Ардчилсан нам УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах үйл явцдаа, гишүүд дэмжигчдийн санал авч, тэдний үзэл бодлыг тусгахаар “Бүтэн ардчилал” уулзалт хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байна. "Бүтэн ардчилал" уулзалт хэлэлцүүлэгээр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах зорилгоор зохион байгуулж буй хэлэлцүүлэг юм. Энэ удаагийн уулзалт өнөөдөр /2024.03.17/ Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтыг нээж, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлсэн юм. Тэрбээр, 2024 онд Ардчилсан нам Монголчуудад юу санал болгох вэ гэдгээ хэлэлцэх болно. Бид хэрхэн бүсчилсэн хөгжлийг бий болгох, хэрхэн тэр бүсийг засч чадах тухайгаа зурж улс орон даяар зураглал хийж байна. Бидний гол зорилго бол хэрхэн иргэдийнхээ амьдралыг чанарыг босгож ирэх вэ гэдэг дээр онцгой анхаарч байна гэдгийг онцоллоо.
Тэрбээр, Ардчилсан нам монголд ардчилал, эрх чөлөө авч ирсэн, үгээ хэлэх,үзэл бодлоо илэрхийлэх, эдийн засгийн эрх чөлөөтэй байх эрхийг авч ирсэн. Энэ хэмжээгээр бидэнд үүрэх ачаа бий. Өнөөдөр АН-ын гишүүд ялгаварлан гадуурхагдаж байна, өрийн дарамттай байна. Болохгүй бүхэнтэй тэмцэж болгохын төлөө явсан хүмүүсийг системтэйгээр яллаж буруутгаж ирсэн. Гэхдээ сүүлийН 30 жил хэн засгийн эрх барьж ирсэн гэдгийг бодох л хэрэгтэй. Ардчилалд шилжсэн цагаас хойш засгийн эрхийг өнгөөр нь будаад үзвэл 4-6 жил нь л цэнхэр өнгөөр будагдаж байна. Монголд ардчилалаа бүтэн аварч үлдэх хэрэгцээ шаардлага байна. Үгээ хэлсэн хүнийг барьж хорьдог, бизнесийг нь төр булааж авдаг, ардчилсан намыг дотроос нь хагаралдуулдаг байдал үргэлжилж байна. Гэтэл эрх баригч намын захын "хүүхэд" гэртээ 7 тэрбум төгрөг хадгалж байна. Өрийн дарамт, төрийн дарамт нэмэгдэж, авлига, хээль хахууль газар авсан байна. Нийгмийн амьдрал, иргэдийн амьдрал хүнд байна. Ардчилал яагаад гажив гэдэгт АН хариулт өгөх ёстой. Иргэд монголын төрд итгэхгүй байна. Амласан бүхнээсээ буцсан. Цалин тэтгэвэр нэмсэн нэрийдлээр төгрөгийн ханш унсаар байна. Монголын төрийн амласан амлалтуудаас 90 хувь нь биелээгүй байна. Тиймээс АН тодорхой зүйл амлаж, тодорхой мөрийн хөтөлбөр боловсруулж, иргэддээ тодорхой танилцуулах нь чухал байна. Сүүлдээ нийгмийн өмнө шийдвэрлэх ёстой асуудал нь зарим хүмүүсийн бизнес болж хувирсан байна. Утаагаар бизнес хийхгүй утааны асуудлыг шийдэх л хэрэгтэй байна. Түүний шийдлийг АН гаргаж тавих болно. Асуудал ярьдаг биш шийддэг бодлого боловсруулж гаргана. Эцэст нь иргэд сонгогчид, гишүүд дэмжигчидтэйгээ уулзахад эвтэй, амь нэгтэй бас хариуцлагатай байхыг бид бүхнээс шаардаж байна. Том үйлийн төлөө, монголын ардчилалыг бүтэн болгохын төлөө, эдийн засгийн эрх чөлөөг бий болгохын төлөө, улс орноо өрнөөс гаргахын төлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө амь нэгтэй, эв найрамдалтай байх талаар хэлж байна. Бидэнд ядарсан эдийн засаг, өрөнд орсон төрөө буцааж сэргээх ийм л тэмцэл, сорилт ирж байна. Хүнд өдрүүдийг давж туулах ганц зүйл бол “амь нэгтэй” байх юм. Хамгийн сүүлд сахилга баттай байх юм. Энэ удаагийн сонгууль тийм амар сонгууль байхгүй. Ардын засаг тэр чигтээ монголыг эзэлчихсэн байна. Гэхдээ монголын түүхэнд 1000 цэрэгтэй 100 мянган цэргийг буулгаж авсан түүх бий. Монголчууд нэгдэж, сахилга баттай байж чадвал ялалт байгуулна. Тиймээс МАН мөнгөнөөс, эрх мэдлээс, тролл багаас айх хэрэггүй. Бид бүх ард түмний сэтгэл зүрхийг байлдан дагуулах ёстой. Та бүхэндээ ялалт, амжилт хүсье гэв.
