Украины халдлагад өртсөн Оросын газрын тосны үйлдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2024.03.19-нд нийтлэгдсэн

Украины халдлагад өртсөн Оросын газрын тосны үйлдвэрүүд

Украины халдлагад өртсөн Оросын газрын тосны үйлдвэрүүд

Украины нисгэгчгүй нисэх онгоцууд сүүлийн өдрүүдэд Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү халдах нь олшров. Тэр дундаа Оросын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр "Роснефть" халдлагад өртөж, гал гарсан. Үүнийг ерөнхийлөгч Путин сонгуулийг будлиантуулах гэсэн оролдлого гэж нэрлэсэн юм.

Сүүлийн үед Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд гарсан халдлагуудыг доор нэгтгэн хүргэж байна. 

Рязань

"Роснефть"-ийн хяналтад байдаг "Рязань" газрын тос боловсруулах үйлдвэрт нисгэгчгүй нисэх онгоцны халдлагын дараа гал гарсан тухай мужийн захирагч Лхагва гаригт мэдээлсэн. Тус үйлдвэр нь өдөрт 350 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай. Өдгөө өдөрт дунджаар 317 мянган баррелийг буюу жилд 12.7 сая тонн түүхий нефть боловсруулж байна.

Гал гарсны дараа газрын тос боловсруулах анхан шатны дамжлагын хоёр цехийн үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээрийн нэг нь газрын тос нэрдэг хамгийн гол нэгж болох "AVT-6" юм. Энд үйлдвэрийн нийт гарцын 47.5 хувь буюу өдөрт 170 мянган баррель газрын тос боловсруулдаг. Харин хоёр дахь нь "AVT-6"-аас арай жижиг "AVT-4" нэгж юм. Энэ нь үйлдвэрийн нийт гарцын 23.4 хувь буюу өдөрт дунджаар 84 мянган баррель газрын тос боловсруулдаг.

Халдлагаас шалтгаалаад үйлдвэр нийт хүчин чадлынхаа 70 хувиар ажиллах төлөвтэй байна.

Новошахтинск

"Новошахтинск"-ийн газрын тос боловсруулах үйлдвэр нь ОХУ-ын өмнөд хэсэгт Ростов мужид оршдог. Лхагва гаригт үйлдвэрийн бүсэд дронууд унасан учир үйл ажиллагааг түр зогсоосон боловч тухайн өдрийнхөө оройноос үйл ажиллагаагаа эргээд сэргээжээ. Гэхдээ боловсруулалтын түвшин хэвийн байдалдаа орсон эсэх нь одоогоор тодорхойгүй.

Тус үйлдвэр нь 2023 онд өдөрт дунджаар 96 мянган баррель нефть үйлдвэрлэдэг байсан. Гэхдээ дотоодын зах зээлийг хангах моторын тос үйлдвэрлэдэггүй. Үйлдвэрлэл нь зөвхөн экспортоор хязгаарлагддаг ажээ.

Норси

ОХУ-ын дөрөв дэх том газрын тос боловсруулах үйлдвэр бол "Норси". Энэ нь Москвагаас зүүн зүгт 430 км зайд орших Нижный Новгородод оршино. "Лукойл"-ын харъяа уг үйлдвэрийн албан ёсны нэршил нь "Лукойл Нижегороднефтеоргсинтез" юм.

"Норси" үйлдвэр Украины нисгэгчгүй нисэх онгоцны халдлагад өртсөнөөр гал гарсан тухай Орсоын албаныхан өнгөрсөн Мягмар гаригт мэдэгдсэн. Үйлдвэрийн нэрлэгийн гол нэгж "AVT-6" халдлагын улмаас гэмтсэн тул нийт хүчин чадлынхаа тал хувиар ажиллаж байгаа гэхэд болно.

"Норси" өдөрт 317 мянган баррель буюу жилд 15.8 сая тонн түүхий нефть боловсруулдаг. 2023 оны хувьд ОХУ-ын нийт бензиний 11 хувь буюу 4.9 сая тонныг үйлдвэрлэжээ.

“Лукойл” өнгөрсөн нэгдүгээр сард газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг нэгжийн үйл ажиллагааг зогсоосон гэж мэдэгдсэн. Гуравдугаар сарын 12-ны халдлагаас өмнө үйлдвэрийн хоёр катализаторын нэг нь ажиллахгүй байсан гэж эх сурвалж мэдээлжээ.

Кириши

Украины нисгэгчгүй нисэх онгоц "Кириши" хотын захад унасан тухай Ленинград мужийн захирагч Александр Дрожденко Мягмар гаригт мэдэгдсэн. Кириши хотод "Сургутнефтегаз Киришинефтеоргсинтез" үйлдвэр байрладаг. Энэ нь ОХУ-ын газрын тос үйлдвэрлэгч тэргүүлэх хоёр үйлдвэрийн нэг юм. Тус үйлдвэр нь өдөрт 355 мянган баррель буюу жилд 17.7 сая тонн түүхий нефть боловсруулдаг. Мөн ОХУ-ын нийт бензиний 5.3 хувь буюу 2.3 сая тонныг үйлдвэрлэдэг.

Сырзан

"Сырзан" газрын тос боловсруулах үйлдвэр нь "Роснефть"-ийн хяналтад байдаг. Гуравдугаар сарын 16-ны өдөр уг үйлдвэр Украины нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөнөөр хэдэн цагийн турш шатсан юм. Галын улмаас хоёр гол нэгжийн нэг нь ажиллах аргагүй болж, үйл ажиллагааг нь түр зогсоосон.

Уг үйлдвэр нь өдөрт 170 мянган баррель буюу жилд 8.5 сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай гэдэг. Гэхдээ бодит байдал дээр үүнээс бага гарцтай гэж үзэж байна. Тухайлбал, 2023 онд "Сырзан" үйлдвэр ердөө таван сая тонн түүхий нефть л үйлдвэрлэжээ.

Мөн онд ОХУ-ын нийт бензиний 2.2 хувь буюу нэг сая тонныг үйлдвэрлэжээ. Түүнчлэн 1.78 сая тонн дизель түлш үйлдвэрлэсэн.

Украины эх сурвалжийн өнгөрсөн Бямба гаригт мэдээлснээр Самара муж дахь "Роснефть"-ийн гурван үйлдвэр нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртжээ. Эдгээр нь Сырзан, Новокуйбышевский, Куйбышевский үйлдвэрүүд юм. Новокуйбышевскийн халдлагын таслан зогсоож чадсан гэж орон нутгийн захирагч нь мэдээлжээ. Харин Куйбышевскийн халдлагын талаар ОХУ-ын хэвлэлд тодорхой мэдээлээгүй аж.

Славянск

Краснодар мужид оршин "Славянск" газрын тос боловсруулах үйлдвэр гуравдугаар сарын 18-ны өдөр нисгэгчгүй нисэх онгоцны халдлагад өртөв. Гал гарсан ч хүн бэртэж гэмтээгүй. Үйлдвэрийн ажилчид бүгд аюулгүй газарт зугтаж чадсан бөгөөд ойролцоох хүн амын суурьшлын бүсүүдэд аюул учраагүй тухай албаныхан мэдэгджээ.

"Славянск" нь жилд дөрвөн сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, хувийн хэвшлийн үйлдвэр юм.

Калуга

Калуга муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр өнгөрсөн Баасан гаригт Украины халдлагад өртөв. Хувийн эзэмшлийн тус үйлдвэр нь Москвагаас 65 км зайд орших бөгөөд тийм чухал байгууламжид тооцогддоггүй. Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд өдөрт дунджаар 24 мянган баррель буюу жилд 1.2 сая тонн түүхий нефть боловсруулдаг.

Мужийн захирагч Владислав Шапшагийн мэдэгдсэнээр агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар тухайн бүс дэх дөрвөн нисгэгчгүй нисэх онгоцыг буудаж унагаажээ. Тиймээс байгууламжид ямар нэгэн гэмтэл учраагүй гэлээ.

Дээрх мэдээллүүдийг нэгтгэн дүгнэвэл, Украины нисгэгчгүй нисэх онгоцнуудын халдлагын гол зорилго нь маш тодорхой байжээ. Тэдгээр нь бүгд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон байсан. Сүүлийн 14 хоногийн хугацаанд Оросын есөн бүс нутаг Украины нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртжээ.

Орос даяар түлш боловсруулах үйлдвэрүүдэд гал түймэр гарч, дэлбэрэлт болсон тул Украин тодорхой хэмжээгээр зорилгоо биелүүлсэн гэж үзэж байна. "The Insider" хэвлэлийн мэдээлснээр, 2024 он гарсаар Оросын есөн бүс нутагт 13 газрын тос боловсруулах үйлдвэр 15 удаа халдлагад өртжээ.

Эх сурвалж: REUTERS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж