Г.Занданшатар: “Милл хаус” зэрэг компанийг цагдаад өгч шалгуулах хэрэгтэй

LiveГ.Занданшатар: “Милл хаус” зэрэг компанийг цагдаад өгч шалгуулах хэрэгтэй

Г.Занданшатар: “Милл хаус” зэрэг компанийг цагдаад өгч шалгуулах хэрэгтэй
20 : 00
2024-3-21

Г.Занданшатар: “Милл хаус” зэрэг компанийг цагдаад өгч шалгуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн ч санал хурааж чадалгүй, чуулганы хуралдааныг завсарлууллаа. УИХ-ын гишүүдийн ирц хангалттай бус байсан тул маргааш дээрх төслөөр санал хураахаар болов.

Эл төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Д.Амарбаясгалан дарга түрүүн компаниудын нэрийг зарласан. “Милл хаус” зэрэг компанийг бүгдийг шалгаж, үндэслэлгүй үнээ нэмсэн компанийг зарлах хэрэгтэй.

Гурил үйлдвэрлэгчид тариалан эрхлэгчид, ард түмнийг шулаад байгаа бол Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа төдийгүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Цагдаад өгч шалгуулах хэрэгтэй.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд, ажлын хэсэг байгуулан төслийг нухацтай хэлэлцэж, тариалан эрхлэлтийг хамгаалах чиглэлийн бодлогоо мөн давхар оруулж ирэх ёстой” гэлээ.

Мөн энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд дараах асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Дотоодын үйлдвэрлэгчиддээ дэмжлэг үзүүлж байгаа бол таван жилийн дараа дэмжлэггүй болно шүү гэдгээ хэлж явахгүй бол дараа нь янз бүрээр хэлээд харааж зүхээд байж болохгүй. Зуд турхантай үед ийм арга хэмжээ авч болно. Гэхдээ хүнсний салбар бол стратегийн салбар. Бодлоготой хандах ёстой, цаг хугацаатай хандах ёстой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Төр дэмжлэгээ зогсоох гээд юм уу, бодлогоо орвонгоор нь өөрчлөх гээд байгаа юм байхгүй. Гурилын импортын татварыг тэглэх гэж байгаа. Энэ салбар импортын татвар тавиулчихаад монопольдож үнэ өсгөөд байгаа учраас татварыг тэглэх асуудал оруулж ирсэн. Үнийн өсөлт 2022 онд мэдрэгдэж эхэлсэн үеэс ШӨХТГ торгуулиа тавьж актаа үйлдсэн ч харамсалтай нь бүтэн жил гаруйн хугацаанд маргаан үүссэн. Шүүхийн шатанд материал дутуу гэдэг асуудал үүссэн учраас Засгийн газраас татварыг тэглэх асуудлыг оруулж ирсэн. Улаан буудай стратегийн бүтээгдэхүүн, гэхдээ бид үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Монгол Улс жилдээ 300 гаруй мянган тонн гурил хэрэглэж байна. 30 гаруй хувьд нь импортын гурил оруулж ирж үнэ буурвал ард иргэдийн худалдан авах чадварт эерэг нөлөө үзүүлнэ. Арилжааны банкны зээл буурна. Энэ эерэг нөлөөллийн төлөө хэдий хүнд ч гэсэн шийдвэрийг танилцуулж байгаа. Нэг талаасаа үйлдвэрэгчидтэйгээ тэмцэлдээд байгаа юм шиг харагдаж байж болох ч үнийг буулгахын төлөө ажиллаж байна.

УИХ-ын гишүүүн Ц.Туваан:

-Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж байна. Тэжээлийг ойлгож болно. Гурил дээр асуудал үүснэ шүү. Хугацаагүй, хэмжээгүй гэж ярьж байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж байгаа. Стратегийн хүнсэнд гурил, будааг оруулдаг. Эрчим хүч, бензинээр бид ОХУ-аас хараат. Одоо дахиад нэг бүтээгдэхүүнээр хараат боллоо шүү. Хаврын тариалалтынх нь өмнө энэ асуудал орж ирж байна. Маш хүнд асуудал руу орж ирж байна шүү. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьсан уу. Хүнсний тухай хуулиар ийм зөвлөл ажилладаг. Импортоор орж ирэх гурил дээр квотын асуудал яригддаг. Хүнсний хувьсгал гээд 1 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд явж байгаа. Ерөнхийлөгчтэй энэ асуудлыг зөвшилцсөн үү. Яагаад тариаланчид, гурилын үйлдвэр асуудал яриад байна гэхээр салшгүй холбоотой асуудал.

Арга хэмжээ авдаг юм гэхэд хугацаатай, квоттой авсан нь зөв. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариаланчид маш их асууж байна. Яам гурил үйлдвэрлэгч, тариаланчидтайгаа яривал яасан юм

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Ард түмнийг өндөр үнэтэй гурил идээд сууж бай гэдэг агуулгатай зүйл та ярих юм. Тариаланчид тариагаа тарина, үнийн эрсдэлийг Засгийн газар бодлогоор зохицуулалт хийнэ. Эерэг үр дүн гарахыг дагаад инфляц буурна. Инфляци буурснаар арилжааны банкны зээлийн хүү буурна. Зээлийн хүү нэг оронтой тоонд орох нөхцөл бүрдэнэ. Амьдралын өртөг буурна. Энэ боломжийг бий болгохын төлөө Засгийн газар бодлого гаргаад ажиллаж байгаа. Тариаланчдын асуудлыг орхиж болохгүй, тариаланчидтай хамтарч бодлого гарган танилцуулна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Түүх давтагдах гээд байна. Гурилгүй болсноос буудайныхаа өтийг түүгээд гурил үйлдвэрлэж байсан шүү.

Талх бол стратегийн бүтээгдэхүүн. Зах зээлийн шугамаар олж болдог байсан бол санаа зовох зүйлгүй. Энэ асуудал 1996 оноос эхтэй.  Засгийн газар мөнгөтэй бол юуг л бол худалдаад авдаг гээд газар тариалангаа тараасан.  Гэтэл 2007-2008 онд талхгүй болж Атрын аян эхлүүлэхээс аргагүй болсон. Цаг үе нь их эвгүй таарлаа. Тал талаас нь сайн ярих ёстой. Нөгөө талаасаа Засгийн газрын яриад байгаа үнэн л дээ. Тариаланчид хүртэл гомдол гаргадаг. Хямдхан үнээр буудай худалдан авчихаад гурилаа үнэтэй болгодог. Засгийн газрын тооцоо үнэн гэж итгэж байна. Дэмжиж болно, маш сайн ярих хэрэгтэй. Нэг удаа хэрэглээд тариагаа боломжийн үнээр аваад талхаа ч боломжийн үнээр аваад явъя гэдэг ойлголцолд хүрчихвэл.  Тариа тарих боломжгүй болонгуут рапс тариалдаг. Тариаланчдаа яаж хамгаалах вэ гэдэгт итгэхээр баталгаа гаргахгүй бол тариа тариалалт эвгүй болно шүү.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Атрын аян маш сайн үр дүнгээ өгсөн гэж үзэж байга. Хүнсний ногоо, улаан буудайгаар дотоодынн хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Импортын татвар тэглэгдсэнтэй холбоотойгоор 100 хувь импортын гурил иднэ гэж байхгүй, гурилын үйлдвэрүүд ч дэлхийн зах зээлийн үнэ ханштай өрсөлдөх боломжоо гаргах ёстой. Ард иргэдийн тулгамдсан асуудал худалдан авах чадвар. Гурилын үнэ инфляцид 15 хувийн нөлөө үзүүлдэг. Түүнийг дагаад зээлийн хүү, зах зээл тэлэх бүх боломж нь үүснэ. Үйлдвэрүүд тариалалт гэдэг хоёр зүйлийн зөв зохистой харьцааг бий болгож өгөх шаардлагатай. Тариаланчид улаан буудайн доод үнийг төртэйгаа хамтраад тогтоодог бодлогыг хэрэгжүүлнэ. Засгийн газар үнийн эрсдэлийг хамгаалах бодлого хэрэгжүүлнэ гэж ойлгож болно, улаан буудайн хувьд.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Яагаад би 2007, 2008 оны түүх ярьсан бэ гэхээр анх удаа дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний буудайг 15 жил зарцуулж байж  хураасан. Тариалангийн салбар хөлд дээрээ зогсоход урт хугацаа заруулдаг.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Энэ утга агуулгаар дэмжих боломжгүй. Газар тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсээ бид гадаадад зарж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулаад байна. Тэр улсуудын хэрэглэж байгаа нефтийн үнээр шатахууныг нь нийлүүлчих, техник технологийг нь тэр үнээр эхлээд нийлүүлчих. Төр өөрөө стратегийн бүтээгдэхүүнийг хамгаалаад явж байдаг гэж Цогтоо гишүүн түрүүн хэлсэн. Стратегийн гэж тодорхойлсон бол өрсөлдүүлэхгүйгээр төр авч явдаг.

Болохгүй бол татварынх нь хувь хэмжээг бууруулаад явж болно. 1999 оноос эхлээд 7 хувь болгоод бууруулж байсан. Үйлдвэрлэгч нартаа шахалт үзүүлээд Өрсөлдөөний тухай хуулиар нь өөрчлөлт оруулаад явах юм бол хамгийн боломжтой хувилбар болно.

Шатахуунаа импортоор авдаг, техникээ импортоор авдаг, газар нь үржил шимгүй болсон газар тариа эрхэлдэг тариалан эрхлэгчдийг бусад орны тариалан эрхлэгчтэй өрсөлд гэх нь хэцүү.

 

 

17 : 56
2024-3-21

Сайд Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 10.5 тэрбумын зээл авчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Дэлхийн зах зээл дээр үр тариа, гурил будааны үнэ буучихсан байхад манай ард түмэн мэдэрсэнгүй. Харин ч чанар муутай хэрнээ өндөр үнэтэй гурил идсэн. Өнгөрсөн хугацаанд гурилын үйлдвэрүүдэд татвар төлөгчдийн хэчнээн хэмжээний мөнгийг өгч дэмжлэг үзүүлсэн байгаа вэ.  

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Дотоодын гурилыг чанаргүй гэж та л хэлж байна. Үнэтэй байна л гэдэг дээр иргэд асуудал тавьж ирсэн тул Засгийн газар ажиллаж байна. Засгийн газар удаан хойрго хандаагүй. 2022 оны нэгдүгээр сард гурилын үнэ нэмэгдсэн даруйд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/ олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан.  Тавьсан торгуулийг нь төлдөгүй, гаргасан шийдвэрийг нь шүүхэд өгсөн. Материал дутуу гэдэг шалтгаанаар буцааж байгаа. Засгийн газар энийг зүгээр харж сууж болохгүй учраас импортын татварыг тэглэх арга механизм хэрэглэж байна.

Мөн ШӨХТГ-ын эрх хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Төрийн шийдвэрийг хайхардаггүй, шударга бус өрсөлдөөн бий болгож байгаа ААН-д хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дараах компаниудад олгосон.

“Милл хаус” 48 тэрбум, “Улаанбаатар гурил” компанид 43 тэрбум, “Өгөөж гурил” компанид 37 тэрбум, “Өег гурил” компанид 59 тэрбум, “Дорнод гурил” компанид 10.5 тэрбум, “Од групп”-д 2,5 тэрбум, “Хангай миллс” 6 тэрбум, “Хөвсгөл алтан дуулга”, “Эрин цагаан”,  “Увс хүнс” компаниуд 1 тэрбум дотор зээл олгосон.

Төр зохисгүй бодлого, шаардлагагүй техникийн зхоицуулалтаа хүчингүй болгож байна. Өрсөлдөөний зарчмаар үнэ тогтох боломж бий болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар шаардлагагүй байсан зохицуулалтуудыг хүчингүй болгосон. Цемент дээр хүртэл зайлшгүй арга хэмжээ авах шаардалга байгаа. Хилийн цаана задгай цемент 150 мянган төгрөг байхад Монголд 300 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. 30 хувийн  импортын татвар тавиад хязгаарлачихдаг.

Цемент нэг тонн нь 240 мянгаас 740 мянга болтлоо өсөхөд орон сууцны 1 метр квадратын үнэ 3 саяас 5 сая болж өссөн. Эргээд цементийн үнэ буухад орон сууцны үнэ тэр хэвээр тогтсон. Тийм учраас эрх зүйн орчныг тодорхой хэмжээнд чангатгана.

16 : 21
2024-3-21

Б.Пүрэвдорж: Засгийн газар ажиллаж чадаагүй нь үнийн өсөлтөөр ил болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Засгийн газраас боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хийлээ.

