Урьд зуд болоход нохой зоолдог байсан бол өдгөө зуд болохоор улстөрчид зоолдог болжээ. Монгол орон даяар зудын гамшиг нүүрлэж, дөрвөн сая малаа алдсан нь зарим улстөрчид сонгуулийн шоугаа хийх сайхан далим болоод байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд оролцох үеэр малчдад жигтэйхэн хайртай болсны жинхэнэ зорилго нь тэдний саналыг зулгаах гэсэн заль нь юм. Тэрбээр "Зудтай холбоотой асуудлаар бүгдээрээ л явцгаалаа. Бид нарыг сонгоод дэмжээд УИХ-д төлөөлөл болгоод явуулсан хүмүүс биднийг шуудай гурил хивэг үүрээд 5, 10 кг будаа гурил тараагаад яв гэж сонгоогүй. Биднийг малын махыг үнэтэй болгоод өгөөч, малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэртэй, монгол малыг эрүүлээр экспортолдог болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр сонгож явуулсан гэж ойлгоод байгаа. Малчин хүнийг малаа эрчимжүүл, малаа цөөрүүл, нөхөрлөл байгуул гэж шахаад нэмэргүй. Маллаж байгаа малыг нь цөөлөөд ашиг шимийг нь хүртэхэд шинжлэх ухаан хэрэгтэй " гэх мэтчилэн "матрын нулимс" унагах нь холгүй байв.
Дөрвөн жил засагласан МАН-ын гишүүд гэнэт сүүлийн дөрвөн сар мал, малчин гэж ярих болсон. Хөдөө, орон нутагт нэр дэвшихээр горилж буй тэд яаж малчдын сэтгэлийн татаж, саналыг авах вэ гэж толгойгоо гашилгаж яваа нь тодорхой. Харин сонгогдсон хойноо тэдний ярьсан бүхэн "шилний цаанаас долоолгосон чихэр" болж хувирдаг. Сонгогчид ч гэж сонгогчид. Тэдний зулгүй үгэнд хууртаж саналаа өгөх нь бий. Тиймээс энэ удаад иргэд илүү хэрсүү сонголт хийхгүй бол камерын өмнө худлаа уянгалсан улстөрчдөөс болж амьдрал чинь улнаасаа дээшлэхгүйд хүрнэ.
Үнэхээр л малчдыг гэсэн сэтгэл байсан юм бол Г.Дамдинням ярьж байгаагаа ажил хэрэг болгох хангалттай хугацаа байсан. Дөрвөн жилийн дотор хүний хүүхдүүд хурдны галт тэрэгтэй болж байхад манайхан хуучирсан аргаа ахин дахин хэрэглэж, сонгогчдын саналыг зулгаахын төлөө нүдээ ухаад өгөх нь холгүй байна. Камер харвал улстөрчид хачин гоё үгээр урхидахдаа бэлэн явна шүү, болгоомжил сонгогчид оо!
Б.ШАРХҮҮ