1.
Шавиа удирдан чиглүүлж чадаагүй гэх шалтгаанаар Хакүхо М.Даваажаргалд Сүмогийн холбооноос гурван сарынх нь цалинг 20 хувиар хасч, дэвжээг нь удирдах эрхийг нь Тамагакид шилжүүлжээ. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр түүний шавь Хокүсэйхо дэвжээнийхээ бөхийг зодсон хэрэгт буруутгагдан, зодог тайлахад хүрсэн байна. Энэ бол япончууд ёс суртахууныг хэрхэн эрхэмлэдгийн нэг жишээ. Монголд эсрэгээрээ, хууль-шүүхийг нь хүртэл худалдаад авах нь энүүхэнд. Хууль тогтоогчид нь хуулийн ард хулгай хийсэн ч тэдэнд ёс суртахууны хариуцлага тооцож байсан нь тун цөөн. Голдуу улс төрийн тодорхой зорилготой, зохион байгуулалттай акц болж хувирдаг.
Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдэг нь зөвхөн иргэдэд зориулсан үг биш. Зөвхөн жорлонд хаддаг үг бас биш юм. Болдогсон бол төрийн албан газруудад, эрх мэдэлтнүүдийн арын хананд хадаж баймаар үг. Хэн хаана, хэзээ юу хийхээс үл хамаараад хуулийн хэм хэмжээнд захирагдаж, нийгмийн ёс суртахуунд суралцах тухай “сургааль” шахуу үг.
Нийгмийн амьдралыг хуулиас гадна ёс суртахуунаар зохицуулдаг. Нэн ялангуяа улстөрчид нь хуулиас илүү ёс суртахууны хариуцлага хүлээдэг, тэдэнд ёс суртахууны гэм бурууг нь хүлээлгэдэг болж байж авлигатай тэмцэнэ, авлигачдыг цээрлүүлнэ. Парламент хууль тогтоодог, төрийн эрх барих дээд байгууллага мөн болохоос хулгайч нарын хуулиас нуугддаг, хариуцлагаас зайлсхийдэг хар овоохой биш юм, уг нь.
2.
Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хурлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноож, мөн нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд шүүхээс 40 сая төгрөгийн торгууль ногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хассан юм. Хоржоонтой нь, шүүх тэднийг гэм буруутайд тооцсон ч гишүүний халдашгүй эрхтэйгээ, хуулийн хамгаалалт дор эрх чөлөөтэй амьдарч байна.
Энгийн иргэн хууль зөрчвөл шоронд ордог. Иргэн Энх-Амгалан өнчин ишиг хулгайлбал Эрүүгийн хуульд зааснаар зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ. Эрх баригч намын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хувьд өөр, авлигын хэрэгт нь шүүхээс оноосон 40 сая төгрөгийн шийтгэл гурван тэрбумын хөрөнгөтэй /ХОМ-дээ мэдүүлснээр/ түүнд задгай мөнгө л гэсэн үг.
Авлига, албан тушаалын хэрэгт буруутгагдсан “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун нарт шүүхээс 27 сая төгрөгийн ял оноосон нь авсан авлигынх /гурван тэрбумын авлига авч байгаад баригдсан/ нь таван хувиас доогуур шийтгэл байв.
Худалч хүнд эрх мэдэлтнүүд иргэн болох нь гудамжинд гарахтай ижилхэн, ихэнх нь үүнийг “гутамшигт” үйл явдалд тооцдог. Иймдээ ч Монголын парламентад хуулийн шийтгэлээс гадна ёс суртахууны хариуцлага хүлээлгэх асуудал улс төрийн аль нэг ой санамжийн асуудал болж орхигджээ. Олонх нь "харлуулж, гүтгэж байна" гэсэн тайлбараар асуудлаас зугатахыг хичээдэг, уснаас хуурай гарцгаадаг. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нар ч иймэрхүү тайлбар, сэлт хийдэг. Хуулийн хариуцлагаа хүлээсэн тэдэнтэй ёс суртахууны хариуцлага хэн, хэзээ хүлээлгэх нь тодорхойгүй. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон уу тогтоогдсон, ёс суртахууны асар том алдаа мөн үү, мөн.
Уг нь, авлигатай тэмцье гэвэл шүүхийн танхим нь шударга ёсыг дээдлэж, парламентын танхимаас нь ёс суртахуунаар үлгэрлэх ёстой юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрөгч Баасан гаригт энэ талаар асуусан хэвлэлийнхэнд хариулахдаа “УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түдгэлзүүлж, хорих ял эдлүүлэх хуультай. Гэхдээ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны шүүх хурал болж байгаа, үүний дараа асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мөн давж заалдах шатны шүүхэд хандсаны дараа ярина” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа ёс суртахууны хариуцлага тооцно гэвэл нэг талаасаа даабль стандарт, нөгөө талаасаа үлгэр болно. Үлгэрт хүүхдүүд ч хууртагдахаа больсон цаг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг харна гэдэг нь үндсэндээ “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдэх гэсэн эрх баригчдын арга заль төдий. Малын хулгайч, төрийн хулгайч хоёрт үйлчлэх ял зэм ижил байж гэмээнэ нийгэмд шударга ёс тогтоно.
3.
Хэдий шүүхээс ял шийтгэлээ аваагүй ч гэлээ яллагдагчаар татагдсан, мөн хуулийн байгууллагаас гэмт хэрэгт сэжиглэж байгаагаа зарласан нэр бүхий гишүүд парламентын танхимд цөөнгүй сууж байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС-гийн луйвар, хүчин, хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон гишүүдийг тоолбол парламентын бараг 40 хувьтай тэнцэнэ. Тэд халдашгүй байдлын ард хууль батлаж, зарим нь засгийн танхимд бодлого боловсруулаад сууж буй нь манай нийгмийн ёс суртахууны доройтлын бодит дүр зураг. Улстөрчдийнх ёс зүй уландаа орвол ард иргэдийнх нь амьдрал ч уландаа ордог нь хоржоонтой агаад хоолой хорсгосон үнэн. Авлига, албан тушаалын хэргийн яллагдагч нь хууль тогтоогч болж хувирдаг, халдашгүй байдлын ард хулгай, луйвраа нуудаг, тэр ч байтугай хууль-шүүхийг нь томилдог /Төрийн тэргүүн/ эрх мэдэлтэй болгож өгдөг нь манай ардчиллын алдагдсан "ёс суртахуун" нь. Тиймээс авлигач, хулгайч нар нь намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэх нь холгүй явдаг нь аргагүй. Хууль-шүүх нь хулгайч, авлигачдаа эрхлүүлээд байхаар авлигынх нь индекс арагшаа ухрахаас яах билээ.
Ёс суртахуунтай нийгэмд авлига, хулгай, хүчин, хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон бол хуулийн хариуцлагаас гадна хувь хүний ёс зүйн хариуцлага хүлээдэг. Атал Монголд ах дүүсээрээ БЗС-г тоносон, Хөгжлийн банкны луйварт нэр, нүүр холбогдсон, нүүрсний хулгайн хэрэгт улс даяар сэжигтнээр зарлагдсан цохогдсон хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээх нь бүү хэл хуулийн ард хулгай луйвраа үргэлжлүүлэхийг хүсдэг, тэднийг бид сонгодог. Хувь хүн нь ёс суртахууны хариуцлагаас мултардаг байж болох ч улс төрийн намуудын хувьд ёс суртахууныг үзэл баримтлалынхаа нэгдүгээрт бичиж ёстой.
Хууль тогтоодог байгууллага хууль-шүүхээр гэм буруу нь тогтоогдсон улстөрчдөд ёс зүйн хариуцлага тооцож чадахгүйд хүрсэн нь манай нийгмийн нэг эмгэнэл. Хуулийн засаглал хууль тогтоогчдын ёс суртахуун дээр тогтдог!
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
yag l unendee 2024-03-19 66.181.187.74
Ih hurliin es zuigui geh gishuudiig medeej ard tumen songoogui ee. MAN-iin darda guitstgeh zasgiin terguun Oyun-Erdene l todruusaan. Ene uildeldee Oyun -Erdene h hentei ch huvaaltsahguigeer hariutslaga huleeh estoi bizdee. Oyu-Erdene uuruu uneheer l shudraga es zuitei gats ni yum bol uuruu huselteeree ogtsroh bus uu!? MAN-iin olon zuun shuudees namiin darga,eranhii said hiichih hungui gevel tuun shig hudlaa yum baihgui.Harin Oyun-Erdenees davj garah hudalch,uvaigui gumgegch bol harin oldohgui
Нэргүй 2024-03-19 103.57.93.142
Ер нь төр засгийн хүмүүс энэ талын ойлголт маруухан. Өмсөж зүүснээрээ, одон тэмдэг, машин тэргээрээ гайхуулах, хатад ноёд шиг эрээн мяраан хувцаслах гээд гаднаа гяланцаг, дотроо паланцаг нь харагддаг. Ард түмний 30-40% ядуу байхад ингэж онгирч яаж чаддаг байнаа ямар ёс суртахуун бэ Залууст маш муу үлгэр дуурайл үзүүлж амар баяжихын дон тусгаж байна даа
Нэргүй 2024-03-19 192.82.64.212
Ингээд шударга л бичих хэрэгтэй зөв
Нэргүй 2024-03-19 66.181.165.93
Шударга байлдаа, зоригтой байлдаа. Арчаагүй төр юм даа. Дээрээсээ л ёс зүйгээ ярих эхлэх хэрэгтэйг бүгд мэдэж байгаа шүү дээ. Хэрэг хийгчид нь зоригтой, шударга ёсыг сахиулах гээд, авлигатай тэмцэх гээд байгаа нь хулчгар байх юм. Хаашаа улс вэ?