Хууль төрөхийн өмнө: Цэцийн тухай хуулийг шинэчлэнэ

Хууль төрөхийн өмнө: Цэцийн тухай хуулийг шинэчлэнэ

Хууль төрөхийн өмнө: Цэцийн тухай хуулийг шинэчлэнэ

Хаврын чуулган нээсэн шинэ долоо хоног УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар эхлэв. УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов дараалалд багтсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хаврын чуулганы халуухан сэдэв болох нь тодорхой байна. Учир нь, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нар дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж амжсан. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Цэцийн тухай хуулийг энэ удаагийн парламентаар хэлэлцэх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс гадна Цэцийн гишүүнд насан туршид нь халдашгүй дархан байх эрх олгох гэж байна. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуульчид мэргэжлийнхэн санал зөрүүтэй зүйл байгаа.  Төсөл санаачлагчдын үзэж байгаагаар хүний эрхийн зөрчил гурван шатаар яваад Дээд шүүхээр шийдэгдсэний дараа асуудал бүрэн шийдэгдэж чадаагүй бол Цэц хэлэлцдэг байхаар оруулж ирсэн гэж ойлгосон. Уг нь дээрх заалт нь хүний эрхийн их дэвшилттэй заалт байгаа юм гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл "Ньюс" агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлог зүйл заалтуудыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны гуравдугаар сарын 4-нд  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж, дараагийн Цэцийн гишүүнийг томилох гэж эрх баригчид багагүй хугацаа зарцуулж, одоо Цэц шинэ гишүүдээр бүл нэмж, бүрэн эрхээ хэрэгжүүлж буй. Гэвч Цэцийн даргаа сонгож чадахгүй маргаантай байсаар өдийг хүрэв. Үндсэн хуулийн Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний орны хүнийг томилсон учраас Цэцийн шинэ бүрэлдэхүүн даргаа сонгох учиртай. Гэвч Цэцийн 9 гишүүн дотор дарга болох "амбиц"-тай хүмүүс олон байгаа учраас ийн өнөөдрийг хүртэл даргаа сонгож чадахгүй явна. Үүнтэй зэрэгцээд чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг шинэчлэн найруулах гэж байгаа нь анхаарал татаж байна.

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД 12 УДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Монгол Улсын Бага Хурлаас 1992 оны тавдугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг зохицуулж, Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Хууль батлагдсанаас хойших хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч 1996-2024 оныг хүртэл нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  Ийнхүү олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан шалтгаан нөхцлийг 1992 оноос өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж байсан туршлага байгаагүй, хуулиар зохицуулбал зохих зарим харилцааг зохицуулаагүй орхигдуулсны зэрэгцээ давхардал, хийдэл, хуулийг хэрэгжүүлэх явцад үүссэн тулгамдсан асуудлыг хуулиар шийдвэрлэх шаардлага үүссэнтэй холбон тайлбарладаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 23 зүйлээс бүрдэх бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан гэж хуулийн төсөл санаачилагчид үзэж байна.

  1. Цэц ямар бүрэн эрх эдлэх вэ

-Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгасан төдийгүй Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлд заасны дагуу Цэц бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах, дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах, үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгохоор тусгасан.

4 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх

  •  4.1. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
  • 4.2. Цэц дараах маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах замаар энэ хуулийн 4.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:
  • 4.2.1. хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • 4.2.2. ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  • 4.2.3. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
  • 4.2.4. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;
  • 4.2.5. иргэний үндсэн эрхийн маргаан.
  • 4.3. Энэ хуулийн 4.2.1, 4.2.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэсэн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

"ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХДОО НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ХИЙНЭ"

  1. Цэцийн гишүүнд ямар болзол тавих вэ

Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хуульд хэт ерөнхий тусгасныг өөрчилж, Цэцийн гишүүний хараат бус, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг хангах, улс төрийн болон бусад зүй бус нөлөөллөөс ангид байлгах зорилгоор Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид тавих шаардлагад ойртуулж тогтоосон. Мөн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлэхээр нарийвчилж заасан. УИХ-д санал болгохоосоо өмнө Цэцэд нэр дэвшигчийн танилцуулгыг таваас доошгүй өдрийн хугацаанд олон нийтэд мэдэгдэх, нэр дэвшигчийн сонсголд оруулах зохицуулалтыг тусгажээ.

5 дугаар зүйл. Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага

  • 5.1. Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
  • 5.2. Дараах иргэнийг Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно:
  • 5.2.1. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
  • 5.2.2. сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлсэн;
  • 5.2.3. санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

3.Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж чадах уу?

-Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулах, мөн бусад гишүүнийхээ хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах үүрэг хүлээлгэж, түүний хараат бус байдлыг хамгаалах механизмыг тусгасан. Тухайлбал, Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс үзүүлэх аливаа нөлөөллийг хориглох, ийм үйлдэл, эс үйлдэхүйг баталгаажуулж, хариуцлага хүлээлгэдэг болгох зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тогтолцоог тусгайлан зохицуулсан нь манай улсын ердийн шүүхийн хүрээнд хэрэгжиж ирсэн сайн туршлага юм.

