Олон улсын анхааруулгыг үл харгалзан Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод нэвтэрнэ гэж ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэв. "Биднийг Рафах руу нэвтрэхээс сэргийлж, олон улс дарамт шахалт үзүүлж байна. Бид үүнээс татгалзсаар ирсэн. Цаашид ч үүнийгээ хийх болно. Бид Рафахт нэвтэрнэ. Бид Хамасын батальонуудыг устгаж дуусгах болно. Бид аюулгүй байдлыг сэргээж, Израиль болон Израилийн ард түмэнд бүрэн ялалт авчрах болно" гэж тэр цэргүүддээ хандан хэлжээ.
Египеттэй хиллэдэг Рафах хотод ойролцоогоор 1.5 сая палестин хүн толгой хоргодож байна. Тиймээс Израиль тэнд бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа явуулбал олон энгийн иргэн хохирно гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагааг олон орон шүүмжилж буй. Израилийн хувьд террорист байгууллага дахин сэргэх вий гэсэн айдас байгаа учир Рафахт ажиллагаа явуулахгүйгээр Хамасыг ялах боломжгүй гэж үзэж байна. Тэд Рафахт цэргийн ажиллагаа эхлүүлэхийнхээ өмнө иргэдийг нь аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL
Холбоотой мэдээ