Нөөцийн мах зах зээлийн үнээс хямд ч борлуулалт муу байна

Хуучирсан мэдээ: 2024.03.15-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах зах зээлийн үнээс хямд ч борлуулалт муу байна

Нөөцийн мах зах зээлийн үнээс хямд ч борлуулалт муу байна

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 11-нээс нөөцийн махыг 375 цэгээр борлуулж эхэлсэн. Бид нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт, үнэ ханш ямар байгааг энэ удаад сурвалжиллаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах “Саруул” супермаркетад очиход гадна ханан дээр нөөцийн мах зарж байгааг илтгэх том цагаан хулдаасан хэвлэл дээр “нөөцийн мах худалдаалж байна” гэх бичиг наажээ. Том цагаан хөлдөөгч дотор “Нөөцийн мах” гэсэн бичигтэй үхэр, хонь, ямааны мах байв.

Үхрийн ястай мах 1 кг нь 11350, хонины ястай мах 1 кг нь 8900, ямааны ястай мах 1 кг нь 6700 төгрөгийн үнэтэй аж.

Өнгөрсөн жил үхрийн ястай мах 1 кг нь 10700, хонины ястай мах 1 кг нь  8600, ямааны ястай мах 1 кг нь 6400 төгрөгөөр тус,  тус борлуулагдсан юм. Тодруулж хэлбэл, нөөцийн махны үнэ өмнөх жилийнхээс 1 кг тутамдаа 600 төгрөгөөр өссөн бол зах зээлийн ханшаас 1 кг тутамдаа 2500-3500 төгрөгөөр хямд байв.

Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт хэр байгаа талаар худалдагчаас тодруулахад “Одоогоор 150 кг нөөцийн мах борлуулаад байна. Хүмүүс гайгүй авч авч байгаа ч өмнөх жилтэй харьцуулахад худалдан авалт муу байх шиг санагдлаа. Өнгөрсөн жил гуравдугаар  сарын сүүлээр нөөцийн махыг анх худалдаанд гаргаж байсан.  Нийлүүлсэн мах өдрийн хагаст л  борлуулагдаж дуусдаг байсан. Гэтэл энэ жилийн хувьд нөөцийн мах хоёр хоногтоо л 80 хувь нь борлуулагдаж байна. Чанарын тухайд хүмүүс зарим нь “гайгүй” гэж үнэлж байхад зарим нь “өөх, яс ихтэй байна” гэж ярьж байгаа. Гурав хоногийн өмнө 200 кг нөөцийн мах захиалсан нь дуусч байгаа болохоор өнөөдөр дахин захиалга өглөө” гэв.

Тус супермаркетаар үйлчлүүлж байсан Г. Мөнгөнчимэг  “Өмнөх жил нөөцийн мах худалдан авч, хэрэглэж үзсэн.  Хэт их ястай  байсан болохоор дахин авах сонирхол төрөөгүй. Нөөцийн мах авсанаас зах зээлд борлуулагдаж байгаа жижиглэнгийн мах  хэрэглэсэн нь чанартай санагдсан” гэлээ.

Ө.Батбаатар “Нөөцийн махыг илүү их бэлтгэж, нэгдүгээр сар гарангуут борлуулж эхэлбэл махны үнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх юм шиг санагддаг. Шинэ жил, цагаан сараар далимдуулж ченжүүд махны үнийг өсгөдөг. Тэр нь зогсохгүй үргэлжилсээр хавартай золгоход ченжүүд махны үнийг дахиад л өсгөдөг. Ийм үед нөөцийн махыг худалдан борлуулахаар үнэ тогтворжуулахад үр дүн үзүүлэхгүй байна. Нөгөө талдаа нөөцийн махыг арай чанартай бэлтгэхэд анхаарах ёстой.

Экспортонд сайн махаа гаргаад нөөцийн маханд чанар муутайгаа нийлүүлдэг гэдэг олны үг оргүй биш болов уу.

Төрөөс бага хүүтэй зээл олгож, нөөцийн мах нийлүүлдэг гэж сонссон. Хэр баргийн хүнд бага хүүтэй зээл олддоггүй. Дээр нь малчид өнгөрсөн өвөл малаа сайн нядалсан. Ийм үед уг нь нөөцийн мах чанартай сайн бэлтгэгдэж болох л байсан” гэлээ.

Бид цааш Баянзүрх дүүргийн Монелийн 28-ийн 512 тоотод байрлах “Цээл” хүнсний дэлгүүрийг зорьсон юм.  Энд нөөцийн мах хөлдөөгчөөр дүүрэн аж. Гэвч тус дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэд нөөцийн мах сонирхож үзэх ч худалдан авах нь цөөн аж.

“Цээл” хүнсний дэлгүүрийн худалдагч “Одоогоор нөөцийн махны борлуулалт сайнгүй байна. Чанар гайгүй ч савлагаа нь  асуудалтай байна. Уут нь цоорчихсон ирсэн. Уг нь нөөцийн мах вакумжуулсан ууттай ирэх ёстой. Хүмүүс нөөцийн махны үнэ, чанарыг асууж байгаа ч авч байгаа хүн цөөхөн байна” гэсэн юм.

Энэ жилийн хувьд “Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тонн, “Стандарт мах” ХХК 1000 тонн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК тус бүр 1250 тонн, “И Эн Пи”, “Чойбалсан групп”,  “Булган мах маркет” ХХК-ууд нийт 6.337 тонн мах нөөцөлж бэлтгэжээ. Үүнээс үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн байгаа юм.

Э.ДАРИЙМАА

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж