Ц.Мөнх-Оргил: Цэцийн гажуудлыг арилгана

Ц.Мөнх-Оргил: Цэцийн гажуудлыг арилгана

Ц.Мөнх-Оргил: Цэцийн гажуудлыг арилгана

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулахаар УИХ-аар хэлэлцэж буй. Тиймээс хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулиудын нэг нь Цэцийн тухай хууль болон Цэцийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд байна. Цэцийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага юу байв?

-Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдаж,  анх удаа Үндсэн хуулийн Цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон. Ингээд 1992 оны тавдугаар сард Цэцийн тухай хууль, 1998 оны тавдугаар сард Цэцэд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны тухай хууль тус тус батлагдсан. Үүнээс хойш эдгээр хуулиудад гар хүрээгүй байсан. Нэгдүгээрт, Цэцийн тухай хууль анх батлагдахдаа 23 зүйлтэй байсан. Энэ хуульд 30 жилийн турш 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж одоогоор 13 зүйл заалт нь үйлчилж байна. Тиймээс шинэчилж найруулах цаг хугацаа нь нэгэнт болчихсон байна. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт ялангуяа шүүх засаглалд гарсан ахиц дэвшилүүдийг Цэцийн тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзсэн. Гуравдугаарт, Цэц, шүүхийн шийдвэр гарчихсан асуудал дээр тухайн иргэнд хамааралтай үндсэн эрх нь зөрчигдсөн буюу үндсэн эрхийн маргааныг авч хэлэлцэхгүй байгаа.

Тиймээс хүний эрхийн зөрчлийн асуудлыг хэлэлцдэг болох шинэ заалт оруулж ирсэн. Энэ нь Цэцийн үйл ажиллагааны цар хүрээг тэлж, үйл ажиллагааны 80-90 хувийг хүний үндсэн эрхийн маргаан руу шилжүүлнэ.

Одоо бол Үндсэн хуулийн Цэц хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх буюу иргэнд хамааралгүй ч Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн хийсвэр хяналт тавих бололцоотой байна. Тиймээс энэ эрх нь байгаа ч тухайн иргэнд хамааралтай маргааныг хэлэлцдэг болох үндсэн өөрчлөлт орж ирж байна.

-Цэцийн гишүүд хамгийн их эрх ямба эдэлдэг хэрнээ томилгоо нь шударга биш, хэн нэгний утсан хүүхэлдэй байдлаар томилогдож байгаа талаар иргэд шүүмжилдэг. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд Цэцийн гишүүнийг томилохдоо ямар шалгуур шаардлага тавих вэ. Өмнөх зүйл заалтаасаа хэрхэн өөрчлөгдөв?

-Цэцийн гишүүнд тавигдах шаардлагын талаар Үндсэн хуульд зааж өгсөн. Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн, хууль, шүүхийн өндөр мэргэшилтэй байх гэх мэт… Бид юун дээр дүгнэлт хийх ёстой байсан гэхээр Үндсэн хуульд Цэцийн гишүүнийг дөрвөн жилээр томилохоор заасан. Гэхдээ дахин тэр хүнийг томилж болох юм уу эсвэл нэг удаа томилоод буулгах юм уу, үгүй бол хэдэн удаа ч хамаагүй улираан томилох талаар заалт байхгүй. Энэ гажуудлаас болоод өнгөрсөн 30 жилд юу болов гэхээр, "Би хэн нэгний итгэлийг хүлээгээд тухайн хүн нь намайг Цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ" гэж бодоход зургаан жилийн дараа дахин таны итгэлийг хүлээж гишүүнээр томилогдох сонирхол тэр хүнд байна.

Ийм учраас таны хэлээд байгаа хэн нэгний утсан хүүхэлдэй болдог, захиа даалгавар биелүүлдэг гэх хардалт гараад байгаа юм. Ингэж хардах үндэслэл ч бий.