"ЭРХ БАРИГЧДЫГ МОНГОЛЫН ТӨРӨӨС ХОЛДУУЛАХ ЦАГ БОЛСОН"
Мөн Ардчилсан намын АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр илтгэл тавьсан юм.
Тэрбээр, саяхан олон улсын байгууллагаас “Засаг төрдөө хэр итгэж байна вэ” гэсэн судалгаа хийсэн.
Монголын ард түмний 75 хувь нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэхгүй байна. Хамгийн муу рейтингтэй өөрөөр хэлбэл, улсаа хорлосон, монгол оо хорлосон, иргэдийнхээ боломжийг хулгайлсан улстөрчдийн жагсаалтыг “шударга ёс” гэдэг үгийг хамгийн их үсчүүлж ирсэн МАН-ын дарга нар тэргүүлэхээр булаацалдан уралдаж байна. “Эрх баригч нам засаглаж чадахгүй байна.
Шударга ёсыг тогтоож, хуулийн засаглалыг тогтоож чадахгүй байна. Тэд иргэдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байна. “Та нар чадах уу” гэж иргэд биднээс асууж байна. Бидэнд “чадна” гэдгээ харуулах, ойлгуулах боломж байна. Бидэнд чадаж ирсэн түүх бий. Бид хэзээ ч “Аз жаргалтай Улаанбаатар бий болгоно гээд авлигалаар дүүсэн Улаанбаатар болгоогүй. Үнэхээр Э.Бат-Үүл, Д.Баттулга даргын үед нийслэл хот найрсаг Улаанбаатар байсан юм шүү. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Монгол Улсад хамгийн их бүтээн байгуулалтыг хийсэн. Үнэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Асемын дээд хэмжээний уулзалт хийж, дэлхийн хамгийн томчуудыг Улаанбаатарт цуглуулж байсан. Гэтэл өнөөдөр яаж байна.
МАН-ын сайд нар гадаадын компанид захиа бичих тухай жижигхэн улс төр яриад сууж байгаа шүү дээ. Ингэтлээ Монголын төрийг жижиглэсэн. Энэ үйлдэл нь эргээд Монголын үнэ цэнийг унагаасан.Үүнийг бид буцааж засч залруулж, босгож чадна. Үүнийг бид нар хамтдаа хийнэ.
Амьд явахад их л юм үздэг юм байна. Монгол Улсын Засгийн газар 22 сайдтай болтлоо данхар бүтэцтэй болохыг үздэг л юм байна. Тэр дундаа Түгжрэлийн сайд дэлхийн ямар улс оронд байдаг бүтэц вэ. Дэлхийд түгжрэл ярьдаг, автобус худалдаж авах тухай, автобусны шугам өнөөдөр тэгш сондгойгоор явах тухай яриад зогсож байдаг монгол төрийн сайдтай болохыг бас үздэг л юм байна. Дэлхий дээр Монгол Улс шиг Олимпийн сайд гэсэн албан тушаал хашдаг ямар сайд байна. Хайгаад судлаад үзлээ. Байдаггүй юм байна. Олимпийн сайд Б.Батэрдэнэ аварга болчихоороо Монголын тамирчид олимпоос алт, мөнгөн медаль цуглуулаад байдаг бол хамаа алга. Харамсалтай нь тийм юм байдаггүй юм. Монгол тамирчдын хүч хөдөлмөр, дасгалжуулагчдын хичээл зүтгэл, Монголын ард түмний дэмжлэгтэй л энэ бүхэн бий болдог.
Зарим хүмүүс эрх мэдэлдээ бялуурчихсан, уйдчихсан юм байна. Зөөлөн сандал дээр тухлаад монголынхоо төлөө сэтгэл зүрх нь цохилохоо больчихсон юм байна.
АН асуудлыг барьж аваад шийдэж чаддаг нам. Тухайлбал, Авлигалын индексийг 120-оос 70 гаруй хүртэл буулгаж чадсан. Түүнээс биш Л.Оюун-Эрдэнэ шиг аман дээрээ ярьчхаад Швейцарт очоод “Авлигалын индексийг буулгаад өгөөч” гэж гуйгаагүй. Тиймээс АН-ынхан өөрчлөлтийг хийнэ.Энэ бүгдийг чадна, чадсаар ч ирсэн. АН-ынхан монголын хуулийг уландаа гишгэж, өшиглөж ирээгүй. АН-ынхан хуулиа хүндэтгэдэг байсан. Монголын төр монголчууд “Уурган дээгүүрээ алхахыг цээрлэдэгтэй” адил бид нар хуулийнхаа дээгүүр алхдаг төрийн түшээ байгаагүй. Харин тэд “Хууль ямар хамаатай юм” гэж цээжээ дэлдсэн, сүрийг үзүүлсэн, цэрэг хувцсаар гангарсан эцэст нь нийгмийн өмнө тулгамдаж байгаа ямар ч асуудал шийдэгдээгүй. Тиймээс энэ удаагийн сонгуулиар эрх баригчдыг Монголын төрөөс холдуулах цаг болсон. Энэ бүх амжилт ялалтыг иргэдтэйгээ хамтдаа хийж чадна. Ардчилсан намтай сэтгэл зүрхээрээ нэг байгаарай. Энэ 2024 онд бүгдээрээ монголчуудын итгэлийг буцааж авчрах болно” гэдгийг тодотголоо.
"БИД ХАМТДАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ХОТУУДЫГ БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ"
Мөн дараагийн илтгэлийг АН-ын дэд дарга Ц.Баатархүү тавьсан юм.
Тэрбээр, бүтэн сайн өдөр, бүтэн Монгол, бүтэн ардчилал, бүтэн өөрчлөлтийг авчрахаар олуулаа цугласан та бүхэндээ баярлалаа. Миний нэрийг Цэндийн Баатархүү гэдэг. Би БНМАУ-ын гавьяат нэгдэлчин Цэнд гэдэг хүний 10 дахь хүүхэд нь болж төрсөн. Хүүхэд насандаа олуулаа өссөн, олуулаа байх дуртай. Та бүхэн өнөөдөр олуулаа цугласан байна. Олууланд нь дахин баярласнаа илэрхийлье.
Би нэг зүйлийг асуухыг хүсч байна. Бид нар Монгол Улсын Үндсэн хуулиар заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр эрхээ эдэлж чадаж байна уу?
Монгол Улсын хөгжилд улаан гэрэл ассан. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэл, үер усны аюул гээд тоочоод байвал Улаанбаатар хотод аюулын улаан гэрэл ассан байна. Өнөөдөр Монгол Улсын өрх, айл бүр өрийн дарамтад өртсөн байна. Эрх барьж байгаа нөхдүүд “өр зээл төллөө” гэж байгаа боловч бодит тоон статистик харах юм бол нэг өрхөд, нэг хүнд оногдох өрийн хэмжээ 14-23 сая төгрөг болж өссөн байна. Эрх баригчид иргэн болгоны нуруун дээр ирэх өрийн дарамтыг 2,4 дахин нэмэгдүүлсэн байна. Ийм учраас АН-ын бодлого бол өрийн дарамтгүй, иргэддээ өр биш өв үлдээдэг, өртэй биш хуримтлалтай Монгол Улсын төлөө мөрийн хөтөлбөртөө тусгах санаачилга гарган 21 аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзалт, хэлэлцүүлэг хийж байна.
Үнийн өсөлтийн хүндрэл өрх бүрийн хаалгаар орсон. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурдыг цалин, тэтгэвэр нь гүйцэхгүй байгаа учраас тэтгэврийнхэн бүгдээрээ тэтгэврийн зээлтэй. Малчид бүгдээрээ ямар нэгэн банканд малаа барьцаалж, зээл тавьсан. Монголчуудыг өрийн дарамтаас гаргаж чадах нам бол АН гэж олон нийт үзэж, олон сайхан санаачилгуудыг хэлсэн байна. АН ялж байх үедээ реформ хийж чаддаг.
Энд нэг зүйлийг тодотгон хэлэхэд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баттулга нар дөрөвхөн жилийн хугацаанд Улаанбаатар хотод 40 жил хийгээгүй зүйлийг хийсэн.
МАН бол утаатай тэмцэхийн тулд утаатай тэмцсэн, АН бол угшилтай тэмцсэн. Зарим нэг хүмүүс “МАН, АН 2 ялгаатай юм уу” гэж асуудаг Би ялгаатай гэдгийг эр зоригтойгоор хэлмээр байна. АН бол реформ хийдэг бүтээн байгуулалт хийдэг, асуудлыг сууриар нь шийддэг нам. МАН бол илрэлтэй тэмцдэг нам байна гэж үзэж байна.
Учир нь МАН утаатай тэмцэхээр сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Гэтэл хортой түлшний үйлдврийн дарга нар нь жил болгон 68 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг болсон байна. АН ялсан үедээ дулааны, цахилгааны станц байгуулдаг. Амгалангийн дулааны станцыг байгуулж,4 дүгээр цахилгаан станцад өргөтгөл хийж чадсан. Сууриар нь шийдэхийн төлөө АН ажиллаж байсан гэдгийг та бүхэнд дахин дуулгая. Өнөөдөр Монголын төр бодлого үйлдвэрлэж чадахаа больсон. Төр бол бодлого гаргаж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт ердөө 30 хувьтай байна. Яагаад Монгол Улс хөгжихгүй байгаа тухай ямар шалтгаанаас хөгжөөгүй тухай хэн ч ярихгүй байна. Монголын төр юу ярьж байна вэ гэхээр дандаа ирээдүй цаг дээр ярьж байна.
Ирээдүй цагаар тэд шоудаж байна. Тэгэхээр Монголыг хөгжүүлэхгүй байгаа хамгийн том асуудал нь Монголын төр өөрөө болсон байна.
Учир нь Монголын төрд ажиллаж байгаа дарга нар ямар нэгэн төсөл,тендер лоббиддог болсон. Энийг бүгдээрээ мэднэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эхлээд зуухтай ноцолдсон. Зуухыг нь сольсон. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь гал түлэх аргыг зааж өгсөн. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь дотоод орчны агаар цэвэршүүлэгч тарааж өгсөн. Татвар төлөгчдийн мөнгөөр агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь яндан солих тухай ярьсан. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дараа нь түлшийг нь сольсон. Эцэст нь энэ бүгд үр дүнгүй байсан. Сүүлийн 20 жил иргэд утаанд нь хордсон. Харин бидний болоод энд ирсэн иргэдийн байр суурь бол яндангүй, байшинтай болъё, өрх болгон дэд бүтэцтэй болгоё гэсэн санаачилгыг гаргасаар ирсэн. АН бол хөгжлийн бодлогыг зөв хардаг олон мянган гишүүдтэй . Өнөөдөр Улаанбаатар хот бүх зүйлийг бууруулах тухай ярьж байна. Ирсэн дарга нь метро ярьсан. Дараагийн дарга нь Ви Ар Ти /BRT/ төсөл ярьсан, дараагийн дарга нь тэнгэрийн зам ярьсан дараагийн дарга нь дүүжин тээвэр ярьсан. Ирсэн дарга болгон өөр төслөө бичсэн. Одоогийн дарга бол метроны зурагт хуудас нааж байна. Метро барьж дуусахад 6-8 жил шаардлагатай. Харин энэ хугацаанд түгжрэлийг хэрхэн шийдэх тухай бодлого алга, ухаан алга, сэтгэл алга, чадвар алга. Харин чадвартай хүмүүс нь энд байна. Өнөөдөр Монголын төр төлөвлөсөн, төсөвлөсөн зүйл нь бодит байдлаасаа өөр байдаг болоод удаж байна. Түүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Хариуцлага хүлээхгүй учраас Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Өнөөдөр маш олон хулгай гарсан. Гэтэл нэг ч хүн хариуцлага хүлээсэнгүй.
Бүр 40 сая төгрөгийн торгууль тавьдаг боллоо. Төрийн албан хаагчийн гэрт нь 7 тэрбум төгрөг байх энгийн үзэгдэл болсон.Өөрөөр хэлбэл, 7 цэцэрлэг барих мөнгө гэрийнх нь шкафт байдаг боллоо.Улс орон байхад хөгжихгүй. Үүнийг эрс өөрчлөх хэрэгтэй.
Тиймээс Баялгийн реформ хийх шаардлагатай. Сонгуулийн өмнө хэдхэн улстөрч байгалийн баялгийг сонгуульд зориулж тараадгаа болих хэрэгтэй. Иргэн болгон байгалийн баялгаас үр өгөөж хүртдэг хамгийн зөв, оновчтой сан байгуулах хэрэгтэй. Ийм сан байгуулагдаж чадах юм бол анх удаа байр авахдаа, боловсрол, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэхдээ иргэд нь өөрсдөө мэдэж, захиран зарцуулах эрхтэй баялгийн сан байгуулах ёстой. Уг хуулийн төслийг АН-ын бүлэг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг ард нийтээрээ дэмжиж батлуулах хэрэгтэй. Зөвхөн сонгуулиар ангилдаг баялгийн сан байгуулах болохгүй. Харин улирал болгон, жил болгон иргэн нь өөрөө хувь хүртдэг ийм баялгийн сан байх ёстой. Дараагийн ээлжинд хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй Улаанбаатарыг хөгжүүлье гэвэл бүх хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй.
Өнөөдөр Улаанбаатар хот монголчуудын 80 хувь нь амьдардаг тосгон болж хувирсан байна. Улаанбаатар хотыг хот шиг хот болгохын тулд Улаанбаатар хотын даргыг ард түмнээсээ сонгодог байх хэрэгтэй.
Улаанбаатар хотын даргыг нам томилдог байж болохгүй. Улаанбаатар хотыг цагдаа нар биш, хот судлаач, инженерүүд, барилгын инженерүүд удирдах хэрэгтэй. Гуравдугаарт, газрын реформ хийх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын байгалийн хамгийн сайхан ам болгоныг хашаалгаад хашсан байна. Хүүхдүүд нь зугаалах талбай олдохгүй байна, хөгшид нь нарлах талбай олдохгүй байна. Аялал жуулчлалын зорилгоор Богд уулыг тойрсон ам болгоныг зарсан. Тэнд аялал жуулчлалын чиглэлээр юу ч хийгээгүй. Зүгээр л хаус барьж зарж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын газрын харилцааны асуудалд шаардлага тавьж аудит хийлгэх хэрэгтэй. Хэн ямар газар эзэмшиж байна, зориулалтаар нь ашиглаж байгаа юм уу гэдгийг олон түмэндээ нээлттэй зарлах хэрэгтэй.Ингэж байж шударга ёс тогтоно. Өнөөдөр 800 мянган өрх байна. Арилжааны зорилгоор, ахуйн зорилгоо иргэн, өрх болгон нэг га газар ашигладаг байх юм бол Монголын газар нутгийн 0.51 хувьтай тэнцэнэ. Төмсөө тарья, сонгино тарья, аялал жуулчлалын чиглэлээр Тэрэлжид очоод жуулчны бааз байгуулъя гэхээр Монгол Улсын иргэнд газар олддоггүй. Монгол Улсын иргэнд 15 жилээр эзэмшүүлдэг тэгсэн атлаа гадаадын иргэнд 100 жилээр өгье гэж ярьдаг. Энэ төр засгийг өөрчилье гэдэг саналыг АН-ын гишүүд олноороо гаргаж байна. Бид хамтдаа эрүүл аюулгүй Монголыг бүтээх хэрэгтэй. Бид хамтдаа эрүүл аюулгүй хотуудыг бүтээх хэрэгтэй. Бид чадна гэдэгт итгэж байна. Та бүхний мөрийн хөтөлбөрийн санал болгоныг төрийн шийдвэр болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе" гэдгийг уриалсан юм.
Холбоотой мэдээ