Израилийн эрх баригчид энэ долоо хоногт Зүүн Иерусалимын эмнэлгүүдэд эмчлүүлж буй Палестин өвчтөнүүдийг Газын зурвас руу буцаан илгээхээр бэлтгэж байна. Эмнэлгийн албанаас мэдээлснээр Газын зурвас руу буцах 22 хүний дунд дөнгөж төрсөн таван эх нярай, хорт хавдартай өвчтөнүүд болон тэдний сахиурууд багтана. Эдгээр хүмүүс нь аравдугаар сарын 7-нд Хамас Израиль руу дайрахаас өмнө Израилийн засгийн газраас Зүүн Иерусалимд эмчлүүлэх зөвшөөрөл авсан байжээ.
Палестины асуудал хариуцсан Израилийн Батлан хамгаалах яамны байгууллага "COGAT" нь Зүүн Иерусалимын эмнэлгийн ажилтнуудыг Газын зурвас руу буцааж илгээхийн тулд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй болсон өвчтөнүүдийн жагсаалтыг гаргахыг хэдэн сарын турш шахаж байгаа гэж албаны хүмүүс "CNN"-д мэдэгдсэн. Жагсаалтад багтсан өвчтөнүүд Лхагва гаригт Израиль, Газын зурвасын хил дээрх Керем Шалом гарам руу автобусаар явах төлөвтэй байна. Тэдний дунд Рафахаас Зүүн Иерусалимд ирж аравдугаар сарын 5-нд ихэр хүүхэд төрүүлсэн Нима Абу Гаррара багтжээ. Тэрбээр "Хэрвээ би ихрүүдтэйгээ буцах юм бол тэдэнтэй хаашаа явах вэ. Би живх, сүүг нь хаанаас авах вэ?" гэж тэр нулимс дуслуулан "CNN"-д ярьсан байна.
Эх сурвалж: CNN