Олон улсад Үндсэн хуулийн шүүхийг олон жил ажиллуулж туршлага хуримтлуулсан орнуудад Цэцийн гишүүнийг ердийн шүүхийн шүүгч шиг насан туршид нь томилдог. Эсвэл нэг удаа урт хугацаагаар томилдог. Монгол Улсын Үндсэн хуульд насан туршид нь томилох талаар заагаагүй зургаан жилээр томилно гээд заачихсан учраас ядаж олон удаа томилохыг нь хязгаарлъя гээд нэг удаа л дахин томилдог байхаар санал оруулж ирж байгаа. Энэ бол Цэцийн гишүүн хараат бус байхад чухал нөлөөтэй зүйл заалт. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд бас нэг дутуу орхигдсон зүйл юу байдаг вэ гэхээр Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацаа нь тодорхойгүй. Тухайлбал, та Цэцийн гишүүнээр ажиллаж байгаад зургаан жил ажиллах хугацаа нь дууссан тохиолдолд ажлаасаа автоматаар чөлөөлөгддөггүй. Таны орны хүн томилогдсон тохиолдолд ажлаасаа чөлөөлөгддөг.

Тиймээс орны хүнийг нь томилогдохгүй байгаа тохиолдолд ажлаа үргэлжлүүлэн хийж болдог. Тиймээс өөрийнхөө оронд томилогдох хүнийг оруулж ирэх ёстой субектид таалагдах сонирхол үүсдэг. Нэг ёсондоо “Миний оронд томилогдох хүнийг битгий оруулж ирээрэй. Би ингээд ажлаа хийгээд л байж байя” гэдэг агуулга. Энэ бол хуулийн хийдэл, цоорхой.

Хугацаа нь дууссан хүний оронд томилогдох хүнийг оруулж ирэх субект нь хүнээ оруулж ирэхгүй байлгаад л байдаг. Монголд хэд хэдэн ийм тохиолдол гарсан шүү дээ. Цэцийн гишүүнээр ажиллах зургаан жилийн хугацаа нь дуусаад 1-2.5 жил хүртэл хугацаа өнгөрчихөөд байхад оронд нь хүн томилдоггүй. Өнөөх гишүүн нь ажлаа хийгээд явж байсан.

Тиймээс энэ хуулийн цоорхойг нөхөж Цэцийн гишүүний зургаан жилийн хугацаа нь дуусахаас 45 хоногийн өмнө тухайн хүний дахин томилогдох эсвэл оронд нь хэн нэгнийг томилох эсэх асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн Цэцийн гишүүний хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлөгдөх бол 45 хоногийн дотор дараагийн хүнийг томилох хуулийн шаардлага тавьж байна.

Бас нэг зохицуулалт дутуу байсан нь Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, Цэцийн гишүүнийг эргүүлэн татаж болох талаар Үндсэн хуульд ганцхан өгүүлбэр бий. Гэтэл энэ зүйл заалтыг Цэцийн тухай хуульд задалж тайлбарлаагүй учраас Цэцийн гишүүнийг эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудал яригддаггүй. Тиймээс энэ асуудалд дүгнэлт хийж Цэцийн гишүүнийг хэн яаж, ямар тохиолдолд түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудлыг хуульд нэлээд дэлгэрэнгүй процессолж өгсөн.

"ЦЭЦИЙН ГИШҮҮН ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ, ТЭР НЬ ШҮҮХЭЭР НОТЛОГДОХ ЮМ БОЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАНА"

-Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн сахилга, ёс зүйтэй холбоотой олон зөрчил гарсан. Гэсэн хэдий ч Цэцийн гишүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй, суудалдаа шигдсээр байдаг. Энэ нь эргээд хүн бүр адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим алдагдах, Цэцэд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг үгүй хийж байна. Цэцийн гишүүн ёс зүй, сахилга хариуцлагын алдаа гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэмт хэрэг хийж, тэр нь шүүхээр нотлогдох юм бол мэдээж эгүүлэн татагдана. Цэцийн гишүүн ёс зүй, сахилга хариуцлагын ноцтой алдаа дутагдал гаргасан гэж УИХ-аас үзэх юм бол тухайн гишүүнийг эгүүлэн татах буюу дээр дурдсан нарийвчилсан процесс явагдана. Гэхдээ УИХ-аас дураараа “Цэцийн энэ гишүүн сахилга батгүй, ёс зүйгүй гишүүн байна. Түүнийг эгүүлэн татъя” гэдэг ч юм уу үзэмжээрээ хандах асуудал байхгүй.  Яагаад гэвэл Цэцийн гишүүн хуулийн, улс төрийн нарийн эмзэг асуудал дээр сууж байдаг. Тэнд шийдвэр гаргах үйл явц хараат бус байх ёстой учраас Цэцийн гишүүд өөрсдөө “Манай энэ гишүүн үнэхээр сахилга хариуцлага, ёс зүйн алдаа гаргажээ. Түүнд хариуцлага ногдуулах нь зүйтэй”  гэсэн дүгнэлт гаргаж, түүнийг УИХ хүлээж авсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх бололцоо үүснэ. Түүнээс биш УИХ, Засгийн газрын нэг хэсэг гишүүд санал гаргаж, цахим орчинд элдэв мэдээлэл түгээж “Цэцийн энэ гишүүн сахилга хариуцлага алдлаа. Түүнийг сольчихъё” гэдэг бололцоо байхгүй. Түүнийг хуулиар хааж өгсөн.

Харин Цэцийн гишүүнийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх вэ, Ерөнхий прокурор ямар тохиолдолд оруулж ирэх, Цэцийн гишүүд хэрхэн хуралдаж хэдэн хүний саналаар түдгэлзүүлэх, эгүүлэн татах вэ зэрэг асуудлууд хуульд нарийвчлан тусгагдаж байгаа учраас эдгээр асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэх бололцоо нээгдсэн. Өмнө нь буюу одоо мөрдөгдөж байгаа хуульд ийм нарийн процесс байгаагүй учраас энэ асуудал гацаад байсан.

-Намын бүлгүүд даваа гарагт хуралдаж мэдээлэл хийсэн. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийх үедээ “Цэцийн гишүүнийг насан туршид нь хуулийн хамгаалалтад авч, хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй болгох хуулийн төсөл оруулж ирж байгаа учраас Цэцийн тухай хуулийн төслийг энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх боломжгүй” гэж мэдэгдсэн. Та энэ асуудал дээр юу хэлэх вэ?

-Ойлголтын зөрүү гарсан юм байна гэж бодсон. Энэ хуулийн төсөл дээр гурван жил ажиллаж байна. Энэ хугацаанд олон янзын төсөл гарч ирсэн. Тухайлбал, сая өргөн баригдсан төсөл Цэцийн хуулийн 15 дахь төсөл, Цэцийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн долоо дахь төсөл. Энэ олон төслүүд дундаас аль нэг төсөл нь АН-ын бүлгийн гишүүд болон ажлын хэсгийн гишүүдэд оччихсон юм байна гэж ойлгосон. Яг уулзаад өргөн барьсан төслөө танилцуулахад “Энэ төсөл өөр юм байна. Бидэнд ийм төсөл байна” гээд үзүүлэхэд хоёр өөр төсөл байсан. Одоо өргөн барьсан төсөлтэй танилцаад “Бидний яриад байгаа асуудлууд бүрэн тусгагдсан юм байна” гэж хэлсэн. Таны асуусан асуултын агуулгын хүрээнд хариулахад одоо өргөн барьсан

Цэцийн тухай хуульд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хэлсэн үг, гаргасан шийдвэрийнхээ төлөө Цэцийн гишүүнийхээ үед ч, гишүүнээсээ буусны дараа ч хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт оруулж ирсэн.

