УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр /2024.03.15/-ийн нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Ингээд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтоолын төсөл батлав.
Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцолсон. Байнгын хорооны саналаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “УИХ-ын орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг дурдаад уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Онцлоход, орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаагүй бөгөөд одоо байгаа хүчин төгөлдөр хуулиараа зохицуулагдах юм байна.
Нэргүй 2024-03-15 213.87.130.169
Харуулах боломжгүй.