Тэрбээр "Аймаг, сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймгууд өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дуусгаад байна. Өвс тэжээлийн хомстолоос шалтгаалан киллограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд Гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байна. 

Монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох гурилын үнэ сүүлийн дөрвөн жилд хоёр дахин өсөөд байна. Гэвч гурилын гол түүхий эд болох улаан буудайн үнэ сүүлийн дөрвөн жилд 24. 4 хувиар өсчээ. Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Иймд үнийн өрсөлдөөнийг дэмжих гол нэрийн бүтээгдэхүүнээ хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан гэлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Гурилын үнэ хэтэрхий өндөр байна гэдгийг Ардчилсан намын бүлгийн гишүүд тал, талаас нь олон удаа хэлсэн. Та нар амьдралтай танилцахгүй явсан нь энэ. Хэрвээ гурилаа аль хэдийнэ оруулаад ирсэн бол ард иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой байсан. Ажилдаа гүнзгий орооч ээ. Сонгууль дөхөхөөр л ард түмэндээ хайртай болоод. 

Тооцоо хийгээд үзэхээр ялгаагүй өндөр үнэтэй л байна лээ шүү дээ. Тэндээсээ дахиад нугалаа гаргаж, хусах гээд байгаа юм уу?.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газар зүгээр суугаагүй, 2022 оноос эхлэн гурилын үнэ өсөх үеэс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухай бүрт асуулт тавьж, дүгнэлт үйлдэн торгууль тавьж байсан. 2022 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд асуудал шүүхэд шийдэгдэлгүй явж байна. Гурил үйлдвэрлэгч нарын зарим нь янз бүрийн аргаар нөлөөлж байна. Тэгэхээр Засгийн газар 15 хувийн татварыг тэглэе, хугацаагүйгээр, хэмжээгүйгээр стандарын шаардлага хангасан гурилыг бүх газраас оруулж ирэх боломжийг олгоё гэж байгаа. Зах зээлийнхээ журмаар үнэ нь тогтоогдоно.

2020 онд Монголд 235 мянган тонн гурил үйлдвэрлэж байсан бол 2021 онд 41 мянган тоноор буурсан. Зах зээлийнхээ онолоор бол энэ нь зориудаар эрэлт үүсгэн, зохиомлоор үнэ өсгөсөн гэж үзэх үндэслэл гарч ирж байгаа. Тийм учраас хуулийн төслийг боловсруулсан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-2022 оны хоёрдугаар сарын 22-нд тэтгэвэр 500 мянган байхад 50 кг гурил 50 мянган төгрөгөөр авдаг байсан. Инфляцыг хоёр жилийн дотор 140 хувиар алдсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх тал дээр Засгийн газар маш хариуцлагагүй ажиллаж байна. Дээрээс нь малчид болоод иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажил хийхгүй байсны гор одоо ингэж гарч байна. 140 хувийн өсөлт бол Засгийн газар ажлаа хийж чадаагүй үр уршиг.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Гурилын үнийн өсөлт 2022 оны төгсгөл үеэс зах зээл дээр мэдрэгдэж эхэлсэн. ШӨХТГ -аас өөрсдийн эрх хэмжээнийхээ хүрээнд торгууль тавьсан. Өнөөдрийг хүртэл асуудал нь шүүх дээр шийдэгдэлгүй маргаантай байгаа. Засгийн газраас чиглэл болгосны дагуу Өрсөлдөөний хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдана.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр гурилын үнийг хэдээр буулгах вэ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Гурил тэжээлийн импортын татварыг тэглэх асуудлыг хэлэлцүүлж байна. Хилийн цаана дээд гурил 966 төгрөг, I гурил 836 төгрөг, II гурил 687 төгрөгийн үнэтэй байна. Өнөөдрийн 15.5 хувийн татвараа төлөөд тээврийн зардлаа шингээгээд суурь өртгийг тооцохоор дээд гурил 1342, I гурил 1190, II гурилыг  1020 төгрөгөөр Улаанбаатар  хотод ирүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Мэдээж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ашиг орлого нь нэмэгдэх боломжтой.

Тэгэхээр өнөөдөр 1 кг нь 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа  гурил өрсөлдөөн бий болсны дүнд I гурил 1600 төгрөгөөс хэтрэхгүй болно гэдэг тооцоог Засгийн газар  хийсэн. 50 кг гурил 70.000-80000 төгрөгийн хооронд тогтоно.

Увсын Улаангом хотод зах дээр зарагдаж байгаа орос I гурил 50 кг нь 78.000 бол Монгол I гурил 50 кг нь 110 мянган төгрөгийн үнэтэй. Монгол дээд гурил 25 кг нь 58.000 төгрөгөөр бөөний үнэ нь зарагдаж байна. Завханы Тэс суманд 78 мянган төгрөгөөр зарагдаж байна.  

 

15 : 40
2024-3-21

Х.Булгантуяа: Есөн сарын хугацаанд дундаж цалинг 2.4 сая төгрөгт хүргэсэн

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Аудитын ерөнхий газар нарийн үнэлгээ өгсөн байна. Монголын ард түмэн маш муу үнэлгээ өгөөд байгаа. Дөрвөн асуудлыг ярьж байна. Нэгд зуд. хоёрт нь гурил, гуравт нь метро. Дөрөвт нь, Старлинк.  

Монгол Улс дэлхийн худалдааны дайнд ямар оролцоотой байгаа вэ гэдгийг бүгдээрээ харж байна. Олон улс юу ч байсан бүгдийгээ экспортолдог, тэгж чадвал хөгжиж чадна. Гадаад харилцааны сайд энэ чуулганд суух ёстой ч алга. Гадаад худалдааны асуудлаа Гадаад харилцааны сайд хариуцдаг.  Хятад улс гурил дээрээ 67 хувийн импортын татвартай бол Орос 90 хувийн импортын татвартай.  Монгол Улс 15 хувийн татвартай байж байгаад тэглэх асуудал яриад сууж байна.

Манайд гадаад худалдааны ажил 0 зааж байна. Хэрвээ Хятад улстай яриад татварыг 30 хувь болгож чадсан бол Монголын гурил үйлдвэрлэгчид дэлхийд нэрээ дуурсгасан баян хүмүүс болох байсан.

Одоо бид метро ярьж байна. Ямар мөнгөөр хийх гэж байгааг нэг ч гишүүн мэдэхгүй. Яагаад УИХ нь мэдэхгүй төсвөөр нийслэл метро барих талаар ярьж байхад чимээгүй байгаа юм. Энийгээ УИХ дээр оруулж ярихгүй юм уу?