14 дүгээр зүйл. Цэцийн гишүүний хараат бус байдал

  • 14.1. Цэцийн дарга, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, эрх тэгш байна.
  • 14.2. Цэцийн дарга, гишүүн бусад гишүүнийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах зэргээр хараат бус байдалд нь халдахыг хориглоно.
  • 14.3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдохыг хориглоно.
  • 14.4. Цэцийн гишүүний амь бие, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа халдашгүй байна.
  • 14.5. Албан үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай материал, унаа, техник, хэрэгслээр Цэцийн гишүүнийг хангана.
  • 14.6. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, эсхүл түүнийг эгүүлэн татахыг хориглоно.
  • 14.7. Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр түүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг нь хураан авахыг хориглоно.
  • 14.8. Цэцийн гишүүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн бол цагдаагийн байгууллага таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэн даруй авна.
  • 14.9. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
  • 14.10. Цэцийн гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнх нь төлөө Цэцийн гишүүн болон Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг аливаа хариуцлагад татахыг хориглоно.

16 дугаар зүйл. Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа

  • 16.1. Цэцийн гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ нь бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна.
  • 16.2. Цэцийн гишүүний цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
  • 16.3. Цэцийн төсвийг батлахдаа гишүүний цалин хөлсний хэмжээг өмнөх жилийнхээс бууруулж болохгүй.
  • 16.4. Цэцийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлнэ.
  • 16.5. Энэ хуулийн 7.2.2-т заасан үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.
  • 16.6. Энэ хуулийн 6.5-д заасны дагуу томилогдсон Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хүн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрээгүй бол Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх бөгөөд энэ тохиолдолд шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авахгүй.
  • 16.7. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүний өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоох үеийн Цэцийн гишүүний цалин хөлсний 60-аас доошгүй хувиар бодож тогтооно.
  • 16.8. Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна.
  • 16.9. Цэцийн гишүүний амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:
  • 16.9.1. Цэцийн гишүүн үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр Цэцийн гишүүний гэр бүлд олгох;
  • 16.9.2. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх;
  • 16.9.3. Цэцийн гишүүний эрүүл мэндэд хохирол учирсан нь түүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохооргүй бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн гишүүний сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх.
  • 16.10. Энэ хуулийн 16.9-т заасан даатгалыг даатгалын байгууллагаас төлнө.
  • 16.11. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд Цэцийн гишүүнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг сар бүр олгоно.
  • 16.12. Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд тухайн гишүүний авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.
  • 16.13. Цэцийн гишүүний тэтгэвэртэй холбогдсон харилцаа болон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар зохицуулна.
  • 16.14. Цэцийн гишүүн буюу гишүүнээр ажиллаж байсан хүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.

7 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрх эхлэх, дуусгавар болох

  • 7.1. Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж энэ хуулийн 7.2-т заасан үндэслэлээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.
  • 7.2. Цэцийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
  • 7.2.1. нас барсан;
  • 7.2.2. бүрэн эрхийн хугацаа дуусаж дараагийн гишүүн томилогдсон;
  • 7.2.3. чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
  • 7.2.4. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан;
  • 7.2.5. энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай Улсын Их Хурлын шийдвэр гарсан;
  • 7.2.6. гэмт хэрэг үйлдсэн талаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
  • 7.3. Цэцийн гишүүнээр томилогдсоноос хойш төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь тухайн гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

Монголчууд бид Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж итгэж сүсэглэдэг. Тэгвэл уг хууль батлагдснаар Цэцийн дээр хөх тэнгэр байх уу, эрх баригч нам, эрх мэдэлтэн байх уу цаашлаад хүний эрх эрх чөлөө, Үндсэн хуулийн тогтвортой байдал хангадах эсэх олон асуудал хөндөгдөх учраас уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбоотой хэлэлцүүлгүүдийг  чих , нүд салгахгүй анхаарах нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-03-19 202.131.227.82

АРД түмэн тэтгэвэр тогтоолгоход 45% 5 жилийн цалингийн, цэцийн гишүүн авч байгаа цалингийн 60% тэтгэвэр тогтоолгоно. Хуулиаара бүгд ижил байх ёстой бус уу, Ингэж иргэдээс онцгойлж, ялгасан тэтгэвэр тогтоох хэрэг хэрэг байна уу,

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-19 139.5.219.217

Цэц эрх баригчдын сугны үс болоод удаж байгаа энэ удаа хуулийг хэлэлцэх цаг биш

Avatar

Нэргүй 2024-03-19 180.149.80.74

Тогтохсүрэн чинь харин асуудалд бодитой ханддаг, гарц гаргалгаатай ярьдаг, поп биш жинхэнэ төрийн хүн шиг санагдсан. 1удаа ажлаар уулзсан, 2, 3 ч хурал удирдах арга хэмжээн дээр ярьж хэлж байхыг нь сонссон.

Avatar

Нэргүй 2024-03-19 103.57.94.46

Боловсрол муутай, гадаад хэлгүй, "хонь бүрэн, чоно цатга лан" гэдэг зарчим баримтладаг, "нуруу алдахгүй" гэсээр яваад асуудлыг бантагнуулдаг л бөөрөнхий монгол доо !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж