Хөөдөг мөнгө, хайдаг мэнд
Нэгэн залуу гудамжинд байх үйлчилгээний газруудын хаягийг “лайв”-аар харуулж биднийгээ ичээв. Ажил, гэр хоёрын хооронд өдөр бүр зорчдог миний зам, манай гудамж. Бичлэгт гарч буй хаяа хаяагаа дэрэлсэн ломбард, эмийн сан тийм олон байдгийг өмнө нь анзаарч байсангүй. Чухам тэр хаягууд намайг, биднийг мөнгөний гачаалтай, эрүүл мэндийн асуудалтай гэдгийг тохуутайхан сануулна. Эзэд нь эрэлтийг нь тооцоолж, үүд босгыг нь элээлцэх мань мэтдээ үйлчилгээг нь ойртуулсаар ийм олон эмийн сан, ломбардтай болчихсон хэрэг. Өнөөх бичлэгт хаа нэг дэлгүүр, хоолны газрын хаяг цухуйх нь зээлж авсан мөнгөөрөө эм, тарилганаас гадна талх тариа авдаг гэж нотлоод тавлаад ч байх шиг. Өчигдөрхөн гэр лүү явахдаа өнөөх ломбардууд цөөрсөн байхыг харав. Манай гудамжныхан мөнгөжсөндөө ч биш, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг шинээр журамлаж, өнөөх олон хаягнаас хагас нь буусан юм билээ. Харин эмийн сан руу зүглэх хүн ардын минь зам, жим тасрахгүй, балрахгүй бололтой.
Монголчууд эрүүл мэндээ эрсдүүлж мөнгө хөөдөг, мөнгөө эрсдүүлж эрүүл мэнд хайдаг. Эцэст нь аль аль ч үгүй болсон байдаг нь хэн бүхний мэдэх гашуун үнэн. Эмзүйчид, эмийн сангийн үйлчилгээ гэрт, гарт ойрхон байдгын учир ч үүгээр тайлагдах байх.
Зовлонд нь найдах уу, жоронд үнэмших үү
“Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” хэмээсэн Д.Нацагдоржийн шүлгийг Сүхбаатар дүүргийн VII хороонд байх хувийн эмнэлгийн хөлийн өрөөнд жаазлаад өлгөжээ. Их найрагчийн бүтээлүүд дунд захиалгаар бичсэн атлаа үнэ цэнэ нь өдгөө ч оршсоор байдаг иймэрхүү “пи-ар” бий. “Аль газраас миний охины толгойг залгих гэж ирсэн амийтан бэ” гэж хуурай, нойтон агснамнах харчуудаас эмч нарыг өмөөрч, шинээр түгж байсан европ эм, эмнэлгийг сурталчилсан нь энэ. Их найрагчийг чухам жаргаланг хэлж зөвөлсөнөөс 90 жилийн хойно ч манайхны хандлага өөрчлөгдсөнгүй. Дүүргийн эмнэлгийн өвчтөнүүд дунд лам, бөө, мэргэн түргэн нэгэнд эрүүл мэндээ даатгаж явсаар, хүндэрч, муудсан хойноо эмчид хандсан нь олон байдаг гэнэ. Ядаж байхад нийгмийн сүлжээнд үзсэн дуулсан, зовсон жаргаснаар нэг чавганц байтугай нэлээд олон хөгшчүүдийг насыг элээсэн гэмээр мэдлэгтэн гарч ирж зөвөлгөө өгнө. Мэс засалд оролгүй цөсний чулуу арилгах аргаас өгсүүлээд чихрийн шижин, хавдрын эм, тарилгыг сурталчлан борлуулна. Өнөөх нь Монгол Улсын эмийн бүртгэлд огт байхгүйгээс гадна, ерөөсөө эм мөн эсэх нь ч эргэлзээтэй.
