нь асуувал “Замаар явж байгаад халтирч унаад хөлөө гэмтээсэн” гэнэ. Энэ мэтчилэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж, гэмтсэн хүмүүс зөрөх нь олон байна.
Иргэн Отгонтуяа:
-Монгол Улсад халтиргаа, гулгаа жилээс жилд улам л нэмэгдэж байна. Төр засгаас ямар ч арга хэмжээ авч чадахгүй юм. Ганц хот тогжилтын ажилчид л өглөөнөөс орой хүртэл цасыг нь нүдэж, хагалж харагдаг. Өөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алга гэв.
Халтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтэж, цалин, тэтгэврээ эмчилгээндээ зориулдаг амьдрал манай улсад үргэлжилсээр…
М. Цэрэнням
Нэргүй 2024-03-21 139.5.216.192
хорооны хоол хороож тэжээлгэгчид ажил хийх хэрэгтэй.цас орсны дараа иргэд гудамж орчноо өөрсдөө гарч цэвэрлэдэг уламжлалыг сэргээх ёстой иргэд нь бэлэнчлэх сэтгэлгээтэй залхуу арчаагүй унхиагүй муухай амьдардаг орцныхоо харалдаа замаа цэвэрлэчихэд яагаад болдоггүй юм бэ овойж товойсон хөлдүүстэй өвөлжиж байна
гэр хорооллоын утаа 2024-03-21 122.201.20.194
утааны хор, агаарын бохирдлоос болж хүний яс хэврэгшиж хүмүүс олноороо бэртэж байна.