УИХ-ын гишүүд ч яг ийм байдаг. Тухайлбал, миний бие УИХ-ын чуулган дээр үг хэлснийхээ төлөө юм уу, кноп дарсаныхаа төлөө УИХ-ын гишүүн байхдаа ч, УИХ-ын гишүүн байхаа больсон ч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хүлээлгэж болохгүй. Харин Цэцийн гишүүн ч бай, УИХ-ын гишүүн ч бай  өөрийнхөө үйл ажиллагаанаас үл хамаарч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зодоон хийж танхайрах, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдох юм бол бусад иргэдтэй л адил хариуцлага хүлээнэ. Энэ тал дээр ямар ч асуудал байхгүй. Түүнээс биш Үндсэн хуулийн Цэцийн гишүүн өөрийн итгэл үнэмшлээр Цэцийн дүгнэлт гаргаж, шийдвэр гаргалаа гэж бодоход Цэцийн гишүүнээс нь буугаад 10 жил болсны дараа “Чи Цэцийн гишүүн байхдаа ийм дүгнэлт гаргасан байна, сахилга ёс зүйгүй байсан байна. Чамд эрүүгийн, захиргааны хариуцлага хүлээлгэнэ” гэж болохгүй. Шүүгч нар ч бас ийм шүү дээ. Шүүгчээр ажиллаж байх явцдаа гаргасан шийдвэр, хэлсэн үгэндээ хэзээ нэг цагт хариуцлага хүлээхгүй. Санаатай юм уу, сахилгагүй юм уу, хэн нэгний нөлөөнд автаж, хээл хахууль авч зөрчил гаргасан бол мэдээж хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх дотор авлига авах, сахилга хариуцлага зөрчинө гэсэн асуудал байхгүй шүү дээ. Тэдгээр үйлдэл дээрээ хариуцлага хүлээдгээрээ хүлээгээд л явна.

Тиймээс ямар нэгэн байдлаар Цэцийн гишүүнийг насан туршид нь хамгаалсан, өмгөөлсөн зүйл байхгүй гэдгийг хэлье.

-Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нийгэм, эдийн засаг, хууль эрхзүйн шинэчлэлийн хувьд хүлээлт үүсгэсэн чухал хууль байхыг үгүйсгэхгүй. Намрын чуулганаар хэлэлцэх байсан Хөрөнгө оруулалтын тухай хууль ч улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй байсан хэдий боловч хуулиа сайн сурталчилж, ач холбогдлыг нь нийгэмд, сөрөг хүчинд ойлгуулж чадаагүйгээс хэлэлцүүлэхийг нь хойшлуулсан. Энэ түүх давтагдахгүй гэх баталгаа  байна уу?

– Гурван жилийн хугацаанд зургаан удаа томоохон хэлэлцүүлэгүүдийг  Хуульчдын холбоо, МУИС, УИХ гэх мэт байгууллагуудад хийсэн байна. Ер нь бол нийт хуульчид, дээд шүүх,прокурор, Цэцийнхэний дунд энэ хуулийн талаар бүхэлдээ нэг ойлголттой болсон гэж ойлгож болно. Үндсэн хуулийн маргааныг Цэц дээр хэлэлцээд тухайлбал, дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад тэр хүн дээд шүүхийн шийдвэр гарсан ч үндсэн эрхийн маргаанаа Цэцээр шийдүүлэх хүсэлтэй байна гэвэл түүнийг нь Цэц авч хэлэлцэнэ. Энэ бол Монгол Улсын хувьд цоо шинэ асуудал боловч бусад  оронд энэ шинэ зүйл биш. Энэ тогтолцоо хэрэгтэй гэдгийг нийт шүүгчид ойлгож байгаа.

Нэмэлт тайлбар хэлэхэд, Дээд шүүхийн шийдвэрийг Цэц хүчингүй болгох тухай асуудал биш. Үндсэн хуулийн 50.1.3-т  "хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлаар Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын ерөний прокурор, Дээд шүүхэд асуудал тавьж шийдүүлж болно" гэж заасан. Энэ бол Үндсэн хуульд заасан боловч салхи үзүүлээгүй, амьсгалуулаагүй цөөхөн заалтын нэг. Тиймээс энэ заалтыг амь оруулж байгаа.

