Оросын Белгород муж Украины дайралтад дахин өртлөө. Ой мод, тариалангийн талбай, уул толгод бүхий Белгород бүс нутаг нь Украины зүүн хойд зах дагуу 540 км (335 миль) хилэлдэг ба 27 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай, 1.5 сая орчим хүн амтай. Белгородод Оросын төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын 40 орчим хувийн нөөц байдаг ба хэд хэдэн томоохон аж үйлдвэрийн компани, фермүүд байрладаг. Белгород хотод 340 мянга орчим хүн суурьшдаг ч хилээс зүүн тийш 40 км-ийн зайд оршдог тул Украины гол бай болж байна. Тус бүс нутаг нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын түрэмгийллийн нэг талбар байсан. Дайны эхэн үед Киевийн сөрөг довтолгооны дор Оросын цэргүүд Украины зүүн хойд нутгаас ухарсан цагаас хойш тус улсын байнгын дайралтанд өртөж ирэв. Белгород хотод арванхоёрдугаар сарын 30-нд болсон халдлага нь хүндхэн цохилтод оруулсан юм. Амралтын өдрүүдээр оршин суугчид шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үед олон тооны пуужин харважээ. Албаныхны мэдээлснээр 25 хүн, түүний дотор таван хүүхэд амиа алдаж, 100 гаруй хүн шархатсан байна. Тухайн үеэс хойш тогтмол пуужин, нисгэгчгүй онгоцоор Украин цохилт өгсөөр байна.
Хилийн тосгонууд танк, хуягт явган цэргийн машин болон бусад хүнд зэвсгээр дэмжигдсэн халдлагад удаа дараа өртөв. Орос улс халдлагыг харуй няцааж, халдагчдад их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгджээ. ОХУ Украины халдлагаас үүдэн өдөр тутмын амьдрал өөрчлөгдөөгүй гэж мэдэгдэж байсан ч Лхагва гаригт болсон халдлага мужийн айдсыг хүргэв. Белгород хотын сургуулиуд Лхагва гаригаас Баасан гариг хүртэл түр хаагдлаа. Мөн их, дээд сургууль, коллежууд зайн сургалтанд шилжиж, клуб, соёл урлаг, спорт болон бусад боловсролын байгууллагууд хаалттай хэвээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хил дамнасан халдлагыг “зүгээр өнгөрөөхгүй” гэж амлан, Украины цэргүүдтэй нэгдсэн Киевийг дэмжигч оросуудад уурлаж, тэднийг "үхэлд хүргэх урвагчид" гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж AP
Холбоотой мэдээ