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Таны ярьж байгаа зүйлийг дэмжиж байна. Гол эдийн засгийн түншүүдтэйгээ худалдааны гэрээ хэлэлцээр байхгүй явж ирсэн. Эдийн засаг хөгжлийн яам байгуулагдаад ОХУ-тай худалдааны түр хэлэлцээр байгуулахаар сүүлийн 7 сар ажиллаж байна.  Орос, Монголын худалдаа 95:5 гэсэн харьцаатай байгаа.  ОХУ-ын экспорт 95 хувийг эзэлдэг.  Нефть, тэсэлгээний бодис зэрэг бүтээгдэхүүн өндөр хувь эзэлж байна. Гэтэл манай экспорт 5-хан хувь. Махны экспортыг 2 хувиар нэмэгдүүлснээр экспорт 5 хувь болсон. Оростой хэлэлцээр хийгээд дуусгасан.

Мах махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширэн бүтээгдэхүүн, ноос ноолуур болон 375 төрлийн барааг квот, татваргүйгээр гаргахаар гэрээ хэлэлцээр хийж байна.

Хятадтай худалдааны хэлэлцээр байхгүй, эхлүүлэх хүсэлт тавьсан.

Худалдааны гол түнш болж байгаа, Монгол Улсын 55 мянган иргэн ажиллаж амьдардаг БНСУ-тай худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Хэрвээ энэ худалдааны хэлэлцээрийг өмнө нь байгуулсан байсан бол өндөр татвар, квотгүйгээр бараагаа гаргаад байж болох байсан.

Засгийн газар боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, зэрэглэлийг нь нэмэх зэргээр мөн ажиллаж байна. Тухайлбал, Завхан аймгийн Арц суурийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зэрэглэлийг нэмэхээр хоёр талдаа ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Улаанбаатар хотын нийтийн тээврийг хүртээмжтэй олон төрөлт болгох зорилго үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусч ирсэн асуудал.

Улаанбаатар хотын төсвийн асуудал улсын төсөв дээр сууж явж байгаа. Метроны зөвлөх үйлчилгээний асуудал, барилга угсралттай холбоотойгоор 380-аад тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв дээрээ суулгаад явж байна. Амгалан өртөөнөөс-Толгойт хүртэл 17.7 км урттай. Засгийн газар далд эдийн засагтай тэмцсэнээр татварын орлогууд нэмэгдсэн.

Нийслэл өмнөх жлиүүдэд 24 тэрбумын хөрөнгө оруулалт шийдэж байсан бол энэ жил 800 гаад тэрбумын хөрөнгө оруулалт шийдсэн. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Иргэн төвтэй хөгжлийн бодлого төлөвлөлт 82 хувь гэжээ. Аз жаргалын тайланг гаргахад 16 байраар Монгол Улс ухарсан. Авлигын индексээр сүүлийн 7 жил 50 байраар ухарсан. Ардчиллын индексээр 20 байр  ухарсан. Хувийн хэвшлээ шахсан. Төрийн бизнес тэлсээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан.

Малчдын даатгалыг хэрэгжүүлнэ гэсэн хаа байна, хэрэв нэвтрүүлсэн бол малчид өнөөдөр ингэж модоо барихгүй л байсан. 10 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна, газрын тос боловсруулах үйлдвэр 2021 онд ашиглалтад оруулна гэсэн юу болов. Ядуурлыг хэдэн хувиар бууруулсан бэ. Өрхийн орлогыг яаж нэмэгдүүлсэн бэ. Ажлын байр хэдэн хувиар нэмэгдсэн бэ. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэсэн. Гэтэл ААН -ийн зээл 16 хувь, малчны зээлийн хүү 24 хувь байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Бүх улс орон л үзүүлэлтүүдээрээ ухарсан байна лээ. Covid-19 цар тахлын үед хоёр жил хил хаалттай, дэлгүүр хоршоо ч орох боломжгүй. эдийн засгийн уналт явсан нь нөлөөлсөн.  

Covid-той, дайнтай үед хөгжлөөрөө урагшаа тасраад явчихсан улс дэлхийн хаана ч байхгүй байна лээ. НҮБ-ын хуралд оролцож, тайлан сонсч байхад.

Малын индексжүүлсэн даатгалыг 2002 оноос хойш хэрэгжүүлж явсан. Хүн хөдөлмөр хийгээд малаа хорогдуулахгүйгээр аваад гардаг малын индексжүүлсэн даатгал хэрэгжээд явж байгаа. Малчид тав арван цаас гаргаж даатгалдаа хамрагддаг байхад анхаарах ёстой. Малын индексжүүлсэн даатгалаар энэ жил 5,4 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарсан байна лээ. Даатгалын тогтолцоо ажиллаж байна. Хувь хүний оролцоог хангаж, нэмэгдүүлэх нь чухал байна.

Үндэсний статистикийн хороо ядуурлын түвшинг гаргадаг. 2020 онд ядуурлын түвшин 27.8 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

2023 оны тайлан гараагүй байна.  2022 онд ажлын байр 55 мянгаар шинээр нэмэгдсэн.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмсэн. 2019 онтой харьцуулахад тэтгэвэр 2,1 дахин нэмэгдэж, дундаж тэтгэвэр 780 мянга, тэтгэврийн доод хэмжээ 650 мянган төгрөг болж байгаа. Төрийн албаны хаагчдын цалинг нэмснээр өнгөрсөн жил үндсэн цалин 40 хувиар нэмэгдсэн. Бусад нэмэгдэл мөн дагаад нэмэгдэж байгаа. Олон жил ажилласны нэмэгдэл гэхчлэн. Төрийн албан хаагчийн дундаж цалин 1,4 сая төгрөг байсан бол есөн сарын хугацаанд 2,4 сая төгрөг болж нэмэгдэж байгаа.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

Газрын тосны үйлдвэрийн асуудал Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны асуудлаас бүрэн гараад “Эрдэнэс Монгол” компанид шилжсэн. Цар талхаас болж, ажил нь 3 жилээр сунасан. Нөхөх гээд нэлээн сайн ажиллаж байна. Саяхан Засгийн газрын тэргүүн газар дээр нь очиж ажлын явц байдалтай танилцсан. 2027 оны дунд гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна гэж Энэтхэгийн талын компани мэдэгдсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 

 

 

14 : 22
2024-3-21

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

12 : 55
2024-3-21

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг нэмж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Эл асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, сайд нараас хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ. Нүүрсний хулгайг зогсоож, биржээр арилжаалдаг болсноор өсөлт гарсан. Эдийн засгийн өсөлтийг хэзээ айл өрхийн хаалгаар оруулж, үр дүн бодитой мэдрэгддэг болгох вэ.