Үндсэн хуулийн Цэц асуудлыг авч хэлэлцээд шүүхээс шийдвэр гаргахдаа "Үндсэн хуульд заасан хүний эрхийг  ийм зүйл заалтын дагуу зөрчигдсөн байна" гэсэн дүгнэлт гаргавал тэр асуудлыг Дээд шүүх авч хэлэлцэнэ. Дээд шүүх авч хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтийг харгалзан үзэж өөрийн шийдвэрийг өөрчилнө. Гаргасан шийдвэрээ өөрчлөх эрх нь дээд шүүхэд Үндсэн хуулиар олгогдчихсон. "Дээд шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрийг дахин хэлэлцээдхүчингүй болгож болно" гэж заасан. Энэ хоёр заалтын уулзвар дээр энэ процесс орж ирж байгаа юм. Миний бодлоор Монгол Улс хүний эрхийн асуудлыг ярьсаар байдаг боловч хүний эрх зөрчигдсөөр байна. Хүний эрх дээдлэх ёсыг амьлуулах, амьдруулах эрх бүхий байгууллагууд болох шүүх, цэц, төрийн захиргааны байгууллага, прокурор, бүх шатны засаг дарга нар "бидний гаргаж байгаа шийдвэр Үндсэн хуулийн Цэц дээр очих бололцоотой" гэдгийг мэддэг, цаашлаад түүнийг бодолцож шийдвэр гаргадаг байх том хөшүүрэг болно. Энэ өөрчлөлт, хандлага Цэцийн үйл ажиллагаанд томхоохон өөрчлөлт оруулна.

Уг өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр санал оруулсан. Шууд хэрэгжүүлэхэд амаргүй. Нэлээд бэлтгэл ажил шаардана.

"ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ЦАЛИН ХӨЛС, НИЙГМИЙН ХАНГАМЖ, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ШҮҮГЧ НАРТАЙ Л ИЖИЛ БОЛГОСОН"

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн хараат бус байдал маш чухал. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүд төрийн өндөр албан тушаалтан, мөнгө эрх мэдлээс хараат бусаар шийдвэр гаргах нийгэм, эдийн засгийн бололцоог нь хэрхэн хангаж өгөв. Би андуурч байж болох давхар ажил эрхлэх болоод цалин хөлсийг нь нэмэгдүүлсэн зүйл заалт байсан уу?

-Цалин хөлсийг нь нэмээгүй бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн давхар ажил эрхлэх боломж байхгүй. Харин ч давхар ажил эрхэлж болохгүй. Зөвхөн Цэцийн гишүүний ажлаа хий. Харин сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж болох талаар зааж өгсөн. УИХ-ын гишүүн ч тийм. Багшилж болно, эрдэм шинжилгээний ажил хийж болно. Өөр ажил хийж болохгүй. Түүнтэй л ижил. Харин цалин хөлс, нийгмийн хангамж, тэтгэвэр тэтгэмжийг шүүгч нартай л ижил болгосон. Дээд шүүхийн шүүгч ямар цалин, ямар хангамж авч байна. Түүнтэй л ижил болгож байна. Ер нь бол Үндсэн хуулийн Цэцийг шүүхийн нэг төрлийн байгууллага буюу Үндсэн хуулийн шүүх гэж үзэж шүүхийн байгуулагатай процесс нь ч ижил, нийгмийн хангамж, тавигдаж байгаа шаардлага нь ч ижил болгож байна.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс буугаад тэтгэвэртээ гарч байгаа хүн нийт цалингийнхаа хэдэн хувиар тэтгэвэр тогтоолгох вэ?

-Тэтгэврийн хувь хэмжээг 60 хувь байхаар тогтсон. Одоо ч гэсэн ийм заалттай. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 60 хувьтай тэнцэх цалин нь тэтгэвэр болж очно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-21 202.21.104.234

МУ-ын иргэдийн тэтгэврийн хувь хэмжээг ялгавартай хувь хэмжээгээр тогтоодог явдал бол үнэхээр муухай. Татвар шимтгэл төлөхдөө адилхан төлчихөөд дараа нь тэтгэврээ тогтоолгохоор хэдэн хүүхэд төрүүлсэн, ямар ажил эрхэлж бснаас хамаарч ажилласан жил нэмдэг, эсвэл тэтгэврийн хувь хэмжээг өндөр хувиар тогтоодог энэ бүхнийг болиосой. Хүн бүр тэгш эрхтэй бол тэгш хувь хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог болмоор байнаа. Зарим зальтай нь сүүлийн 7 жил хувиараа НДШ төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож бна.

