УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, бусдад давуу эрх олгосон үндэслэлээр анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харин тэрбээр дээрх шийдвэрийг давж заалдахаа мэдэгдээд байгаа төдийгүй зохиомол хэрэг гэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Би бол гэм буруугүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана. Шүүхийн процесс дуусаагүй байна. Тийм учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй.
Давз заалдах шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа энэ хэрэг яаж эхэлсэн, өрнөсөн, дууссан талаарх бүх мэдээллийг нотолгоотой, баримттай ярьж өгнө. Цаг хугацаа хэрэгтэй байна.
Цас зуд ихтэй, хаваржилт хүнд, олон тооны мал хорогдож байна. Хотод ч түгжрэл, утаанаас эхлээд үнийн өсөлттэй холбоотойгоор хүмүүс стресттэй байна. Ийм үед миний энэ зохиомол хэрэг дээр давс битгий түрхээрэй. Нэмэрлэж, хачирлаж олон нийтэд зохиол битгий хүргээрэй.
Хэрэг бол зохиомол, их ч олон гүтгүүлсэн, цаанаа улс төрийн захиалгатай юм байна гэж хардаж байгаа. Энийг хэрэг дууссаны дараа тодорхой болгоно” гэв.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын хэргийг шүүгээд гэм буруутайд тооцон, 40 сая төгрөгөөр торгон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