Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар “Fine Gael”-ийн залгамжлагчийг сонгох үед намын даргын албан тушаалаа орхихоор шийджээ.
Варадкар Ерөнхий сайд байх хугацаагаа хамгийн сэтгэл хангалуун үе гэж тодорхойлсон ба 2017 онд “Fine Gael”-ийн удирдагч болох үедээ Ирландын хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр одоо Фианна Фаил болон Ногоон намын хамт Дублин дахь эвслийн засгийн газрыг тэргүүлж байна. Врадкар Ерөнхий сайд байсан хугацаагаа Ирланд улсыг ажилгүйдлээс бүрэн ажил эрхлэлт, төсвийн алдагдлаас төсвийн илүүдэл, хэмнэлтээс хөгжил цэцэглэлт рүү хөтөлсөн гэж дүгнэсэн ба улс төрийн болон хувийн шалтгаанаар огцрох хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, хүүхдийн эрх, ЛГБТ нийгэмлэг, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, бие махбодийн бие даасан байдлын асуудлаар улс орноо илүү тэгш, орчин үеийн газар болгосондоо бахархаж буйгаа ярьжээ. Түүнчлэн Врадкар ижил хүйстнүүдийн гэрлэлт, үр хөндөлтийг хуульчилсан Ирландын үндсэн хуулийг өөрчлөх бүх нийтийн санал асуулгыг дэмжиж байв. Тэрбээр өөрийгөө Ерөнхий сайдын албан тушаалд тохиромжтой хүн байхаа больсон гэж тодотгон, нийт ард иргэд, засгийн газраасаа хүлцэл өчжээ. Ирландын засгийн газар, намуудын мэдээлснээр шинэ Ерөнхий сайдыг томилох сонгууль ойрын хугацаанд болохгүй байх магадлалтай. Ногоон намын тэргүүн Имон Райан Ерөнхий сайд Варадкар бол "засгийн газрынхаа хамт олондоо үргэлж дэмжлэг үзүүлдэг эрч хүчтэй, тууштай удирдагч байсан" гэж мэдэгдэв.
“Fine Gael” бол Бүгд Найрамдах Ирланд улсын либерал-консерватив, Христийн ардчилсан улс төрийн нам юм. “Fine Gael” нь одоогоор Даил Айреанн гишүүдийн тоогоор Ирланд улсын гурав дахь том нам бөгөөд Европын Парламентэд хамгийн олон Ирланд гишүүнтэй намд тооцогддог.
Эх сурвалж: BBC