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт инженерийн шугам татсан байдал 100 хувьтай гэж дүгнэж. 2023 онд нийслэлийн аль дүүргийн гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татсан бэ. Чингэлтэй дүүргийн Телевиз орчмын айл өрхүүд инженерийн шугам сүлжээг хэзээ татах вэ гээд хүлээж байна?

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өссөн. Уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарт эдийн засгийн өсөлт гарсан. Уул уурхайн салбар олон хүнд шууд нөлөөгөө үзүүлдэг салбар биш. Ийм салбар дээр эдийн засгийн өсөлт гарахаар яаж ард иргэдэд хүрдэг вэ гэхээр төсөв дээрээ орлого татаж төвлөрүүлээд, төсвөөс арга хэмжээ хэрэгжүүлдэг. 2022 оны төгсгөлд валютын нөөц 2,4 тэрбум ам.доллар, өдөр бүр төгрөгийн ханш 6 төгрөгөөр суларч, инфляц 16,7 хувьд хүрсэн. Ийм учраас долларын гүйлгээг нэг сая төгрөгөөр хязгаарлаж байсан. Одоо Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн. Төгрөгийн ханш 200 орчим төгрөгөөр чангарсан. Эдийн засгийн өсөлтийг яаж ард иргэдэд хүргэж байна вэ гэвэл УИХ 2023 онд Монгол Улсын төсвийг тодотгосон. Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, мөн халамжийг нэмсэн. Уул уурхайн салбараас олсон орлогоо  нийтэд нь хүргэж байгаа хэлбэр.

Эдийн засгийн хөжлийн яам эдийн засгийн төлвийг харж байгаад аль болох олон хүн ажилладаг салбарыг дэмжих чиглэлээр хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Олон хүнд хүртээлээ өгдөг хөрөнгө оруулалтыг дэмжиж байж, Монгол Улс хөгжинө. Хилээ хаагаад хойд Солонгос, Куба шиг байвал амьдрал тийм л байна.

Хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Нүүрсний хулгайг бүрэн зогсоосон. Нүүрсийг биржээр зардаг болсон. Нэг тонн нүүрсийг  80 ам.доллараар зардаг байсныг 180 ам. доллараар зардаг болгож, ил тод байдлыг бий болгосон.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн хувьд инженерийн дэд бүтэц хийгдсэн хоёр л газар бий. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвд л хийгдсэн. Хавраас болж өгвөл гэр хорооллын айлуудтай тохиролцоод газрын нөхөн олговор шийдээд явна. Сэлбэ  дэд төвийг түшиглээд 10 гаруй мянган айлын орон сууц, Баячнхошуу дэд төв дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. Нүхэн жорлонг бууруулах чиглэлэр ямар ажил хийснийг мэдэхгүй, нийслэл хариулт өгөөрэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энэ өвөлжингөө цахилгаан хязгаарлалт хийлээ. Фэйсбүүкийн хэдэн постоос болоод цахилгаан станц барих ажлаа зогсоодог. Махны үнийг чөлөөлөхгүй бол мал аж ахуй тооноос чанар луу шилжихгүй. Нийгмийн даатгалыг нь өмнөөс нь төлнө гээд, зээл чөлөөлнө гээд нэг л их харж үзсэн хүмүүс байх юм.

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг харахаар төрийн оролцоо бүх салбар дээр өндөр болсон байна. Хүнс хөдөө аж ахуйн сангийн эргэн төлөлт 20 хон хувьтай байсан. Хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Засаглалын индекс 33-56 хувийн хооронд байна. Баахан хэл ам болж байж, УИХ-аар Зөвшөөрлийн тухай хуулийг батлуулсан. Гэтэл уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна. Авто тээврийн үндэсний төвөөс аялал жуулчлалын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл авдаг болсон байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг нэлээн юм болж баталсан, нэг ч төсөл хэрэгжээгүй. Холбогдох хүмүүс нь тайлбараа өгмөөр байна?

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Х.Ганхуяг гишүүний хэлж байгаа олон зүйлтэй санал нэг байна. Багануур дээр 700 МвТ- ын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гарсан байсан. Харамсалтай нь, хятад хүмүүс ороод ирвэл монгол хүмүүс дуусах нь гээд энэ ажлыг зогсоосон. Үр дүнд нь 700 МвТ- ын цахилгаан станц барих ажил зогссон. Бүтээн байгуулах болоход элдэв бусын жагсаал зохион байгуулж, эсэргүүцдэг. Энэ төслийг зогсоосон хүн нь тагнуулын хэргээр үйл ажиллагаа явуулсан хэргээр ял аваад явж байх жишээний. Пост бичдэг, цээжээ дэлдсэн хүмүүсийн яриагаар улс орны бүтээн байгуулалтын ажлаа зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй. Шийдвэр нь гарчихаад байхад ажлыг явуулахгүй байгаад харамсч байна.

Түүхий эдийн үнийг өсгөх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй ОХУ-руу гаргахаар ажиллаж байна. Батлах процедур дээр явж байна.

Хятадтай ямар нэг гэрээ хэлэлцээр байдаггүй,  урсгалаараа явж ирсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд худалдааны хэлэлцээртэй байх ёстой. Хаагаад боогоод явахлаар хөгждөг гэдэг бодлыг зогсоох ёстой. Арьс ширний үнэ 70 мянга хүрч байсан, хааж боосноос арьс шир үнэгүйдэж хаягддаг болсон. 2013 онд Женко Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуйн сайд, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа арьс ширний экспортыг зогсоосон. Х.Баттулгыг ажлаа өгсний дараа арьс ширний экспортыг нээсэн.

Зөвшөөрлийн тухай хууль дээр манай дарга нар эрх мэдлээсээ салах хэрэгтэй.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Авто тээврийн үндэсний төв тусгай зөвшөөрөл нэмж гаргасан байна гэлээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг би санаачлаад 2022 онд УИХ-аар батлуулсан. Төрөөс нийт 1400 гаруй зөвшөөрөл олгодог байсныг 370 орчим болгож бууруулсан. Гарын үсгээр дамжуулж хүнд суртал, эрх мэдэл олж авч, гуйлгаж шан харамж, авлига авдаг байдлыг халах зорилгоор энэ хуулийг баталсан. Сумын Засаг даргаасаа эхлээд Засгийн газрын сайд нь гарын үсгээ үнэлдэг байсан. Өрсөлдөөнийг дэмжиж, бүгдэд тэгш боломж олгох ёстой гээд асуудлыг шийдээд явж байгаа. Улс хоорондын В зөвшөөрлийг ердөө 2 аж ахуйн нэгж авдаг байсан. Зориудаар зөвшөөрөл олгох босгыг өндөр болгосон байсан. Задалсан, босгыг намсгасан. Замын-Үүдэд амьдарч байгаа иргэн автобусаар улс хоорондын тээвэр хийх боломжтой болгосон. Үр дүнд нь Замын- Үүд дээр 25 мянган төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол 2500 болсон.  

Хэдэн зуун машин байж байгаа, одоо хоорондоо өрсөлдөөд тээвэр хийж байгаа. Өрсөлдөөн бий болсноор тээврийн үйлчилгээний үнэ буурсан.  

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

11 : 28
2024-3-21

Н.Эрдэнэбаяр: Тэмбүү, В,С -гийн халдвар жилээс жилд бууж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 63.7 хувь дэмжсэнээр "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслөөр санал хураахын өмнө гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Цусны эргэлтийн санг яаж бүрдүүлэх вэ? 14 тэрбум төгрөг хүрэлцээтэй биш. Цус сэлбэлтийн мэргэжилтний тоо буурч байна. Жирийн эмнэлэгт ажиллах нь цалин илүү учраас энэ чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд буурлаа гэж байна. Мэргэжилтнүүдээ нэмж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр онцгойлсон заалт байна уу?

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Цус сэлбэх төв өөрсдөө бүтээгэдхүүн үйлдвэрлээд хувийн болон улсын эмнэлэгт төлбөртэй тусламж үйлчилгээ үзүлдэг. Түүгээрээ дамжуулаад орлого олох боломжтой. Тэр нь 14 тэрбум орчим юм. Түүнийгээ эргүүлээд захиран зарцуулах асуудлыг яриад байгаа юм. Ажлын хэсэг дээр яриад зохицуулаад өгчих боломжтой. Орон нутагт цус цуглуулах, мэрэгжилтнүүдийг давтан сургалтад хамруулах, орон нутагт ажиллаж байгаа багуудыг урамшуулах, таниулан мэдүүлэхэд анхаарч хуулийн төсөл бичсэн.

14 тэрбум төгрөг гэдэг нь өөрсдийнх нь олж байгаа орлого, төсвөөс нэмэлт төсөв санхүүжилт авахаар төслийг бичээгүй. Олж байгаа орлогоороо мэргэжилтнээ сургах, цалин хөлсөө нэмэх боломжтой байхаар эрх зүйн зохицуулалт хийгээд өгчихвөл дэмжлэг болно.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Төрөлтийн улмаас цус алдаж, халдвар авсан тухай яриа их байсан. Одоо бол цусны лаборатриуд олон улсын жишигт нийцэж хөгжиж чадсан.

Цус сэлбэлтийн төвийнхнийг харж үзэх цаг нь болсон. Цалин хөлсийг нь нэмэгдүүлж чадахгүй, мэргэжилтнүүд нь хөгжих боломжгүй нөхцөлд төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхийг нь олгох ёстой. Энэ хууль батлагдсанаар эдгээр асуудлыг нь шийдэх юм билээ. Өөрсдөө орлого олох боломжийг нь олгохгүй бол хөгжиж чаддаггүй бахь байрандаа байгаа.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Н.Эрдэнэбаяр

-Цус сэлбэлтийн үндэсний төв олон улсын жишигт нийцсэн техник технологиор бүрэн хангагдсан. Шинэ байрыг ашиглалтад оруулсан. Орон нутгийн байруудад урсгал засвар хийсэн. Хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч, цустай холбоотой ажилладаг хүмүүсийг сургалтад хамруулсан. Техник технологийг жил бүр шинэчлэх шаардлага тулгарч байна. Цус сэлбэлтээр дамжих халдварыг бүрэн зогсоож чадсан. Нөгөө талдаа манай эмч нарын халдвар илрүүлэх шинжилгээ олон улсын төвшинд хүрсэн нь эерэг үр дүн дагуулж байна.

Тэмбүү, В,С -гийн халдвар жилээс жилд бууж байна. Элэгний маш олон хөтөлбөр хэрэгжиж байна, оношилгоо өндөр төвшинд хийгдэж байгаа нь эрсдлийг бууруулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд цусан бүтээгдэхүүний 80 хувийг, орон нутагт 18 хувь нь хэрэглэгдэж байна.  Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ өмнөх жилээс 13-15 хувиар нэмэгдэж байна. Цусан бүтээгдэхүүний нөөц маш чухал. Олон улсад цусан бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа 42 хоног байдаг. Манайд 14-21 хоногийн хугацаатай буюу энэ хоногуудад эмнэлгүүдэд олгодог. 7-10 хоногийн нөөцтэй явж байна. Цашдаа цус цуглуулах төвүүдийг дүүргүүдэд байршуулж нэмэгдүүлэх шаардлагатай. 2035 он хүртэл цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэхээр байгаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

10 : 29
2024-3-21

УИХ Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн ирц бүрдсэнээр Цусны донорын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.  Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар санаачлан боловсруулж, энэ оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын хүн амын тоонд эзлэх 24-45 насны идэвхтэй донорын хувь хэтдээ хоёр дахин буурах төлөвтэй байгаа бөгөөд дунджаар 20 орчим жил үргэлжлэх хүн амын цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах нь тулгамдсан асуудал болохоор байгаа аж.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна. Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ, оношлогооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв ажилладаг бөгөөд тухайн эмнэлэг, төвүүдийн удирдлагад ажилладаг аж. Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлж байна. Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөдөг. Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгож буй аж.

Иймд хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт, сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ.

 

09 : 55
2024-3-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон бөгөөд дараах төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-21 202.9.46.37

Миллхаус чинь Жэнко ийн компани шүү дээ Занданшатар юу ч хийж чадахгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.91.6

МИЛЛ ХАУС, УЛААНБААТАР ГУРИЛ, АЛТАНТАРИА гурилын далд эзэн нөгөө ЭХ оронч Баттулга байдаг гэж ярих юм билээ. Милл хаус Улаанбаатар хоёр гэхэд л нийт 90 тэрбумын зээл авсан байна.

Avatar

Нэргүй 2024-03-21 45.117.35.42

Мангарууд ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөнөөр улсаа удирдаж данпууруулах юм даа хөөрхий дөө Хөдөлмөр хийж баяжаагүй хүмүүсийн сэтгэл нь яг л мөс шиг хүйтэн байх юмаа аймаар

Avatar

Нэргүй 2024-03-21 45.117.35.42

гурилын үйлдвэрүүдээ данпууруулж амрах гээд байна уу дааа ашиггүй тэр хүнд ажилыг хэн хийхэв дээ мангаруудааа үүний цаана төлж буй татвар багадана Тэнд ажилладаг олон мянган ажилчид ажилгүй болж хэцүүдэнэ дээ тэгээд Монголын үйлдвэр дампуурвал 100 хувь хүний хараат болно доо Тэгээд тэд гуяа алгадаад үнээ хэд болгож нэмсэн ч тэдний дур Мангарууда
эни ийм тэнэг Санаа гаргаж байгаа хүмүүс бол ямарч чин үнэнчээр мөнгө олж үзээгүй түц ч ажиллуулж байгаагүй хүмүүс байдаг юм аа

Avatar

Иргэн 2024-03-21 202.21.127.168

Хүрэлбаатар гэгч нээрээ солиорчих юм аа, бүгдээрээ ухарсан ч гэх шиг_ Зайлаасай

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.179.11

өнөө о алдарт женко хулгай луйвар Милл хаус женкогийн үйлдвэр ш дээ энэ нөхөр оролцохгүй хулгай дээрэм гэж алга нүүрс хулгай хийнэ женко мах хордуулана женко гурилын үнэ нэмнэ женко улс орныг талцуулан женко энийг тэр орон шоронд нь хийхгүй юм уу хуульчидаа

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.117.185

Дайндаа туйлдсан ОХУ гурил буудай бордоогоо борлуулж чадахаа болиод муу Монголыг элэг барьж гаалийн татвараа тэглүүлэх ээлжит тулгалт иржээ. Орос ингэлээ гэдгийг нуухын тулд 76 хулгайч ард түмнээ хуурах санаатай олон тэнэг юм ярьж бна. Гурилын үнээ буулгах арга бол бгаа. Гол нь гаалийн тавар тэглэж орост туслах гэж бна. Энэ чинь эзлэн түрэмгийлэх дайн дэгдээсэн улсыг дэмжлээ гээд хоригт орох асуудал шүү.

Avatar

зочин 2024-03-21 66.181.183.144

Ингэж ард түмнийхээ өмнөөс нулимаж байгаа гишүүдийг дахиж бүү сонгоорой. Импортын татварыг тэглэх ямар ч маргаангүй зөв. Жинхэн шорвог ч алсдаа шар тос мэт шийдвэр бол гаалийн татварыг тэглэх. Импортын бараатай өрсөлдөж байж оршин тогтноно яаж ч бодсон ард түмнийхээ хармааг сэгсрэх бол бодлого биш луйвар. Энэ хуулийн төслийг оруулж ирж зоримог шийдэл гаргасан Амарбаясгалан сайдад талархаж байна хэлэлцүүлгээр хэн нь хэн бэ гэдгийг сайтар мэдэж авах боломж олдож байна.

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.117.18

Хэцүү ч гэсэн дотоодын үйлдвэрээ дэмжих нь зөвөө. Үнэ өсгөхгүй байх хууль байгаа мөрдүүл. Тариаланчид гурилын үйлдвэрээ дэмжье. Бүх юмаа гадаадаас авна гэж юу гэсэн үг вэ муу ч сайн ч үндэснийхээ үйлдэрүүдийг дэмжицгээе

Avatar

Нэргүй 2024-03-21 122.201.31.230

naad shunaltai gurilchidaa demj2

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.114.31

Улс орноо авч явж чадахгүй хэдэн луйварчид төрд шургасаар л байх уу ,унхиагүй урагшгүй ард түмэн юм даа бид

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.189.101

орос гурил хэдээр зарах уу. бензин, будаа, элсэн чихэр 100 хувь гаднаас аваад болж байна. монголын гурилчид дампуурвал дампуур капиталиүм биз дээ

Avatar

Нэргүй 2024-03-21 188.162.254.93

гурилын татварыг тэглэх нь зов! дотоодын уйлдвэрээ улныхан бух чадалаараа дэмжээд л дэлхийд хамгийн ондор унэтэй гурил болгож оглоо!!! харин гурилын компанууд ханаж цадахгуй байгаа ш дээ!!!!!!!

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-03-21 59.153.113.195

ГУРИЛЫН ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ ГЭДЭГ ТАРИАЛАНЧДАД МАШ МУУ ДОХИО БОЛНО. Шатраар бол байгаль цаг уур цагаанаар, тариланч хүн хараар нүүдэг юм шүү дээ.Одоо зарим АА тарихгүй өнждөг болсон. Заа даа улаан буудай тариад ч нэмэргүй боллоо, рапсс тарья байз, үнэ хүрнэ гэдэг бодол толгойд нь орж ирнэ.Яагаад, Польш зэрэг орнуудын тариаланчид Украйны хямд буудай экспортлохыг амь тавин эсэргүүцээд байгааг ойлгох хэрэгтэй. ,

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: ЗГ ГАЗАР ТАРИАНГИЙН САЛБАРТАА ХӨНГӨН ХУУМГАЙ ХАНДВАЛ ТОМ АЛДАА БОЛНО ШҮҮ 2024-03-21 59.153.113.195

Оросын тариан талбайн хөрс үржил шим сайтай, өөрснөө бордоо, шатахуун, хортон шавьжнаас хамгаалах, устгах бодис, ХАА-н техникээ үйлдвэрлэдэг тул га-гийн ургац нь өндөр, үүнээс үндэслээд гурил нь харьцангүй хямд байх нь ойлгомжтой.ГЭТЭЛ МАНАЙ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЯГ ҮҮНИЙ ЭСРЭГ байдаг тул гурилын үнэ харьцангүй өндөр байхаас өөр гарцгүй. Иймд оросын гурилтай өөрийн гурилын үнийг харьцууна гэдэг агуулга муутай. ШӨХТГ сайн ажилласангүй. Хуульдаа байна уу, удирдлагадаа байна уу.

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.177.59

Ингэх гэж л Гишүүн болдог биз дээ

Avatar

Очироо 2024-03-21 66.181.188.24

900гр гурилан б**в ойролцоогоор 8000 төгрөг байна.Арай дэндэж байна.

Avatar

зочин 2024-03-21 66.181.160.60

Балар чулуун гэж нэг эр эмийн завсрын амьтан яаж сонгогдчихоод байнаа ?..

Avatar

Нэргүй 2024-03-21 202.9.40.145

Болорочулуун хулгайчыг дахиж битгий ёонгоорой Даваасүрэн Болорчулуун 2 шантааж хийж сайд болцгоосон

Avatar

зочин 2024-03-21 202.21.103.170

та нар байсан бол дотроо алалцаад бүр илүү самрах байсан даа та нар өөрсдийнхөө гар хөл блогсдоор да мжуулаад үнийн хөөрөгдөл үүсгэсэн ч байж мэдэх гарууддаа тэгээд ч өнөөдөр ардчилсан зах зээлийн нийгэм биз дээ тэр хуулиараа л явахаас өөр аргагүйтэгээд ч барууны үзэл баримтлал чинь баяжих биз дээ хөрөнгөтэй л баяжих бхдаа тэгсэн хир нь худлаа ард түмэн ядуурлаа гээд бахираад л

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.89.83

Оюка сайн ажилласан Ард түмэн ард нь Асаатаы.

Avatar

Нэргүй 2024-03-21 43.228.129.131

Улаан буудай, гурилыг импортын татваргүй болговол дотоодын газар тариалан, гурилын үйлдвэр байх ямар ч учир утгагүй болно, дотоодын зах зээлээ 100 хувь гаднын хараат болгож байна гэсэн үг. ийм бодлого шийдвэр гаргаж байгаа бол энэ улсад төр засаг байсны хэрэг байхгүй болно шүү.

Avatar

Нэргүй 2024-03-21 139.5.217.175

Энэ мэт луйварчин шинжтэй жүжигчин новшнууд ард иргэдийг доромжлоод байна уу

Avatar

Лавлаа 2024-03-21 66.181.188.191

Манай ГТ хөрс цаг уурын хамгийн эрсдэлтэй бүс нутагт явагддаг. Тийм ч учир төрийн бодлогоор ХҮЧЭЭР шахам бий болгосон залуу салбар Хөрс цаг уурын таатай нөхцлөө дагаад хэдэн мянган жил хөгжчихсөн ОХУ Хятад улсын тариалантай манайхан өрсөлдөх боломжгүй. Нэгэнт түүхий эдийн салбар нь тийм юм чинь боловсруулах үйлдвэр ньч дийлэхгүй л дээ Дээрээс нь бусад орцууд, шатахуун эрчим хүч, зам харгуй гээд л… ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ гэдэг томьёололоо мартаад БОДЛОГОО л сайжруулах хэрэгтэй байх

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.187.196

Сайхан худлаа ярих юмаа.
Гадаа амьдралаа хараач ээ та нар 1100 төг байсан жижиг атар талх 1700 төг, болчоод байна.
Авч байгаа цалинг мөнгө амьдралд хүрхээ байгаад удаж байна. МАН-хан 8 жил төр бариад биднийг үнэндээ самраад дууслааа

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.89.35

hurlee said olon jil ajillaasai

Avatar

Нэргүй 2024-03-21 103.57.92.229

Хүрэлбаатар Чойжилсүрэн Бямбацогт Сү.Батболд.Н.Энхболд Занданшатар мэтийн олон удаа сонгогдоод гай ч үгүй гавъяа ч үгүй гуйлгачдыг зайлуулаачээ

Avatar

зочин 2024-03-21 66.181.160.60

Гавьяа ч үгүй нь үнээн , Харин гай бол ч их шүү !!!..

Avatar

Irgen 2024-03-21 70.187.210.175

Ene hyrelbaatar 30 jil odoo saihan bolloo geed yarih yum iim amitdiig mongol turuus zailuulah cag boljee 30 jil ulsiin sanhyyg udirdaj irsen hulgsich odoo zailah boldon

Avatar

Авилгачин монгол 2024-03-21 59.153.112.12

их хурлын дарга ухаантай юм бол хэрэгтэй хэрэггүй хууль чалчиж суудалдаа удаан шигдэхээ бодолгүй шударга үйлс эхлүүлсэн ерөнхийлөгч,сайд хоёроо дэмжсэн зоригтой ганц ч бол юм хийгээд зайл

Avatar

зочин 2024-03-21 66.181.176.236

энэ Нэргүй гэгч коммет бичигч танай ажилтан юм уу эсхүл МАН-н гишүүн юм уу

Avatar

Нэргүй 2024-03-21 66.181.180.95

Сонгоуйлын солиоролт эхэллээ

Avatar

Нэргүй 2024-03-21 43.242.242.59

Засгийн газар сайн ажиллаж байгаа. Цалин тэтгэвэр нэмж байгаа нь үүний илрэл юм. Тэмбүү өвчин газар аваад байгаа гэдгийг иргэд мэдэж байна. Тэмбүү болон бэлгийн замын халдварт өвчин авсан хүнийг нэрийг нь бүргэж бичихгүй зүгээр кодоор дугаар өгөөд эмчилдэг бол олон хүмүүс ирж эмчлүүлнэ. нэр усыг нь бичиж бүртгэдэг болохоор ичээд ирж эмчлүүлэхгүй байнаа

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.117.133

1989-1990 он гэхэд бэлгийн замын халдварт өвчин бараг 100% арилсан байсан!! Гэтэл 1990-ээд оны сүүлийн хагасаас эхлээд залуусын дунд тархаад бүр эх замаа алдсан. Үүний шалтгааныг судалж тогтоосон юм байна уу???

Avatar

Нэргүй 2024-03-21 202.131.225.53

цусны донорын асуудлыг зохицуулдаг хуульд байн байн өөрчлөлт оруулах биш харин донорын тоогоо нэмэгдүүлэх эрүүл байлгах урамшуулах зэрэг хууль хэрэгжүүлэх мөрдүүлэхдээ анхаармаар ,жишээ нь доноруудад өгдөг урамшуулалыг шууд өөрт нь мөнгөөр нь өгдөг байх гэх мэт

Avatar

Нэргүй 2024-03-21 103.57.92.229

Ж.Батсуурь Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайчид үйлчлэхээ болино шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж