Нөхөр Алексейг нь шоронд хийж, улмаар амийг нь хөнөөсөн гэх Владимир Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдохыг Юлия Навальная харж байна. Тэрбээр хэдхэн долоо хоногийн өмнө нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж амласан билээ. Энэ удаагийн сонгуулийг тэр алсаас ажиглах байдалтай байлаа.
Дарангуйллын эсрэг тэмцэж буй сөрөг хүчин амжилтад хүрэх нь ховор байдаг гэдгийг "Politico" хэвлэл онцолжээ. Тэдний огцруулахыг хүсч буй дэглэмүүд улам боловсронгуй, илүү сайн зохицуулалттай болж, олон улсын дарамт шахалтаас холуур өнгөрч чаддаг. Дарангуйлагчид ихэвчлэн тэрс үзэлтнүүдийг өөрсдөөсөө холдуулан цөлдөг.
Алексей Навальныйн багийнхны хувьд энэ тоглоом цоо шинэ зүйл биш. Гэхдээ Навальный нас барснаас хойш тэдэнд тулгарах бэрхшээлүүд улам бүр нэмэгдэх хандлагатай байна. "Politico" хэвлэл улс төр судлаач, шинжээч, идэвхтэн эрхэмүүдээс Юлия Навальная энэ бүхнийг хэрхэн даван туулбал зохих ёстойг асууж, түүнийгээ нийтлэл болгон нэгтгэжээ.
ХАМГИЙН ГОЛ НЬ ЭВ НЭГДЭЛ
Тэд огцруулахыг хүсч буй дэглэмээсээ илүү бие биетэйгээ сөргөлдөхөд ихэнх эрч хүчээ зарцуулж, тэмцлээ үр дүн муутай болгож магадгүй юм. Сөрөг хүчнийхэн хоорондоо толхилдож байсан түүх Иранд бий. 2022 онд Махса Амини охины үхлийн дараа Иран даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, дотоодын болон гадаадад байрладаг идэвхтнүүдийн хоорондын мөргөлдөөн улам гаарч байсан.
Оросын сөрөг хүчний бүлгийн салбар, нэгжүүд ч ялгаагүй гадаадын улсуудад цөөнгүй бий. Тэд хоорондоо үргэлж эв найртай байдаггүй.
"Навальная хуучин өшөө хорслоо таягдан хаяж чадвал эдгээр бүлгийг нэгтгэхэд туслана" гэж Оросын сөрөг хүчний удирдагч асан Гарри Каспаров хэлжээ.
ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙХ
Сөрөг хүчний идэвхтнүүд гадаадын улсад хэдий удаан байна төдий чинээ хүмүүсийн хүсэл эрмэлзлээс алслагдаж байдаг. Тэд улс төрийн үзэл суртал, эрх чөлөө зэрэг зүйлийн талаар дуу хоолойгоо өргөж байхад эх оронд нь ард иргэд өнөөдрийн идэх хоолондоо санаа зовж суудаг. Энэ тохиолдолд сөрөг хүчнийхэн ард иргэдийг босч тэмцэхийг хэчнээн уриалаад ч нэмэргүй юм. Учир нь ард иргэд дарангуйлагч дэглэмийн овоо хараан дор аж төрөн сууж буй.
Дарангуйлагч дэглэмүүд ихэвчлэн интернет болон утасны хандалтыг хязгаарласан байдаг тул холбоотой байх амаргүй.
Дээр дурдсан эрсдэлээс айсан уу, ямартай ч сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный хоригдох эсэхээ үл тоон Германаас ОХУ-д буцаж ирсэн билээ. Гадаадын улсаас ажиллах нь үр дүн муутай байх вий гэж Навальный эмээсэн гэж олон шинжээч үздэг. Тэр хоригдож байх хугацаандаа ОХУ-аас гадуур байгаа хамтран зүтгэгчдийнхээ тусламжтайгаар дэлхий дахинд үгээ хүргэх боломжтой байсан. Гэхдээ сонгууль дууссаны дараа Кремль тэдний холбоо сүлбээг таслах вий гэсэн болгоомжлол байна.
ЖИЖИГ ЧУЛУУГААР ТОМ ЧУЛУУ ХӨДӨЛГӨ
Дарангуйлагч дэглэмийг түлхэн унагаахын тулд заримдаа арга хэрэгслээ жаахан өөр газраас хайх хэрэгтэй болдог. Алс холын хот, мужид авлига авсан хотын дарга, хүчирхийлэл үйлдсэн цагдаа, улс оронд ямар ч хэрэггүй далан барьж буй албан тушаалтан гэх мэт хүмүүс хаана ч байгаа. Тэдний асуудал дээр "ялааг заан болгох" аргыг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө. Цасан ширхэгүүд цасан бөмбөлөг болно гэсэн үг.
Энэ аргыг Навальныйн баг ашигладаг. Тодруулбал, тэд авлигатай тэмцэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасаар ирсэн. Энэ нь тантай уулзахыг хүсч буй дэлхийн удирдагчдаар тогтохгүй эгэл жирийн орос хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг сэдэв юм.
Ардчиллын төлөөх үндэсний сангийн Дилан Майлес-Примакофын хэлснээр "Новосибирскийн захад баригдаж байгаа хогийн цэгийн талаар ярихаар хэн ч таныг олон улсын хуралд урихгүй биз дээ?" гэж хэлсэн байдаг.
АРАА ХАРЖ ЯВАХ
Юлия Навальная өдгөө ОХУ-аас хол байгаа ч аюул заналхийллийн талаар мэдэж байгаа нь дамжиггүй. Путиныг шүүмжлэгчид дэлхийн хаана ч байсан "шангаа хүртдэг" уламжлалтай.
Иранаас эхлээд Руанда хүртэл бусад автократ дэглэмтэй улсууд ч ийм шүүмжлэл хүлээдэг. Тэрс үзэлтнийг хилийн чанадад байхад нь хөнөөсөн, ард үлдсэн ар гэрийнхнийг нь дарамталсан гэх мэт шүүмжлэлд тэд өртдөг.
БАРУУНД ХЭТ НАЙДАЖ БОЛОХГҮЙ
АНУ болон Европын холбоо ардчиллыг дэмжих тухай ярьдаг. Заримдаа тэд сөргөлдөөнтэй дарангуйллын эсрэг хориг арга хэмжээ авдаг. Ховорхон тохиолдолд танк хөдөлгөнө. Гэхдээ барууны дэмжлэг тодорхой нөхцөлтэй гэдгийг санах хэрэгтэй.
Ирак, Афганистанд болсон хямралын дараа АНУ цэргийн шууд оролцооноос зайлсхийх болсон. Мөн барууны орнууд Хятад гэх мэт эдийн засгийн хүчирхэг гүрнийг ардчилал руу хэт шахахаас зайлсхийдэг. Барууны олон удирдагч өөрчлөлт шинэчлэлтээс илүү тогтвортой байдлыг чухалчилдаг гэдгийг энд онцлууштай.
"Дэлхийн эрх чөлөөний конгресс" нэртэй сөрөг хүчний сүлжээний удирдагчдаас "АНУ найдвартай түнш мөн үү" гэж асуужээ. Гэвч тэднээс шууд хариулт авахад бэрх байсан аж. Гэхдээ Ираны дэглэмийг эсэргүүцэгч Масих Алинежад гэх хүн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн юм. Тэрбээр "Бид АНУ, Европын засгийн газраас биднийг авраач гэж гуйгаагүй. Харин биднийг дарангуйлагчдыг аврахаа болиосой гэж хүсч байна" гэжээ.
Путины дахин сонгогдохыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Навальная уриалж буй. Гэвч барууны орнууд ихэнх нь Путиныг хууль ёсны удирдагч гэж үзэхийн сацуу үйлдлээсээ улс төрийн логик хайсаар байгааг "The Washington Post" хэвлэл өнгөрсөн долоо хоногт бичжээ.
ДАРАНГУЙЛЛЫН УНАЛТ БОЛОН ТҮҮНИЙ ЭРГЭН ИРЭЛТЭД БЭЛЭН БАЙХ
Ойрхи Дорнод дахь Арабын хавар жагсаал 2010 оны сүүлээр эхэлж байсан. Тухайн үед Тунис улсад цагдаа нарын дарамтад өртсөн гудамжны худалдаачин өөрийгөө шатааснаар бүх зүйлийн эхлэл тавигдсан юм. Гадаадын улсад дүрвэсэн байсан сөрөг хүчний идэвхтнүүд илүү олон төлөөллийн засгийн газар байгуулах итгэл найдвар тээн буцаж ирсэн боловч төдийлөн амжилт олоогүй. Өдгөө 10 гаруй жил өнгөрсөн ч Арабын хавар хөдөлгөөнүүд жинхэнэ ардчиллын ялалтыг харуулж чадаагүй хэвээр байна.
Тунис зэрэг зарим улс богино хугацаанд ардчиллын замналаар замнасан боловч эцэст нь эрх баригчид нь шинэ автократуудаар солигдсон.
Тиймээс сөрөг хүчин тэвчээртэй бас сайн сайхан ирээдүйг эх орондоо үзэхгүй байж магадгүй гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй ажээ.
Эх сурвалж: POLITICO
Холбоотой мэдээ