Өвчин тусвал өөртөө онош тавиад тохирсон эм аваад уучихдаг үндэстэн биднээс өөр үгүй биз. Үүнийгээ жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэж зөвтгөнө. Аль ойрхоны “аптек”-ээс антибиотик авч уудаг байдлыг болиулах гэж 2005 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 360 орчим эм, 50 орчим уламжлалт эмийг заавал эмчийн жороор худалдахаар зааварласан аж. Цагийн аясаар жороор олгодог эмийн тоо олширчээ. Найман жилийн өмнө Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид эмийн сангуудыг шалгахад сурвалжилж хамт явж билээ. Тухайн үед шалгалт хийсэн бүхий л эмийн сангаас жоргүйгээр эм худалдаалсан, хугацаа дууссан эм борлуулсан гэх мэт нийтлэг зөрчил гарч байсан. Өдгөө харин энэ байдал багассан бололтой. Хэд хэдэн эмийн сангаас антибиотик авахаар асуухад жор байгаа эсэхийг лавлаж байна. Нэгэн эмийн санд гар утсан дээрээсээ хүүгээ өвдөхөд нь авч байсан эмийн жорын зургийг харууллаа. Эмийн санч бүсгүй лангуу руугаа эргэж, эм өгөхөөр завдав. Үнэн зорилгоо хэллээ. Эмч нарын бичсэн жоронд эмийн тун, хэрэглэх арга нас хүйсийг бичээгүй байх нь тохиолдол цөөнгүй гардаг гэх. Мөн эмний нэрийг дутуу буруу бичих, эм давхардуулах гэх мэт алдаа гаргадаг учир үйлчлүүлэгчдээ хэлж, сануулж бүтээгдэхүүнээ борлуулдаг гэнэ. Биднийг байх хугацаанд эм авсан хүмүүс уух цаг, хэмжээгээ сайтар лавлаж байсан.
Үнэ дагадаг чанар “где”
Гуурсан хоолойн багтраа буюу астма өвчтэй хамаатны маань эгч БНСУ-д ажил хийдэг юм. Солонгос зорих гэж буй надад охин нь уух эмийг нь дайж, өнөөхийг нь хил давуулах гэж багагүй сандарсан. “Хар хөлсөө асгаруулж байж эм, тариаг чинь залгууллаа” гэхэд эгч маань ихэд бухимдаж билээ. Охиных нь явуулсан эм Солонгост хямд үнэтэй, илүү үйлчилгээтэй байдаг гэж билээ. "Австри Клагенфурт Альтернатив” эмчилгээний төвийн захирал, судлаач И.Цэрэнхүүгийн бичдэг нийтлэлийн доорх сэтгэгдэл дунд гадаадад амьдардаг олон монголчууд манайд зарагддаг эмийн үнэ, чанар тааруу байдгийг бичжээ. Бид яагаад үнэтэй атлаа чанаргүй эм хэрэглэдэг вэ. Эмийн бизнес эрхлэгчид хангалттай ашиг олдог атлаа чанартай эм худалдаалж болохгүй юу. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо байх эм импортлогч нэгэн байгууллага руу орлоо. Гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлж буй 30 орчим насны залуу байна. Гар цүнхэндээ эм оруулж ирж зардаг ээжийнх нь бизнес өргөжсөөр жилд 300 орчим сая төгрөгийн татварыг улсад тушаадаг, 20 гаруй ажилтантай байгууллага болсон гэнэ. Ганц эднийх ч биш эм ханган нийлүүлэгчдийн нийтлэг бэрхшээлийг тоочиж байна. ДЭМБ-аас хэдийнэ зөвшөөрсөн чанартай, шинэ эмийг оруулах гэхээр Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй хэмээн зөвшөөрдөггүй аж. Нэгэнт зөвшөөрөлгүй учир хулгайгаар буюу бүртгэлгүйгээр манайд зарагддаг гэнэ. Хил, гаалийн байгууллага тээвэрлэлт хадгалалтын хатуу горимтой зарим эмийг оруулахгүй удааснаас өндөр үнэтэй эмээ устгуулсан тохиолдол ч гарчээ. Татвар, ажилчдын цалин, нийгмийн даатгал гэх мэт өртөгүүд нэгж эмийн үнэнд шингэснээр эмийн үнэ өсдөг гэж байна. Улсын эмнэлгүүдийн эм худалдан авах тендэрийн гол нөхцөл нь чанартайг биш хямд үнэтэйг сонгодог учир аль болох өртөг багатай зарим тохиолдолд дэмжих үйлчилгээ бүхий эмүүд эмнэлгийн өвчтөнд хүрдэг гэх.
Зах зээл дээр зарагдаж буй эмийн чанар, үнэ хөлсөнд зохицуулалт хийх зорилго бүхий Эмийн агентлаг байгуулагдсан ч гарт баригдаж нүдэнд үзэгдэхүйц зүйл хийсэн нь бага. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хуурамч эмийн худалдаанаас олдог ашиг хар тамхи, зэвсгийн наймаанаас давсан гэхээр ганц бидэнд ч тохиолдсон зовлон биш аж. Жилдээ 320 тэрбум ам.долларын хуурамч эм зарагддаг гэсэн судалгааг дээрх байгууллага хийжээ. Мөн л энэ байгууллагын илтгэлд дурдагдсанаар Монгол мэт хөгжиж буй улсад худалдаалагдаж буй эмийн 30 гаруй хувь нь хуурамч эм байдаг гэх. УИХ-ын дахь Эмийн түр хороог ахалж байсан Н.Учрал “Эргэж ирсэн нь” номондоо монголын эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхи солонгос эмч нараас дутахгүй, сэтгэл зүтгэл нь илүү сайн ч чанаргүй эмнээс болж хагалгааны дараах эмчилгээ тааруу байсан тухай бичээд өөрийнхөө эмээг илүү чанартай эм хэрэглэсэн бол амьд сэрүүн байх боломжтойг дурссан байсан. Эмийн чанар тааруу байгааг энгийн иргэн ч, их хурлын гишүүн нь ч биеэр мэдэрсэн байгаа биз.
Шилэн бүртгэл буюу гарц энд байна
Эрүүл мэндийн салбар дахь эм, эмнэлзүйн чиг өнгөц харахад асуудал дүүрэн байна. Хөнгөлөлттэй эмийг дагасан бизнес, улсын эмнэлгүүд дэх эмийн шахаа гэх мэт олон асуудлыг тоочвол барагдана гэж үгүй. Эцэст нь энэ бүхнийг шийдэх гарц гаргалгаа бий юу. Гаднын улсууд, хөгжилтэй орнуудад ямар шийдэл байдаг вэ.
БНСУ-д эм, тариа эмнэлгийн хэрэгслийг нэг бүрчлэн кодолж бүртгэлжүүлнэ. Нэгэнт бүртгэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг цахимаар хянана. Аль нэг үйлдвэрээс гарсан эм, тарилга, эмнэлгийн хэрэгсэл эмийн сан, эмнэлгээр дамжин хэрэглэгчид очих хүртлээ нүднээ ил явна. Мэдээжээр эрх бүхий хүмүүс л хянах боломжтой. Нэг үгээр, өвчтөн тэнхрэхгүй, хэрэглэсэн эм тарилганы чанарт эргэлзвэл хаана алдаа байсныг камер шүүж буй мэт эргүүлээд хянах боломжтой. Тэгэхээр чанар муутай, хуурамч эм тус улсын зах зээлд нэвтрэх боломжгүй аж. Хэдийгээр Монгол улс эмийн хэрэгцээнийхээ 80 орчим хувийг гаднаас оруулж ирдэг ч энэ туршлагыг хэрэгжүүлэхэд хэцүү биш. Дотоодод үйлдвэрлэсэн эм бэлдмэлийг дээрхийн адил кодолж бүртгэнэ. Импортын эмийг гааль дээр мөн л бүртгэж, хэдэн төгрөгөөр худалдан авсан, ямар өртөг нэмж хэрэглэгчид хүргэхээ мэдүүлнэ. Үйлдвэрлэгч улсад ямар үнээр зарагдаж байгааг ганц товчлуур дараад мэдэж болдог болсон өнөө цагт худал мэдүүлсэн эсэхийг хяначихна. Тухайн эм Монголд мэдүүлсэн үнээрээ зарагдаж байгааг мөн л шалгах боломжтой. Хяналт тавих программ дээр шивээд хэтийдсэн үнэтэй худалдаалж буй аж ахуйн нэгжид сануулна. Манай ай-ти салбарт ажиллаж буй залуус энэ дайны програмыг амархаан хийчихнэ. Олон улсын стандартыг хангасан, ДЭМБ-аас зөвшөөрсөн эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэхдээ хүний оролцоогүй, элдэв хүнд сурталгүйгээр цахимаар бүртгэнэ. Энэ тохиолдолд эмийн сангаас гадуур буюу гар дээрээс нийгмийн сүлжээгээр зарагддаг эм үгүй болно. Манайд хөнгөлөлттэй гэгддэг эмийг цахим жороор олгож эхэлчихээд байгаа. Нэгэнт систем нь байгаа учир эмнэлгээр үйлчлүүлж, эм бичүүлсэн бүхий л хүмүүст өгч буй эмчийн жорыг цахимжуулъя. Эм бүртгэгдсэн, эмчийн жор цахимжсан. Хэн, аль эмнэлгээр үйлчлүүлээд ямар эм авсан, эдгэрэх хугацаа энэ бүхэн шилэн болно. Мэдээжээр өвчтөн хийгээд эмч нар л түүнийг харж болохоор нууцална. Энд харин ганц л асуудал бий. Эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсийн өвчний түүх, өвчтөний нууцыг хэрхэн хамгаалах вэ. Түүнийг л шийдчихвэл эрүүл мэндийн салбар шал өөр болно доо.
“…Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан…”
“…Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс
Эмнэлгийг хүсвэл
Цахимыг хүс…”. Их Д.Нацагдорж найрагч өнөө цагт шүлгээ байсан бол ингэж төгсгөх байсан даа.
Нэргүй 2024-03-16 213.87.144.232
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-16 203.169.50.253
soliorood l