Ардын намын ах нар “гар бариагүй” байна

Хуучирсан мэдээ: 2024.03.20-нд нийтлэгдсэн

Ардын намын ах нар “гар бариагүй” байна

Ардын намын ах нар “гар бариагүй” байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн ч улс төрийн намууд одоогоор мөрийн хөтөлбөрөө тодорхойлох шатандаа явж байна. Энэ амралтын өдрүүдэд МАН бага хурлаа, АН Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэн, Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, аудит хийлгэх зохицуулалттай. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын сонгуульд оролцох намууд Бага хурал, ҮБХ-ны хурлуудаа зарлаад байгаа юм.

Хэдийгээр УИХ-ын сонгууль болоход гурван сарын хугацаа байгаа ч улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг нэр дэвшүүлэхгүй байх вэ гэдгээ хөшигний ард “тохирчихсон” байдаг. Гэхдээ энэ удаад 126 гишүүн сонгоно, тойрог, намын жагсаалт гэсэн хувилбараар нэр дэвшигчид тодорно.

Өөрөөр хэлбэл, намын жагсаалтыг хэн тэргүүлэх, хэн намын жагсаалтын эхний 10-т багтаж чадах вэ гэдэг нь анхаарлын төвд байгаа сэдэв. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад МАН дотор хамгийн их эрх мэдэлтэй хүн бол намын дарга Л.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар юм.

Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх учиртай. Гэвч тэрбээр тойрогт нэр дэвших үү, намын жагсаалтад орох уу гэдэг нь одоогоор эцэслэгдээгүй байгаа. Мөн намын даргын хувьд жагсаалтын эхний 10-т жагсах хүмүүсийг нэрлэх эрхтэй ч энэ удаад энэ эрхээ эдэлж чадахгүй л болов уу.

Нөгөөтэйгүүр хоёр ч сонгууль удирдаж, ялалт байгуулсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын дүрмээр хэн хэнийг жагсаалтын эхэнд бичих, хэн хэнийг тойрогт нэр дэвшүүлэх дээр онцгойлон үүрэг гүйцэтгэх эрхтэй хүн нь. Гэвч тэднээс гадна намын жагсаалт бөгөөд тойрогт “өөрийн” хүнээ томилуулах “хүсэлт” Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд байгаа учраас өнөөдрийг хүртэл МАН-ын удирдлагууд жагсаалт, тойрогт хэнийг нэр дэвшүүлэх дээрээ эцэслэн тохиролцоогүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-аас хэн намын жагсаалтад багтах, хэн хэн тойрогт нэр дэвших вэ гэдгийг гурван хүн хоорондоо тохиролцож байж, нэрс тодорхой болно гэсэн үг.

Мэдээж нэр дэвших нь тодорхой, баттай болсон цөөн хүнийг эс тооцвол намын жагсаалтыг хэн тэргүүлэх, эхний 10-т хэн хэн бичигдэх дээр тохиролцоогүй, эцэслээгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтаа тэргүүлж, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогт өрсөлдөх болов уу гэсэн таамаг бий.

Тэд хоёулаа намын жагсаалтыг тэргүүлэх боломжгүй бөгөөд намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын бүх гишүүнийг намын жагсаалтад оруулахгүй, тойрогт нэр дэвшүүлнэ гээд ам гарчихсан, сайд нар ч тойргоо зорихоор бэлтгэлдээ ороод удаж буй.  Мөн энэ удаагийн сонгуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга, генсек нь ч ил, цагаан илэрхийлж, хэлж байгаа.

Хөшигний ард энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хүмүүсийн нэрс дээр МАН-ын удирдлагууд санал нэгдсэн гэх мэдээлэл бий.

Тэдгээр нэрсийн дунд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан гээд хөврөх сурагтай байгаа.

Мөн өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг гээд МАН, АН-гүй холбогдсон олон дуулиант хэргүүд гарч, эхнээсээ шүүхээс гэм буруутайг нь тогтоож, ял авсан, хоригдож байгаа, бүрэн эрхээсээ түдгэлзсэн гээд олон хүн нэр дэвших эрхгүй болсон. Тиймээс дээрх дуулианд холбогдсон, нэр нь зарлагдсан л бол 2024 оны сонгуульд өрсөлдөх эрхээ намын удирдлагаасаа авч чадахгүй гэсэн үг.

Ерөнхийлөгч өөрийн хүмүүсээ томилуулж, УИХ-д хэдэн кноптой болохыг хүсч байгаа. Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ ч мөн өөрийн эрх мэдлээ баталгаажуулахыг хүсч буй.

Тиймээс ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын тулд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй, намын ерөнхий нарийн бичгийн даргатайгаа ойлголцох ёстой. Тэдэнд ойлголцож, тохиролцоход тийм ч их хугацаа үлдээгүй.

Тэдний тохиролцооны дараа хэн нь хэдэн хүн жагсаалтад оруулж, хэн нь хэдэн хүн нэр дэвшүүлэх вэ гэдэг тодорхой болох нь.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж