Мьянмарт шоронд хоригдож буй удирдагч асан Аун Сан Су Чигийн байрыг дуудлага худалдаагаар зарах болсон. Гэвч Лхагва гаригт товлосон дуудлага худалдаанд нэг ч хүн ирээгүй аж. Байрны эхлэх үнэ нь 90 сая ам.доллар байсан.
Аун Сан Су Чи болон түүний ах Аун Сан У нарын хооронд олон жил үргэлжилсэн тэмцлийн эцэст Янгон дахь 0.78 га талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Дээд шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулах болсон.
Нобелийн шагналт Аун Сан Су Чи 27 жилийн хорих ялаа эдэлж буй. Түүнийг дэмжигчид Аун Сан Су Чид зохиомол хэрэг тулгасан гэж үздэг.
Тэрбээр Их Британиас буцаж ирснээсээ хойш Мьянмарт өнгөрүүлсэн гуч гаруй жилээ колоничлолын үеийн хуучирсан виллад өнгөрүүлсэн юм. Энэ 30 жилийн 15 жилд нь тэр өмнөх хунтагийн үеийн гэрийн хорионд байсан. Суллагдсаныхаа дараа тэр нийслэл Нейпьитау руу нүүж, 2021 оны хоёрдугаар сар хүртэл Мьянмарын де-факто удирдагчаар ажилласан. Дуудлага худалдаанд оруулж буй байшинд тэр АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нартай төрийн өндөр дээд түвшний уулзалт хийж байжээ.
Өдгөө 78 настай түүний ах Аун Сан У анх 2000 онд үл хөдлөх хөрөнгийн хувийг нэхэмжилж шүүхэд хандсан байна. Үүл хөдлөх хөрөнгийг ах дүүсийн хооронд тэнцүү хуваах шийдвэрийг 2016 онд шүүхээс гаргасан. Ах нь үл хөдлөх хөрөнгөө дуудлага худалдаагаар зарж, орлогыг нь тэнцүү хуваахыг шаардан давж заалдсан ч бүтэлгүйтсэн аж. Харин Мьянмарын төрийн эргэлтийн дараа Улсын дээд шүүх түүний гомдлыг хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийг дуудлагаар худалдах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: REUTERS