Avatar

Гайхагч 2024-03-21 78.187.120.177

2 сарын дотор уу. Хугацаа бага л юм…

Avatar

Нэргүй 2024-03-21 78.174.209.126

Солонгосын онгоцны үйлчлэгчийн зохисгүй газар базсан согтуу толгойг хэчнээн удаан ЦЭЦ-ийн гишүүн хэвээр нь байлгалаа? Даргаас нь буулгаснаа шийтгэл гэж үзсэн ухаантай. ЦЭЦ-ийн гишүүд тийм л хэвээр байсаар байх уу? Саяхан бас нэг гишүүн нь согтуурсанбайдалтай байгаа зураг түгсэн. Ёс зүйгүй амьтдыг ингэж толгойг нь илээд байдаг нь хэвээр байх уу?

Avatar

Нэргүй 2024-03-21 103.212.117.133

Цэцийг улс төрийн намууд (намууд ч юу байхав, МАН!) улс төрийн тоглоомын дуулгавартай хүүхэлдэй болгосон!! Энэ нь "шар" Чинбатыг Цэц-ийн дарга байх үед таарсан?!! Ер нь анх Совд гуай Цэц-ийн дарга байх зеэс хойш Цэц-ийн чансаа жил ирэх тусам тууштай суларсаар өдий хүрсэн!

Avatar

Нэргүй 2024-03-21 202.126.90.40

Давхар дээл хэрэггүй гэж үндсэн хуулиндаа нэмэлт оруулна, буцна.Одоо бүгд давхар дээлтэй.Цэц, төрийн албыг хог болгож улсаа сүйтгэж буй лалрууд.Дураараа жирийн иргэд ч энэ малуудаас залхаж дүрвэж байна.

Avatar

Нэргүй 2024-03-21 124.158.120.50

улс төрчид амь орох цаг….

Avatar

Зочин 2024-03-21 202.126.89.6

Одоо болноо. Чи улс төрөөс хол бай.

Avatar

zochin 2024-03-21 103.57.92.140

ter nege zun heden hunii ami nas odoj bilee

Avatar

Нэргүй 2024-03-21 59.153.115.190

МӨНХ ОРГИЛ ОО, ЧИ ЦЭЦЭД АЮУЛТАЙ ИХ ХОР ХУТГАСНЫГ АРД ОЛОН МЭДЭЖ БГАА ШҮҮ. ОДОО ХОР ХУТГАХ, НАЙРУУЛАХАА БОЛЬЖ, ШУДАРГА ТОГЛОЛТ ХИЙНЭ ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-03-21 202.179.3.111

цэц үнэн дамдуурсан шүү. Ер нь төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзсэн ч болмоор. Цэц Үндсэн хуулийг сахиулах үүрэгтэй болохоос ШҮҮХ эрхгүй шүү. Сүүлийн үед улс төрийн захиалгаар Цэц үндсэн хуульд халдсан явдлыг шүүх хэрэгтэй.

Avatar

togoo 2024-03-21 45.117.35.24

MANd tsets hereggui boljee, 00 iin tsaas shig

Avatar

Нэргүй 2024-03-21 122.201.31.124

Өөрийнхөө гажуудлыг арилгаж чадалгүй явсаар өдий хүрсэн хүн шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-21 202.131.225.242

Чамд илүү мэргэн санаа байгаа юм уу? Цэцийн гажуудлыг арилгах?

Avatar

Нэргүй 2024-03-21 122.201.31.124

Хуулиа л мөрд. Хуулиа хэрэгжүүл. Бид хуулийг мөрддөггүй. Эрх баригчид ялангуяа хуулиар тоглож гаршсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж